"Балет хөдөлмөрлөх шаардлагатай залуу насны урлаг”

Хуучирсан мэдээ: 2018.10.08-нд нийтлэгдсэн

"Балет хөдөлмөрлөх шаардлагатай залуу насны урлаг”

Япон Улсын Токио хотноо энэ сарын 27, 28-нд “Цөмөөхэй” тоглолттой

"Балет хөдөлмөрлөх шаардлагатай залуу насны урлаг”

“Балетын хөгжил сан”-гийн тэргүүн, гавьяат жүжигчин Д.Алтанхуягтай мессенжерээр холбогдон сүүлийн үед хийж байгаа ажлынх нь талаар ярилцлаа. 


-Одоогоор та ямар бүтээл дээр ажиллаж байна. Уран бүтээлийн сонин сайхнаасаа дуулгахгүй юу?

-Япон улсын Токио хотноо энэ сарын 27, 28-нд “Цөмөөхэй” балетыг Олон улсын балетын академитай хамтран зохион байгуулна. Тоглолтод  Монголын талаас Дуурь, бүжгийн эрдмийн театрын балетчин, Японд амьдарч байгаа балетчидын төлөөлөл зэрэг 10 гаруй хүн оролцож, найруулагчаар миний бие ажиллана. Бүжигчдээс нэрлэвэл, соёлын тэргүүний ажилтан Б.Саруул, гавьяат жүжигчин О.Анужин нар юм. Тоглолтод хэрэглэгдэх тайз, хувцас зэргийг Японд хүргэсэн. Тоглолт Монгол Улс Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн үргэлжлэл болж байгаагаараа онцлог юм.

-Та ихэвчлэн гадаадад байх болсон. Эх орондоо ирэхээрээ ямар ажил амжуулж байна вэ? 

-Монгол Улсын балет нь 70-аад жилийн түүхтэй. Энэ хугацаанд маш зоригтой, маш амжилттай зохион байгуулсан ажил маань Монгол Улсын консерватори, СУИС, Дуур бүжгийн эрдмийн театр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Монголын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй хүмүүсийн зүтгэлээр Монголд анх удаагаа олон улсын балетын тэмцээн зохион байгуулсан.  Тэмцээний шүүгчээр 12 хүн уригдсан. Энэ арга хэмжээнд оролцсон.

Саяхан Монголд “Монгол Улсын соёлын элч нарын анхдугаар чуулган” болсон. Монголын соёлыг сурталчлах 39 соёлын элч байдгийн нэг нь Монгол хүн.  Энэ чуулганд оролцсон. “Цөмөөхэй” тоглолтынхоо бэлтгэлийг хийх шаардлагатай байсан тул яаралтай буцсан.  Мөн “Цөмөөхэй”-д оролцох балетчин хүүхдүүдийн сонгон шалгаруулалтыг Японд зохион байгуулж, 60-аад хүүхдийг тоглолтод оролцуулахаар болсон. Тоглолтынхоо бэлтгэлийг эрчимтэй хийж байгаа. Сонирхуулахад, “Цөмөөхэй” балетыг тоглох болсноор таван жил болжээ. Энэ хугацаанд 1500 гаруй хүүхдийг Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа гаргасан.

-Жил бүрийн шинэ жилээр “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг ямар нэгэн онцлогтойгоор тавьдаг ч Монголын үзэгчид уг жүжгээр дамжуулан таны бүжиглэхийг харахыг хүсдэг нь нууц биш. Энэ жилийн  “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн онцлог нь юу байх бол?

-Токиод “Цөмөөхэй” бүжгэн жүжигт тоглоод үргэлжлүүлэн арванхоёрдугаар сард Монголд тоглогдох “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн нээлтэд оролцоно. Монгол үзэгчидтэйгээ уг жүжгээр уулзах болсондоо баяртай байна.  “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн эхний жил цас оруулж үзэгчдийг баясгаж байсан бол өнгөрсөн хугацаанд дуурийн тайзнаа цоо шинэ үзэгдэл болох агаарын бөмбөлгийг туршилтаар хөөргөсөн. Энэ жил бүрэн хэмжээгээр нь үзэгчид үзэх боломжтой. Ер нь манай тайз жижигддэг. Гэсэн хэдий ч бид дуурийн алтан тайзнаа өмнө нь болж байсан зүйлийг боломжийн хэрээр харуулахыг хичээж байна. Тухайлбал, “Цөмөөхэй” бүжгэн жүжигт агаарын бөмбөлөг хөөрч, цас орж байгаа, гацуур мод жижиг байснаа аварга том болж байгаа зэргээр ид шидийн орноор аялуулна.

