Украины Донецк мужийн баруун өмнөд хэсгийн Волноваха хотод өчигдөр /I.13/ зорчигч тээврийн автобусыг алсын тусгалын “Град” пуужин оножээ. Үүний улмаас 11 энгийн иргэн амь үрэгдэж, 22 хүн бэртэж гэмтсэн байна. Киевийн Засгийн газар энэ хэрэгт зүүн хязгаарын Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдыг буруутгажээ. Харин өөрийгөө тунхагласан Донецкийн ардын улсын Дотоод хэргийг хариуцсан дарга Вячеслав Аброськин Украины армийн хяналтын цэгээс гал нээсэн пуужин автобусыг оносон байх хэмээн мэдэгджээ. Түүнчлэн Донецкийн салан тусгаарлах хөдөлгөний лидер Андрей Пургин “Манай байршил Волноваха хотоос маш хол байхад эндээс харвасан пуужин тэр автобусыг оносон гэхэд их эргэлзээтэй. Волноваха хоттой хамгийн ойр гэх манай автозамын хяналтын цэг гэхэд нэлээд хол зайтай болохыг газрын зургаас харж болно” хэмээн мэдэгдсэн байна. Ийнхүү Украины Засгийн газар болон зүүн хязгаарын зэвсэгт босогчид энгийн иргэдийг хөнөөсөн пуужингийн хариуцлагыг бие бие рүүгээ чихэж байна.
Киевийн Засгийн газар болон Украины зүүн хязгаарын зэвсэгт салан тусгаарлагчдын зөрчил мөргөлдөөний улмаас өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Донецк, Луганск мужид 4700 хүн амь үрэгджээ. Оросыг дэмжигч салан тусгаарлагчид Украины зүүн хэсгийн Донецк, Луганск мужид ардын улсыг тунхаглаад буй юм. Украиныг Европын холбоонд нэгтгэх асуудлаас болж, Киевийн сөрөг хүчин ард олны дэмжлэгтэйгээр өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхийлөгч Виктор Януковичийг суудлаас нь буулгасан билээ. Гэвч тэд Оросын талыг баримтлагч Крымын хойг, Украины зүүн хязгаарын иргэдийн дэмжлэгийг авч чадаагүй юм. Крымын хойг өнгөрсөн гуравдугаар сард Украинаас салж, ОХУ-д нэгдсэний дараа зүүн хязгаарт бослого үймээн дэгдсэн билээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Agence France-Presse