УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны “Б” танхимд хуралдаж байна. Бүлгээр Монгол Улсын 2015 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж буй аж.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч олонхийн шийдвэрээр “Хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй” гэж үзэн, Засгийн газарт буцаасан. Харин Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг дахин боловсруулж, энэ онд улсын өрийн хэмжээг ДНБ-ийн 60 хувьд хүргэхээр тусгасан нь өмнө өргөн мэдүүлсэн төслөөс 10 хувь бууруулсан үзүүлэлт юм. УИХ дээр унасан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөлд энэ онд өрийн босгыг ДНБ-ийн 70 хувьд хүргэхээр тооцсон байв. Үүнийг УИХ дахь МАН-ын бүлэг эсэргүүцэж, УИХ-аар хуулийн төслийг хэлэлцэхэд дэмжээгүй.
Харин одоо өрийн хэмжээг 60 хувьд хүргэхийг зөвшөөрөх үү, яах вэ гэдгээ МАН бүлгийн хуралдаанаараа хагална гэсэн үг.
Г.ДАРЬ