Өвлийн сэрүүн улирал эхэлснээс үүдэн халдварт өвчний тархалт нэмэгджээ. Томуу,сүрьеэ, тэмбүү зэрэг өвчнүүд түгээмэл байгаа аж. Тиймээс бид Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн хэвлэл мэдээллийн ажилтан, клиникийн проффесор Ч.Уртнасантай уулзаж сүүлийн үед түгээмэл тархаж байгаа халдварт өвчин болон бусад халдварт өвчний талаар ярилцлага авсан юм.
–Шинэ он гарснаас хойш амьсгалын замын өвчин тэрэн дотроос томуу болон томуутай төстэй өвчнүүд түгээмэл байна. Улсын хэмжээнд амбулаториар эмчлүүлж байгаа хүмүүсийн дотор томуу ханиадтай гэсэн онош 12.2 хувь байна. Энэхүү үзүүлэлт Улаанбаатар хотод 12 хувь, аймгуудад дунджаар 11.7 хувь байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 2-3 хувиар нэмэгдсэн үзуүүлэлт юм. Эмнэлэгт үзүүлсэн хүмүүсийн арваас дээш хувь нь томуутай гэж оношлогдож байгаа аймгууд бол нэлээн хэд байна. Үүнд Дундговь аймаг 21 хувь, Баянхонгор 18 хувь, Дорноговь 18 хувь, Төв аймаг 16 хувь, Өвөрхангай 14 хувь, Ховд 13 хувь, Сүхбаатар 12 хувь, Хэнтий 12 хувь, Увс 11 хувь, Завхан, Дорнод 10,11 хувийн өвчлөлттэй байна. Өнгөрсөн жилийн ерөнхий байдалтай харьцуулахад томуугийн өвчлөл энэ жил харьцангуй бага байгаа боловч хэвтэж эмчлүүлж байгаа хүний тоо өнгөрсөн жилийнхээс нэмэгдэх хандлагатай байна. Эмч нарын өгч байгаа мэдээлллээр ханиад хурээд богино хугацаанд хүндрэн хатгаа болж амьсгалын замын үрэвслийн хүнд хэлбэрт шилжих тохиолдол их байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэнд, спортын яамнаас ард иргэдэд хандаж томуу ханиаднаас сэргийлэх талаар зөвлөгөө өгч, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд юу хийх талаар албан тоот хүргүүлсэн юм.
– Өвлийн улиралд томуу өвчнөөс гадна сүрьеэ өвчний тархалт илүү ихэсдэг. Сүрьеэ өвчний тархалт ба сүрьеэ өвчний тархалтын гол хүчин зүйл нь юу вэ?
-Одоогийн байдлаар халдварт өвчин судлалын төвд нийт 380 орчим хүн хэвтэж эмчлүүлж байна. Энэ дотор сүрьеэ өвчтэй 170 орчим хун хэвтэж эмчлүүлж байна. Сүрьеэгийн тархалт сүүлийн үед хүн амын дунд түгээмэл байгаа. Ялангуяа залуу хүмүүс сүрьеэгээр их өвдөж байна. Сүрьеэ өвчний тархалтын хувьд нийгмийн зарим хүчин зүйлээс шалтгаалж байна. Үүнд хамгийн нэгдүгээрт ядуурал орж байна. Хоол хүнс нь муу, алдсан энергээ нөхөж чадахгүй, амьдарч байгаа өрөө байр нь хүйтэн, харанхуй, агааржуулалт муу,гэр орон болон ажлын байрны бохир байдал, хүмүүс их стрэсстэй байгаа зэрэг нь сүрьеэ өвчин тусахад нөлөөлж байгаа.
Мөн сүүлийн үед бэлгийн замын халдварт өвчин түүний дундаас тэмбүү өвчин их байна. Сүүлийн жилүүдийн судалгаагаар авч үзэхэд бэлгийн замын халдварт өвчин нийт халдварт өвчний 40-50 орчим хувийг эзэлдэг. Эдгээрээс тэмбүүгийн халдвар 20-30 хувийг эзэлж байна. Бэлгийн замын халдварт өвчин нь сүрьеэ шиг амьсгалын замаар, томуу ханиад шиг хажуугаар нь явах төдийд халддаг өвчин биш тул насанд хурсэн хүмүүс өөрсдийгөө хамгаалах бурэн боломжтой.
-Жирэмсэн эхчүүд тэмбүү их тусаж улмаар тэмбүүтэй хүүхдүүд төрөх болсон гэх юм?
-Төрөлтийн үеийн тэмбүү өвчин сүүлийн үед тасрахгүй байгаа. Үүний гол шалтгаан нь залуу охид хүүхнүүд эмнэлгийн шинжилгээнд бүрэн хамрагдахгүй байгаагаас үүдэж байна. Жилдээ жирэмсэлж байгаа эхчүүдийн 80 гаруй хувь нь эмнэлгийн хяналт шинжилгээнд орж байна. Үлдсэн 20 хувь нь хяналт шинжилгээнд орохгүй байгаа бөгөөд тэдний дотор тэмбүүгээр өвдсөн хүмүүс их байна. Жирэмсэн эхчүүд төрөхөөсөө өмнө гурван удаа нарийн шинжилгээ заавал хийлгэх ёстой байдаг. Тэмбүүтэй эхээс төрсөн хүүхдийг эмчлэх боломж байгаа боловч хүүхэд эхийн хэвлий дотроо үхэж болох аюултай. Мөн тэмбүүгийн вирус ургийн зөөлөн яснуудыг хайлуулж улмаар тагнай нь цоорхой, хамаргүй, ямар нэгэн байдлаар тахир дутуу хуухэд төрөх эрсдэлтэй юм. Иймд жирэмсэн байх хугацаандаа эмнэлгийн хяналт шинжилгээнд байнга хамрагдаж, өөрийнхөө болон хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч байх ёстой юм.
-Сүүлийн үед дэлхий нийтээрээ эбола вирусын талаар санаа зовнин байгаа билээ. Манай улсын хувьд эбола вирус илрээгүй ч гэсэн урьдчилсан ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Эбола вирус нь 2013 сүүлээр дэлхий дахинд гарч эхэлсэн ба тархалт 2014 оны найман сараас эхлэн аюултай хэлбэрт шилжсэн билээ. Монгол Улс эбола вирусын талаар онцгой анхаарч, халдварыг хилээр оруулахгуй байх тал дээр хилийн мэргэжлийн хяналтын албатай хамтран ажиллаж байна. Хилийн нэвтрэх цэгүүдийг хянаж, ажилчдад сургалт хийн, хилээр орж гарах хүмүүсийг улам сайн хянан шалгах, хилээр орж байгаа хүмүүс дотор эрүүл мэндийн хувьд эргэлзээтэй, нарийн шинжилгээ шаардлагатай хүмүүсийг тусгаарлах өрөөг бий болгосон. Түүнчлэн эболагийн вирус илрэх тохиолдолд узэж оношлох, эхний ээлжинд тусгаарлах, эрүүл мэндийн мэргэжлийн багуудыг бүрдүүлж бэлэн болгосон. Бүх аймаг хотын эмнэлгүүдэд энэ талаар сургалт хийж, эбола вирусын үед өмсөж орох хувцас , багаж хэрэгслүүдийг орон нутгуудад хуваарилан өгсөн.
Б.СОНИНБИЛЭГ