Монголчууд хуримтлалын соёлд хэрхэн суралцаж байгаа талаараа ээлжит шалгалтаа өглөө. Энэ нь хичээлийн шинэ жилийн нээлт байв. Сургалтын төлбөр олон аян, үүнээс болж найз нөхдөөс эхлээд нэг хамт олон, нэг гэр бүл, ураг төрлийнхөн хүртэл эвдрэлцсэн жишээг тоочоод баршгүй. Анзаарваас “Миний хүүхэд сургуульд орох гээд гэнэт бөөн мөнгөний хэрэг болоод байхад тусалсангүй, хүн чанараа гээлээ” гэсэн гоморхол ноёлох аж.
Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр хуримтлалгүйнх. Үр хүүхэд нь суралцах тодорхой, сургалт нь төлбөртэй байх нь ойлгомжтой учраас эртнээс хуримтлуулах ёстойг байсныг ойлгож байвч хүлээн зөвшөөрөх хүсэлгүй, эсвэл хуримтлуулж чадаагүйдээ бухимдаад байгаа хэрэг.
Одоогоос гурван жилийн өмнө манай улсын 820 мянга орчим айл өрхийн 760 мянга нь хуримтлалгүй гэсэн статистик мэдээг харж байв. Өөрөөр хэлбэл гурван өрх тутмын нэг нь огт хуримтлалгүй. Хуримтлалгүй учраас нь сургуульд элсэхдээ, гэнэт эмчилгээнд явахдаа мөнгөний эрэлд гардаг. Хаанаас эрдэг вэ гэж үү? Банк, ломбард, хамгийн аймшигтай нь мөнгө хүүлэгчдээс зээлдэг. Зээлэх боломж байхгүй бол гуйдаг. Гэтэл хүн махбодод төрсөн нь үнэн бол өвдөх эрсдэлтэй, голдуу гэнэтийн байх тусмаа үнэтэй тусдаг. Сургууль сургалт бол хүлээлттэй гарцаагүй төлбөр төлөх тул эртнээс хуримтлуулахад хамгийн тохиромжтой.
Хэрэв та яг өнөөдрөөс эхлэн сар бүр тогтмол 50 мянган төгрөгийг хуримтлуулж чадвал 10 жилийн дараа айл өрх бүр 13 сая төгрөг, улс орон 3.3 их наяд төгрөгийн хуримтлалтай болох юм. Зарим нэг банк ингэж хуримтлуулсных нь төлөө урамшуулал өгч эхэлж. Мөнгөө хадгалуулж хуримтлал үүсгэж, өөрийгөө, өрхөө хямралаас сэргийлснийх нь шагнал гэх үү дээ.
Ажиглаад байхад томчууд бус хүүхдүүд хуримтлалын талаар зөв ойлголттой болжээ. Хуримтлалын дэвтэр, өрхийн орлогын дэвтэр авчраад аав ээждээ тайлбарлаж байхтай ч таарлаа. Бодвол сургууль дээр нь зарим хичээлийн хөтөлбөрт багтаасан, эсвэл найз нөхдөөсөө суралцсан байж болох юм. Энэ бол шинэ зүйл огт биш. Мөнгөө цуглуулж байгаад зургийн аппарат авна, тэшүүр авдаг байсан, “Мартын 8”-аар ээжийгээ баярлуулдаг, Валентины баяраар найз охин, хөвгүүнд бэлэг дурсгал өгдөг гээд “хуучны арга”, уламжлалт хэрэгцээ л дээ. “Мөнгөө цуглуулж байгаад” гэдгийг нь л хуримтлал гэж нэрлээд байгаа юм. Үүний үзүүрт “мөрөөдөл нь биелдэг” байгаа биз. Мөн гэнэт хэн нэг найзаасаа мөнгө зээлэхээр гуйж түүнээсээ болж муудалцахгүй. Нэг ёсондоо хуримтлал нь эдийн засгийн хямралд өртөхөөс сэргийлээд зогсохгүй мөрөөдөлтэй байлгадаг, найз нөхөдтэй байлгадаг гэхчлэн сайн тал дэндүү олонтой.
Сүүлийн үед хүүхдийн хуримтлал бараг “мода” шахуу болж ирж байгаа нь сайн хэрэг. Хүүхдийн хадгаламжийн дансны үлдэгдэл таны хүүхдийг 18 нас хүрэхэд дараах таван сая гаруй төгрөгт хүрч байна. Энгийн хуримтлалын хувьд гурван мянган төгрөгөөр данс нээлгээд 10 мянган төгрөг үлдээчих. Үүн дээрээ сар бүр 20 мянган төгрөг нэмж хийгээд байхад нэг жилийн дараа хүү, хүүнээс гадна хуримтлалын урамшуулал 22 мянган төгрөг нэмэгдэж нийт 240 мянган төгрөг болно. Урамшуулалд урамшсанаар хуримтлалаа төрөлжүүлж болно. Худалдан авалтынх, оюуны хөрөнгө оруулалтынх, эрүүл мэндийнх гэхчлэн. Гэхдээ орлогоо зөв хуваарилахад, эсвэл хуримтлал үүсгэх аргыг заахдаа дугтуйлаад зориулалтыг нь бичиж хаяглаад байдаг шиг бол хүү байхгүй, урамшуулал ч байхгүй. Иймээс хуримтлал байх ёстой газартаа буюу банкинд байх ёстой болж байгаа биз. Өнөөдөр виза карт, цахим банк хэрэглэж чадахгүй хүн ховор болсон шиг “сэйфинд эсвэл гудасны завсарт” мөнгө хадгалахаа больсон. Энэ талаар ярихдаа “банк гэж зиндаархахгүй өөртөө л итгэж хадгална” гэх нь нийтийн унаагаар, эсвэл автомашинаар суухдаа айгаад байна, мориор юм уу явган явна” гэж байгаатай адил хөгжилд алхаа үл нийлэх, нийлэхгүй байгаагийнхаа улмаас бусдаас хоцрох, хохирох эрсдэлтэйг ухаараагүйнх болов уу.
Энэ мэтчлэн хуримтлалын тухай дэндүү олон кэйс байдаг төдийгүй таны амьдралын өчигдөр, өнөөдөр, маргааш ижил төстэй үйл явдал үргэлж болдог. Харин энэ удаад хичээлийн шинэ жилийн өмнөх “богино хугацааны хямрал” нь таныг хуримтлалтай эсэхийг шалгаад зогсохгүй хуримтлал үүсгэхийг бодитоор шаардсан нэгэн сорилт байлаа. Иргэн бүр хуримтлалтай болж өөрийгөө, өрх гэрээ эдийн засгийн хямралаас хамгаалаарай. Монгол Улсад “хуримтлалын өдөр”-ийг тэмдэглээд зургаан жилийн нүүр үзэж байна. Өнөө жилийн “хуримтлалын өдөр” эхлэхэд сар гаруйн хугацаа үлдлээ. Монголын бүх банк, санхүүгийн байгууллагууд иргэд, харилцагчдадаа үүдээ нээж, хуримтлалын төрөл зүйлсийг санал болгоно. Та сонголтоо хийхэд бэлэн үү. Хэрэв бэлэн бус бол хүүхдээсээ асуухад гэмгүй. Үндэсний хуримтлалын хөтөлбөрийн хүрээнд хуримтлалын талаар хамгийн сайн ойлгосон, хэрэгжүүлж эхэлсэн нь таны бяцхан үр юм шүү дээ. Тэдэнд болж өгвөл төрсөн цагаас нь эхлээд хуримтлал бэлэглэ. Хожмын өдөр толгой дээгүүр, харц жаргалтай, данс зузаан, мөрөөдөл өндөр яваг ээ!
Холбоотой мэдээ