-Сүүлийн үед балетаар насанд хүрэгчид хичээллэх болсон нь ажиглагдсан. Үүнд ямар шалтгаан байна вэ. Харин жинхэнэ балетчин болохыг хүсвэл хэдэн наснаас хичээллэх нь зөв бэ?

-“Монголын балетын хөгжлийн сан” байгуулагдсанаар олон улсын балетын фестиваль зохион байгуулж, дэлхийд балетын урлаг ямар төвшинд байгааг харуулахыг зорих болсон. Энэ ажил тун амжилттай болж маш олон хүн урам зориг авсан. Тухайлбал, “Цөмөөхэй” балет нь бүжгийн урлагаар дамжуулан хүүхдийг хэрхэн хүмүүжүүлж болохыг олон хүнд мэдүүлсэн. Хүүхэд гэлтгүй том хүн балетаар хичээллэх болсон. Энэ нь балет хүн бүхэнд зориулсан урлаг гэдгийг баталж байна.  Нас харгалзахгүйгээр балетаар хичээллэн, өөрийн эрүүл мэнд, гоо сайханд анхаарч, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, өөрт нуугдсан гоо сайхныг гаргаж ирэх болсон. Эндээс дүгнэхэд “Монголын үндэсний балет” сургууль нь сургалтын төвийн хэмжээнд ажиллаж байгаа ч тун удахгүй олон улсын балетын сургуультай болно гэдэгт найдаж байгаа.  Бүр багаасаа балетаар хичээллэх тусам илүү үр дүнд хүрэх болно.

-Монголын балетын урлагийг олон улстай харьцуулахад ямар төвшинд байна гэж харж байна вэ?

-Монголын  балетын урлаг маш өндөр төвшинд байгаа. Манайд чадалтай, авъяаслаг мундаг багш нар бий. Гэхдээ хэчнээн сайн багштай байсан ч өөрсдөө байнга бэлтгэл хийж, хөдөлмөрлөх шаардлагатай.  Манай балетчид маш чадварлаг, олон улсын балетчидтай өрсөлдөх чадвар бүрэн бий.

-Тань шиг дэлхийд үнэлэгдсэн балетчин болохын хүсч байгаа хүүхдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Балетын урлаг, бүжгийн урлаг сонгосон хүүхэд хичээлээс гадна олон талын мэдлэгтэй байх хэрэгтэй. Хэдий хэмжээний мэдлэгтэй байна мэргэжилдээ төдий чинээ амжилтад хүрнэ. Мөн бэлтгэл сургуулилтаа байнга хийж бай. Бэлтгэлээ тасалж хэзээ ч болохгүй. Эдгээр зүйлийг сайн биелүүлбэл өөрийн төсөөлснөөс ч илүү амжилтад хүрнэ.

-Дэлхийн шилдэг найман балетчины нэг хэмээх эрхэм алдраа хэр удаан хадгалж чадах вэ. Урлаг болон спортыг залуу насны “найз” гэдэг шүү дээ?

-Монголынхоо ард түмний хайр, хишгээр монголын залуу гавьяат гэгдэж байсан бол дэлхийн шилдэг найман балетчины нэг болон мундаг бүжигчидтэй хамтран бүжиглэж байсан үе дөнгөж саяхан мэт санагдаж байна. Балет үнэхээр залуу хүний урлаг. Маш их хүч, хөдөлмөр заран байж амжилтад хүрдэг, хүнд урлагийн нэг. Жил бүр шинэ, мундаг бүжигчин төрөн гарч байна. Бүжигчин бүр өөрийн онцлогтой. Энэ онцлогоороо үзэгчдийн анхаарлыг татаж байдаг. Энэ байдлаа хадгалахыг л хичээж байна.

-Магадгүй та 10 жилийн дараа юу хийж бүтээсэн, юу хийхээр зорьж явах бол?

-Арван жилийн дараа хийсэн зүйл, хийх зүйл маань бид гэсэн ойлголтоор яригдаж, хэмжигдэнэ. Монголын балет 10 жилийн дараа ямар байх нь Монголчууд биднээс шалтгаална.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж