Жирэмсэн, согтуу эмэгтэйчүүдээр "дүүрсэн" эрүүлжүүлэх

Хуучирсан мэдээ: 2018.10.06-нд нийтлэгдсэн

Жирэмсэн, согтуу эмэгтэйчүүдээр "дүүрсэн" эрүүлжүүлэх

Жирэмсэн, согтуу эмэгтэйчүүдээр "дүүрсэн" эрүүлжүүлэх

Манай улсад “эмэгтэй хүн архи уудаггүй” гэх ойлголт хүмүүсийн дунд байсан үе бий. Тэр бүү хэл архи гэдэг зүйлийг хүмүүс баяр ёслолын үеэр л хэрэглэдэг байлаа. Харин өнөө цагт архи гэх хар усыг эр, эм гэлтгүй хэрэглэж, хавтгайрах болжээ. Тэр дундаа эмэгтэйчүүд. Нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах “Эмэгтэйчүүдийн албадан эрүүлжүүлэх” байр луу үдийн 12:00 цагийн орчимд очлоо. Өнгөрсөн шөнө энэ байранд 11 эмэгтэй хоножээ. Биднийг очиход зургаан эмэгтэй саатуулагдаж байсан юм. Тэдний ар гэрээс батлан даах хүн ирээгүй тул хонож ажилласан албан хаагчид ээлжээсээ буулгүй манаж суух. Энэ байранд 11 хүн хонох нь жирийн үзэгдэл гэнэ. Өмнө нь баасан гаригт ачаалал нэмэгддэг байсан бол одоо өдөр, шөнө хамааралгүй согтуу эмэгтэйчүүд ирдэг болжээ.

ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД 26 ДАХЬ УДААГАА ИРЖ БУЙ ЭМЭГТЭЙ Ч БАЙНА

Саатуулагдаж буй эмэгтэйчүүд дунд 26 дахь удаагаа энэ эрүүлжүүлэхийн хаалгыг татсан, бараг л байнгын үйлчлүүлэгч нь болсон иргэн А биднийг очиход байв. Тэрбээр, архи нь гарсан байдалтай байхад нь  цөөн хором ярилцав. Архи уусан үедээ агсам тавилаа гэж ээж нь дуудлага өгч энд хоногложээ. Тэрбээр,  “Би 46 настай. Дөрвөн хүүхэдтэй алдарт эх. Нөхрөөсөө салаад жил гаран болж байна. Хүүхдүүд маань аавыгаа дагаад явсан. Одоо би ээжтэйгээ хамт хоёулаа амьдардаг. Анх манай ээж архинаас гаргана гэж дуудлага өгсөн. Түүнээс хойш нөхөр маань их, бага нь хамаагүй архи уусан л бол дуудлага өгсөөр байгаад намайг энд бүр таниулчихсан. Яах вэ, хааяа нэг гудамжны хэдтэйгээ архи уудаг. Ажил хийе гээд бүртгүүлэхэд нас гологдоод авахгүй. Хүн зав нь их болохоороо л архи уудаг юм дөө. Би баривчилгаагаар “Мааньт”-ын архинаас гаргах эмчилгээнд явж л байсан. Гэхдээ хүн ийм газар байн байн ирээд, баривчлагдаад байхаар ямар ч амьдрах сонирхолгүй болчихдог юм шиг санагддаг. Ажил хийж, сайн сайхан амьдрах бодол байдаг ч гэр бүлийн асуудлаас болоод чаддаггүй. Монгол эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээ хайрладаггүй. Хамт архи уудаг хүмүүс дандаа л нөхөртөө зодуулсан, доромжлуулсан, гэрээсээ хөөгдсөн гэж гарч ирдэг. Намайг манай нөхөр зодож, хөөдөг байсан ч нялх хүүхдүүдээ бодоод тэсдэг байсан. Одоо хүүхэд том болсон чинь архины хамааралд орлоо гээд хүүхдүүдээ аваад явчихсан. Энд байнга ирээд байхаар надад угаасаа нэр хүнд ч байхгүй юм чинь гудамжаар тэнээд явж байя. Энд ирэхгүй гэж бодсон удаа ч байна. Одоо архи уудаг эмэгтэйчүүд залуужсан. Дөнгөж 20 настай охин нөхөртөө хөөгдлөө гээд орц, булангаар архи уугаад явж л байна” гэв.

