2014 оны Монгол бөхийн онцлох найман үйл явдал

Хуучирсан мэдээ: 2015.01.14-нд нийтлэгдсэн

2014 оны Монгол бөхийн онцлох найман үйл явдал

2014 оны Монгол үндэсний бөхийн онцлох найман үйл явдлыг www.horom.mn нэрлэж байна.

bats15

 

Удамт бөхийн түрүү Увсын илүүрхэл

Увс нутгийнхан төрийн наадам авсаар, илүүрхсээр байна. 2010 онд Батжаргалын Ганбат булган сүүлээ унжуулж түрүүлсэн цагаас Гунаажавын Эрхэмбаяр л ганц удаа завсар гаргав. Увсынхны наадмын бэлтгэл, ялангуяа сэтгэлзүйн бэлтгэлийн гайхамшигийг дурьдахгүй байхын аргагүй. Сүүлийн жилүүдэд тус галыг Одвогийн Балжинням ахалж, хар хайрцагны бодлогыг атгаж байгаа. Батжаргалын Ганбат олон жилийн дараа улсынхаа их баяр наадамд түрүүлж, Сүхбаатарын Мөнхбат ах арсланг дагаж их ойн од болж, Пүрэвийн Бүрэнтөгс аймгийн арслангаас шууд цойлж ойрын тавин жилд гараагүй амжилтыг харуулж, Намсрайжавын Батсуурь олон хүчтэй өрсөлдөгчдийг суурилаг, мэдрэмжтэй барилдаанаар дийлэн түрүүллээ.

bats17

 

Харзтайн галынхны бие болоод сэтгэлзүйг яв цав бэлддэг нарийн нандин нууцыг бусад аймгууд ч судалж эхлээд байгаа бол уу. Увснуурын илүүрхэл дараа жилүүдэд ч үргэлжилж мэдэх юм.

Их бага наадмын үзүүр бөхийн цойлолтууд

Өнөө жилийн төрийн болоод бага наадам буюу цагаан сараар хоёр бөх санаанд оромгүй цойлсон. Бага наадмаар Ховдын О.Хангай, их наадмаар Завханы Ш.Жаргалсайхан. Тийм ч олон үзэгч энэ хоёр бөхийг тугны өмнө зургаа татуулна гэж тооцоогүй. Оргихын Хангай хэмээх Ховд аймгийн Буянт сумын харьяат залуу нутгаа дуурсгана барилдаанд сайн хүч үзсэн нь 2012 оны хаврын явдал. Тэр зунаа аймгийн заан болж, дараа жил нь арслан болсон. Харин өнгөрөгч цагаан сараар 2011 оны түрүү Шарын Мөнгөнбаатар, улсын начин Т.Баасанхүү (гурван бөхөөс амласан), улсын арслан Д.Азжаргал, 2011, 2012 оны үзүүр улсын арслан Х.Мөнхбаатар, 2012 оны түрүү С.Мөнхбат, 2010 оны түрүү Ч.Санжаадамба нарыг цувуулж шууд тэргүүн байрын төлөө шалгарч хоцорсон. Арслангийн энэ амжилтыг өмнө нь дөрвөн аймгийн цолтон үзүүлж, хоёр нь түрүүлж, хоёр нь үзүүрлэсэн. Үндсэндээ түрүүлж байсан хоёрыг нь О.Хангай хаяад тэргүүн байрын төлөө Д.Рагчаа гарьдад шороодов. Тус барилдааны дараа залуу арслан сэтгүүлчдэд "Д.Рагчаа гарьдад ямар ч хий гарсангүй…" хэмээн яриа өгч байлаа.

bats16

Харин их наадмаар шуугиулдаг Ш.Жаргалсайхан мөн л төстэй. Тавын даваанд 2013 оны төрийн наадмын түрүү Г.Эрхэмбаярыг, зургаагийн даваанд 2011 оны түрүү бөх С.Мөнхбатыг, долоогийн даваанд 2007 оны түрүү бөх Х.Мөнхбаатарыг, наймын даваанд өмнө нь цолоо батлах даваанд хаясан Н.Ганбаатарыг орхиж Завхан нутгаас дараалан төрийн наадмын тэргүүн байр булаацалдав.

Допинг илэрсээр…

Допингийн шинжилгээ авдаг болоод арав илүү жилийн нүүр үзэж байна. Тэр цагаас хойш улсын наадамд шөвгөрсөн 15 бөхөөс илрээд байгаа. 2002 онд нэг, 2003 онд нэг, 2004 онд гурав, 2006 онд хоёр, 2009 онд хоёр, 2011 онд хоёр, 2012 онд хоёр, 2014 онд хоёр бөхөөс хэцүү нэрт гарсан. Дараагийн илэрсэн хүний дуулиан нь өмнөх шуугианаа намжаах байдлаар явж ирэх шиг боллоо. Жил тойрон шуугиад дараагийн хүнээс допинг гарвал тэгсгээд өмнөх хүний яриа намжаад барилдах эрх сэргээд явчихна.

bats10

Дэлхийн жишигт тамирчнаас допинг илэрсэн бол цол зэргийг хураагаад, барилдах эрхийг хасаад түүнийг хэн ч биш болгодог. Харин манайд барилдах эрх хасаад л өнгөрдөг зуршилтай. Бас нэг асуудал нь илэрсэн бөхчүүд голдуу бага шөвөгт үлдсэн буюу тав зургаа давсан бөхчүүд байгаа. Тэгэхээр сэргээш хэрэглэсэн бөхчүүдийг хэрэглээгүй хүн хаяад түрүүлээд, үзүүрлээд, их дунд шөвөгт үлдэх боломж байна уу хэмээн асуух хүмүүс элбэг болоод байгаа юм. Энэ мэтчилэн допинг тойрсон яриа элбэг дээ…

Дархан аваргуудын эрэмбэ

Шинэхэн дархан аваргууд наадмын өмнө мэндэлж бөхөд хайртай түмэн олон маань дуртай л байлаа. Харин их наадмаар эрэмбэний будлиан гарч хэн нь өмнөө байх талаар одоо болтол яриа тасраагүй л байна.

bats14

Энэ талаар улсын аварга Д.Сумъяабазар Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцохдоо "МҮБХ-ны нэг талыг барьсан шийдвэрт би эгдүүцэж байгаа. Энэ хоёр бол өсөх наснаасаа барилдсан нэгэн үеийн хүчитнүүд, зүлэг ногоон дэвжээнд зүүн барууныг магнайлтлаа өгөө аваатай барилдацгаасан. Хоёр найз маань хоёулаа дархан аварга боллоо. Ерөөсөө буруу юм байхгүй. Хамгийн энгийн логикоор бодоход цол гардуулахдаа Ц.Элбэгдорж ерөнхийлөгч эхлээд арван даваатай нэг түрүү, есэн даваатай хоёр түрүүтэй А.Сүхбатад цолны үнэмлэх гардуулсан. Дараа нь есөн даваатай дөрвөн түрүү хүртсэн Г.Өсөхбаярт үнэмлэхийг гардуулж байгаа юм. Он цагийн хувьд ч гэсэн А.Сүхбат 2004 онд болзлоо биелүүлсэн, Г.Өсөхбаяр 2009 онд болзол хангасан. Жижиг аваргыг би найман жилийн дараа зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж барилдахыг хараад баярлаж суусан. МҮБХ наадам үймүүлж А.Сүхбат аваргын эсрэг хар PR цацаж наадмын дараа элдэв явган яриа гарсанд би үнэхээр их харамсч байна. А.Сүхбат харин гурвын давааны ам авахдаа Г.Өсөхбаярыг амлаж миний дараа гарнаа гэдгийг протоколд бичээд үлдээчихэж байгаа юм. Үүнд буруу өгөх арга байхгүй. А.Сүхбат шаралхсандаа биш МҮБХ-ны нөхдүүдэд итгэхгүй байгаа учраас эрэмбээ баталгаажуулж энэ амыг авсан байж таараа…." хэмээн ярьсан билээ.

 

bats06

Харин МҮБХ саяхан гаргасан мэдэгдэлдээ …Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар ижилхэн даян аварга цолтой байхдаа нэг өдөр, нэг цаг хугацаанд дархан аварга цолыг зэрэг авч байгаа учраас өмнөх амжилтыг нь харгалзан эрэмбэлэх нь туйлын ойлгомжтой юм. Өмнө нь хоёр бөх хоёулаа ижилхэн даян аварга цолтой, тэгэхдээ Г.Өсөхбаяр улсын наадамд 3 удаа 8 давсан, 4 удаа долоо давсан,А.Сүхбат улсын наадамд 8 даваагүй, 3 удаа долоо давсан амжилттай байсан учраас Г.Өсөхбаяр А.Сүхбатын өмнө эрэмбэлэгдэх нь хэн ч эргэлзэх зүйл биш билээ… хэмээсэн юм.

Өсөх идэр начин тусламж хүслээ

Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, улсын өсөх идэр начин, өсвөр үеийн улсын хошой аварга Цэрэннадмидын Сумъяабээс зүрх солиулах өндөр төлбөртэй хүнд хагалгаанд яаралтай орох шаардлагатай болов. Бөхөд хайртай түмнээсээ хандив тусламж хүсэж, онлайн ертөнцөөр энэ мэдээ нэлээд хүчтэй түгсэн. Харин дорвитой тусламж үзүүлж, зохион байгуулалттай ажил төдий л хийгдсэнгүй өнгөрөх шиг боллоо.

bats07

Бөхчүүдийн гар тэнийдэггүй, өгөхөө мэддэггүй хэмээн янз бүрээр ярьдаг. Харин начингийн биеийн байдал сайнгүй байхад бөхчүүд маань "Барилдаан зохион байгуулбал татгалзах юмгүй барилдахад бэлэн байна. Бидний тусламж үзүүлж чадах ганц зам энэ байна." хэмээн ярьцгааж байлаа. Зохиолын дуучид хандивын тоглолт хэмээн үе үе зарлан хийж байдаг. Харин хүчит бөхчүүд маань дэвжээн дээрээ гараад нэг өдөр барилдахад нэгэн цагтаа үзэгч түмнээ баясуулж явсан хүчтэндээ ихээхэн тус болох байлаа. Сүүлийн үед авсан мэдээгээр начин маань БНСУ-д нарийн шинжилгээнүүдээ өгөөд эмчилгээгээ хийлгэж байгаа сурагтай.

Хөвсгөл Говь-Алтайн цол хураав

2014 оны зун хийсэн Говь-Алтай аймгийн баяр наадам, даншигтай хамт хийсэн Хөвсгөл аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанаас шинээр цол хүртсэн хүмүүсийн цол 512 бөх барилдуулсан гэдэг үндэслэлээр хүчингүй болов. Улсын их баяртай давхцаж хийсэн Говь-Алтайн наадмаас төрсөн хоёр арслан, гурван харцага, дөрвөн начин бүгд хуучин цолон дээрээ үлдэж байна.

Жалханз хутагт Дамдинбазарын мэндэлсний 140 жилийн ой хангайн бүсийн даншиг наадмын цол мөн дээрх шалтгаанаар хүчингүй болоод байна. Аймгийн хурц арслангаас начин хүртэлх 14 шинэ цолтны зарим нь сүүлийн барилдаануудад хуучин цолоороо хүч үзэж эхэлж байх шиг байна. Аймгийн баяр наадмаас цол хүртсэн хүмүүсийн цолыг хураасан дөрөв тав дахь тохиолдууд нь энэ юм.

Өлгийгөөс аварга төрлөө

Улсын цолтон Баян-Өлгий аймгаас төрөлгүй 34 жилийн нүүр үзэж байна. Однойн Бахыт харцага онгоц амлаад ч цолто төрсөнгүй. Харин сүүлийн үест Өлгийгөөс залуус нь дажгүй сайхан барилдаж байна. Бередемуратын Серик гэх залуу үндэсний бөхөөс өсвөрийн улсын аваргын алт мөнгөн медаль хүртэж нутгийнхандаа найдвар төрүүлээд байгаа.

bats08

Б.Серик залуучуудын улсын аваргаас мөн л алт мөнгөн медальтай. Самбо, жүдо, кураш, сумо гээд аваргалаагүй төрөл ч ховор. Баян-Өлгийн бөхчүүд үндэсний бөхийн төрлөөр түүхэндээ өсвөр, залуучуудын улсын аваргад түрүүлж байгаагүй юм.

Өнгөтэй Мөнхбат өнгөгүй Содном

Энэ намрын хамгийн өнгөтэй сайхан байгаа бөхийг нэрлэ гэвэл Сүхбаатарын Мөнхбат өрсөлдөгчгүй нэрлэгдэх биз. Жилийн жилд ярианы сэдэв байдаг Ч.Санжаадамба бэртэлтэй, Ц.Содномдорж нэг л өнгө муутай хүч үзэж байна. Сүхбаатарын Мөнхбат аварга модон морин жилд тав түрүүлж үеийн хүчитнүүдээ магнайлж байна.

bats09

Ж.Бямбадоньдод хоёрын даваанд унаснаас бусад бүх тохиолдолдоо таваас дээш давж шөвгөрөн гайхуулж байна. Харин жилийн жилд заалны барилдаанд гол хүмүүсийн нэгээр нэрлэгддэг Ц.Содномдорж энэ намрын турш нэг ч барилдаанд түрүү, үзүүр, их шөвөгт зогссонгүй.

Н.ТЭНГЭР

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж