Залуучуудын зуны спортын III олимпийн наадам өнөөдөр Аргентиний нийслэл Буэнос-Айрест нээлтээ хийнэ. Уг наадамд дэлхийн 206 орны 4000 гаруй тамирчин спортын 32 төрөлд 241 багц медалийн төлөө өрсөлдөнө. Монгол Улсаас 11 тамирчин, есөн дасгалжуулагч, албаны хүмүүсийн хамт оролцож байна.
Манай тамирчид чөлөөт бөх, буудлага, хүндийн өргөлт, жүдо, таэквондо, 3х3 сагсан бөмбөг төрлөөр “Буэнос-Айрес 2018”-д өрсөлдөнө. Мөн шүүгчдээс Л.Одгэрэл (хүндийг өргөлт), Э.Саруул (байт харваа) нар ажиллаж байгаагаас гадна залуу сэтгүүлч А.Амаржаргал олон улсын туршлага судалж байна. Залуучуудын зуны спортын III олимпийн наадмын нээлт өнөө шөнө болж, маргаашаас эхлэн хуваарьт тэмцээнүүд явагдана.
Дашрамд дурдахад, "Сингапур-2010" залуучуудын анхдугаар олимпод оролцсон Монголын баг тамирчдаас чөлөөт бөхийн 60 кг-ийн жинд Б.Батцэцэг, спортын гимнастикийн Г.Эрдэнэболд нар анхны хос алтан медалийг авч байсан бол "Наньжин-2014" наадамд чөлөөт бөхийн 48 кг-ийн жинд барилдсан Б.Дөлгөөн мөнгөн медалиар медалийн буухиаг үргэлжлүүлсэн юм.
Ч.БОЛОР
Холбоотой мэдээ