16-21 НАСНЫ ОХИД ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД ХОНОХ НЬ ИХЭСЧЭЭ

Албадан эрүүлжүүлэх байранд ирэх эмэгтэйчүүдийн нас эрс залуужжээ. Энд 16 настай охиноос 73 настай эмэгтэй хүртэл ирдэг. Өсвөр насны охид, тэр дундаа архи согтууруулах ундаа хэрэглэх насанд хүрээгүй 16-21 насны охид энд ирэх нь энгийн үзэгдэл болсон гэдгийг албаны хүн хэлэв. Тэд баар, цэнгээний газарт архи, согтууруулах ундаа хэрэглэн, биеэ авч явах чадваргүй болох эсвэл зодоон хийж танхайрсны улмаас эрүүлжүүлэхэд ирдэг байна. Уг нь манай улсад 21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундаа худалдаалахгүй байх хуультай. Гэвч энэ хууль тийм ч төгс төгөлдөр хэрэгждэггүй бололтой. Тиймээс эцэг эхчүүд өсвөр насны охидоо хаана, юу хийж байгааг сайтар анхаарах цаг иржээ.

 

2018 ОНД 2884 ЭМЭГТЭЙ ЭРҮҮЛЖҮҮЛЭГДСЭН

Энэ оны эхний есөн сарын байдлаар 2884 эмэгтэй эрүүлжүүлэгджээ. 2017 онд энэ тоо 2156 байсан бөгөөд 25.2 хувиар өссөн байгаа юм. Энэ нь архи уусан эмэгтэйчүүдийн тоо биш. Ердөө архи согтууруулах ундаа хэрэглэсний улмаас гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, биеэ авч явах чадваргүй болсны улмаас гудамж талбайд ухаангүй болсон эмэгтэйчүүдийн тоо. Цагдаагийн байгууллагад ирэх дуудлагын дийлэнхийг согтуу үедээ үр хүүхдээ зодсон, агсам тавьж, орилж хашгирах, бусдын амар тайван байдлыг алдагдуулсан гэх шалтгаан эзэлдэг байна. Архинд ямар ч сайн үр дагавар байхгүй, үргэлж сөрөг үр дагавар авчирна. Согтууруулах ундаа хэрэглэсэн эмэгтэй хүн өөрөө гэмт хэргийн холбогдогч, хохирогч болдог гэдгийг ч хуулийн байгууллагынхан сануулж байлаа.

ЖИРЭМСЭН ЭХЧҮҮД СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭЖ БАЙНА

Эмэгтэйчүүдийн албадан эрүүлжүүлэх байрны үйл ажиллагааны журмаар жирэмсэн болон хөхүүл эмэгтэй хүлээж авдаггүй. Гэхдээ жирэмсэн (2-5 сартай)  хэдий ч архи согтууруулах ундаа хэрэглэсэн эмэгтэйг цагдаад өгөх дуудлага маш их ирдэг гэнэ. Жирэмсэн эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэвэл ургийн хөгжлийн явц гаждаг Тэр дундаа үр тогтсоноос хойш 57 хоногийн үр хөврөлийн эрхтэн хөгждөг бөгөөд энэ үед архи уувал төрөлхийн согогтой хүүхэд гардаг нь судалгаагаар батлагдсан зүйл гэж НЭМГ-аас мэдээлсэн. Гэтэл биедээ амь тээж яваа ээжүүд согтууруулах ундаа хэрэглэсээр.. 1990-2004 онд манай улсад 341 төрөлхийн гажигтай хүүхэд төрсөн гэх судалгаа бий. Харин одоо энэ тоо хэд дахин өссөн. Жирэмсэн эмэгтэйчүүд нь архи ууж байгаа цагт энэ тоо хэзээ ч буурахгүй.

Манай улсын эмэгтэйчүүдийн архины хэрэглээ энэ зэрэгт байхад бид архинд живсэн гэж хэдэхэд хилсдэхгүй. Хамгийн энгийн жишээ нь дэлхийн улс орнуудад нэг хүнд ногдох архины хэмжээ таван литр байхад, манайд 10 литрээс илүү байна. Өнгөрсөн онд хийсэн судалгаагаар монголчуудын дундах өвчин 40 дахин нэмэгдсэн гэж гарчээ. Байдал ийм байхад нийслэл хотод шөнийн 04.00 цаг хүртэл архи согтууруулах ундаагаар үйлчлэх газар булан, нүх сүв бүрт байсаар байна. Үүнийгээ дагаад нийслэлд байгаа эрүүлжүүлэх байрнаас хөлчүү хүний хөл хэсэгхэн ч тасрахгүй үргэлжилсээр ..

М.БААСАНДЭЛГЭР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ХарамсалтайХарамсалтай
22
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж