Шүүгч нарт хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.01.14-нд нийтлэгдсэн

Шүүгч нарт хүндэтгэл үзүүллээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Дамдин-Од, Д.Эрдэнчулуун, Б.Сарантуяа, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, ХМОНХХ-ийн дарга Л.Бямбаа нар Улсын дээд шүүхээс гавьяаныхаа амралтад гарч байгаа Д.Тунгалаг, С.Нямжав, А.Доржготов, П.Цэцгээ нарын дөрвөн шүүгчийг өнөөдөр хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын гавъяат хуульч С.Нямжав нь 1975-1977 онд Булган аймгийн Хууль зүйн зөвлөгөө өгөх газарт өмгөөлөгч, 1977-1980 онд Булган аймгийн ардын хэсгийн шүүхэд шүүгч, 1980-1987 онд Булган аймгийн шүүхийн шүүгч, арбитрч, орлогч дарга, 1987-1998 онд Булган аймгийн шүүхийн дарга, Ерөнхий шүүгч, 1998-2012 онд Улсын Дээд шүүхийн шүүгч, 2012.01.06-ны өдрөөс Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр ажилласан бөгөөд шүүгчээр нийт 37 жил ажиллажээ.

А.Доржготов нь 1981-1989 онд Төв аймгийн АДХГЗ-ны хуулийн хэлтсийн дарга, 1989-1990 онд Төв аймгийн АДХГЗ-ны хуулийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий арбитрч, 1990-1993 онд Улсын Дээд шүүхийн гишүүн, 1993.06.28-ны өдрөөс Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд шүүгчээр нийт 24 жил ажилласан байна.

Д.Тунгалаг нь 1980-1982 онд Октябрийн районы шүүхэд нарийн бичгийн дарга, 1982-1992 онд Ажилчны районы шүүхэд шүүгч,1992-1993 онд Сүхбаатарын районы шүүхийн дарга,1993.06.28-ны өдрөөс Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан бөгөөд шүүгчээр нийт 32 жил ажиллажээ.

П.Цэцгээ нь 1975-1978 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын “Улаан туг” нэгдэлд боловсон хүчин, 1983-1984 онд Улаанбаатар хотын Сүхбаатарын районы шүүхэд тогтоол гүйцэтгэгч, 1984-1990 онд Сүхбаатарын районы шүүхэд шүүгч, 1990-1993 онд Улсын Дээд шүүхийн гишүүн, 1993-1994 онд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн шүүн таслах ажил эрхэлсэн туслах, 1994-2002 онд Улсын Дээд шүүхэд шүүгч, 2002-2004 онд Улсын Дээд шүүхийн дэргэдэх Судалгааны төвийн захирал, 2004.11.24-ний өдрөөс Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан бөгөөд шүүгчээр 22 жил ажилласан байна. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “Хоёр нийгэм дамжин ардын шүүгчээс эхлээд  ардчилалын шүүгчээр олон жил ажиллаж, нийгэмд шударга ёсыг тогтоох, хүний эрх эрх чөлөөг хамгаалах, шүүх эрх мэдлийн шинэтгэлийг хэрэгжүүлэх үйлсэд хоёргүй сэтгэлээр  ажиллаж ирсэн Та бүгдийн хөдөлмөр зүтгэлийг Шүүхийн ерөнхий зөвлөл өндрөөр үнэлж байна. Насаараа шүүхийн салбарт ажиллаж, амьд хууль болцгоосон эрхэм хүндэт дөрвөн шүүгчдээ урт удаан насалж, эрүүл энх байж, Монгол Улсынхаа шүүх эрх мэдлийг хөгжүүлэх үйлс хэрэгт үргэлжлүүлэн гар бие оролцож байгаарай гэж хүсэн ерөөе. Би дөрвөн шүүгчдээ нэг санал тавья гэж бодож байгаа. Аливаа улсад шүүхийн академи гэж байдаг. Шинэ Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдсаны дараагаар шүүгчдийг гэгээрүүлж, боловсруулж, мэргэжлийн зөвлөгөө өгч байдаг хамгийн чадварлаг мэргэжилтэн, эрдэмтэд, туршлагатай шүүгчдээс бүрдсэн шүүхийн академи буюу Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн гэдэг байгууллагын үндэс суурийг тавьсан.Одоохондоо хүн хүч муутай, бага залуу голдуу ажилтантай байгаа. Энэ байгууллагын үүд хаалга та бүхэнд маань үргэлж нээлттэй шүү. Энд ажиллаж болно, сургалтад оролцож, судалгаа хийж болно. Шүүгч нарт зориулсан гарын авлага, зөвлөмж бичих, цаашдаа шүүгчийн шийдвэрүүдийг судалж, дүн шинжилгээ хийх гээд олон ажлуудыг бид нар хийхээр болж байгаа. Энэ ажлуудад та бүхнийг оролцуулах юмсан гэсэн хүсэл эрмэлзлэл байгаа” гэлээ. Ингээд гавьяаныхаа амралтад гарч байгаа дөрвөн шүүгчид Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Талархал” болон шударга ёсны тэнгэр Фемида бурхны хөшөө бүхий дурсгалын зүйл гардуулж өгсөн юм.

Ахмад шүүгч нарыг төлөөлж Монгол Улсын гавьяат хуульч С.Нямжав үг хэллээ. Тэрбээр “Бидэнд хүндэтгэл үзүүлсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлага, гишүүдэд талархаж байна. Бид шүүхэд 40-өөд жил ажиллаж байна. Энэ үеэ эргэн дурсахад таатай байна. Бид шүүхэд ажиллах насны хязгаарт хүрч, тэтгэвэр тогтоолгож, чөлөөлөгдөж байгаа явдалдаа эмзэглэхгүй байгаа. Ингээд та бүхэндээ эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн юм. Үүний дараа ахмад шүүгчид халуун яриа өрнүүлж, шүүгчээр ажиллаж байх хугацаанд тохиолдож байсан дурсамжтай, хөгжилтэй зүйлсийн талаар ярилцаж, дурсгалын зураг татууллаа.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж