Мэргэжлийн талбайн теннисний эрэгтэйчүүдийн АТР-н оны төгсгөлд зохион байгуулагддаг шилдэг чансааны шилдэг найман теннисчин өрсөлддөг АТР Финалс тэмцээн ирэх сарын 12-нд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын нийслэл Лондон хотноо зохион байгуулагдана. Оны шилдэг эрэгтэй ганцаарчилсан болон хосын төрлийн чансааны шилдэг найман теннисчдийн өрсөлдөөн 1970 оноос эхэлсэн байдаг. Оны шилдгийн өрсөлдөөнд алдарт Р.Федерер хамгийн олон буюу зургаан удаа түрүүлсэн байдаг бол Н.Жокович таван түрүүтэй удаалж байна. Харин И.Лендль, П.Сампарс нар таван удаа түрүүлсэн байдаг ч өдгөө зодог тайлсан тамирчид юм.
Энэ оны АТР Финалс тэмцээн хүртэл Мастерс зэрэглэлийн Шанхайн Мастерс, Парисын Мастерс, 500 зэрэглэлийн Чайна Опен, Японы опен, Венийн нээлттэй тэмцээн, Швейцарын тэмцээн, чансаа багатай 250 зэрэглэлийн Кремлин цом, Стокгольмын нээлттэй тэмцээн болон Европын нээлттэй тэмцээнүүд үлдээд байна. Эдгээр тэмцээнүүд өндөрлөсний дараа АТР Финалс тэмцээнд өрсөлдөх шилдэг найман теннисчин тодрох учиртай.
Өнөөдрийн байдлаар АТР-н чансааг Р.Надал 7480 оноотой тэргүүлж байгаа бол түүний араас Н.Жокович, Хуан Мартин дель Потро, Р.Федерер, А.Зверев, М.Чилич, К.Андерсон болон Д.Тим нар эхний наймд чансааны оноогоор бичигдэж байна. Доороос шилдэг 8-д багтах хамгийн өндөр боломжтой теннисчин бол нутгийнхаа тэмцээний хагас шигшээд шалгараад буй К.Нишикори байгаа. Хэрвээ нутагтаа түрүүлж чадвал чансаа дээрээ 500 оноо нэмэх боломжтой. Гэхдээ К.Нишикоригийн бодит боломж маш бага. Энэ жил Н.Жокович эргэн ирсэн бол Э.Мюррей мөн л багтах боломжгүй болоод байна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