Намрын дулаахан өдрүүд холдон одож, өвөл ирж буйгаа зарлан тунхагласан аравдугаар сарын эхний долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.
ТОМИЛГОО:
Хуулийн дагуу аравдугаар сарын 1-ний Даваа гаригт нээлтээ хийсэн УИХ-ын намрын чуулганы эхний томилгоо нь Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, орны хүнийг томилох асуудал байлаа.
Хариуцсан яамны газрын дарга нь нэгийнхээ амийг хөнөөсөн хэрэгт хариуцлагаа хүлээж Ж.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгсөн бөгөөд энэ асуудлыг Засгийн газар намрын чуулганаар оруулж ирсэн юм. Ингээд түүнийг Пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар чөлөөлсөн. Ж.Бат-Эрдэнийн оронд нь УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг томилох асуудлыг Баасан гаригийн чуулганы хуралдаанаар хэлэлцээд 90.8 хувийн саналаар түүнийг Зам тээврийн хөгжлийн сайдаар томиллоо. Шинэхэн сайдад хуучин сайдаас нь “Болохгүй хүмүүс буцаад ирсэн шүү” гэж захиж хэлсэн нь чуулганы хуралдаан дээр анхаарал татаж байв.
БАРИВЧИЛГАА:
Монголд АТГ болон хуулийнхан дуулиант баривчилгаа явуулдаггүй өдөр гэж тун цөөхөн болсон. Монголын багш нарын баярын өмнөх өдөр Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг АТГ-аас баривчилжээ. Тэрбээр бусдаас авлига авч байхад нь үйлдэл дээр нь өг байгаа хүнтэй нь хамт баривчилсан, гэхдээ хүүхдээ сургууль цэцэрлэгт авлигаар оруулсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч, түүнийгээ АТГ-т мэдэгдвэл хариуцлага хүлээхгүй гэдэг мессежийг АТГ-аас тараав.
Үндсэндээ энэхүү баривчилгаа Монголын боловсролын салбарын бодлого, хандлага ялгааны үр дагавар, энэ салбарыг бүхэлд нь шинэчлэх цаг болсныг харуулсан бодит жишээ боллоо гэвэл буруудахгүй юм. Эцэг эхчүүд хүүхдээ боловсролтой сайн хүн болгохын төлөө авлига өгөөд ч болтугай сайн сургуульд өгөхийг хүсдэг. Захын сургуулиудын орчин нөхцөл, багш нарынх нь ур чадвар гээд олон асуудал яригддаг нь сургууль, цэцэрлэгийн захирал авлига авах нөхцөлийг бүрдүүлдэг. Төсвөөс санхүүждэг улсын тодотголтой Ерөнхий боловсролын төвийн сургууль ба захын сургуулийн хооронд хандлагын асар их ялгаа байдаг ч нь энэ салбарт авлига цэцэглэх үндэс болдог. Тиймээс үндэс суурийг нь өөрчлөөгүй тохиолдолд дараагийн багш нарын баяраар аль сургуулийн захиралд АТГ-аас сюрприз барихыг таашгүй юм.
АНХААРУУЛГА:
Өвлийн бэлтгэлийг шалгах мэт Монгол орны нийт нутгаар цаг агаар эрс хүйтэрч, цас орлоо. Ялангуяа газар тариалангийн бүс нутгаар цасаар шуурч, зарим талбайгаа цасанд алдсан нь тариаланчдад ургац хураалтын ажлаа яаравчлах анхааруулга болж байна. Үүнтэй зэрэгцээд эрчим хүчний салбарт өвлийг өнөтэй давах бэлтгэл хэр базааж байгааг асуух хүн ч олшров. Учир нь, халуун намраар ДЦС 4-т гэмтэл гарч тэг зогсолт хийсэн нь иргэдийг ийн болгоомжлоход хүргэж буй юм. Хэрэвзээ дүн өвлийн хүйтнээр аль нэг цахилгаан станцад гэмтэл гарвал хохирол нь дэндүү их гэдгийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдэж байгаа байлгүй. Ямар ч байсан цас орж, “өвөл хүйтэн болдог” гэж ангийн охин ч түүнд сануулж байгаа нь лавтай.
Түүнчлэн нийгэмд болон эцэг эхчүүдэд анхааруулга болсон нэгэн аймшигтай хэрэг сошиалаар цацагдсан нь насанд хүрээгүй охидыг хүчирхийлсэн гэх асуудал байлаа. Харгис муухай үйлдлээ ил цагаан бичлэг хийж тараасан гэмт хэрэгтнүүдийг цагдаагийн газраас олж баривчилсан бөгөөд сэжигтэн олон удаагийн ял шийтгэлтэй нэгэн байжээ. Цагдаагийн газраас эцэг эхчүүдийг үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөдөг. Тиймээс энэ эмзэглэм харгис үйл явдал эцэг эхчүүдэд үр хүүхдээ хаагуур юу хийж явааг нь асууж тодруулах, хараа хяналт тавих, тэдэнтэйгээ ярилцах, хэнтэй нөхөрлөж байгааг нь мэддэг байх гээд олон зүйлийн анхааруулга болж байна.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