Малайзын агаарын тээврийн МН370 нислэг сураггүй болсноос хойш жил болоход хоёр хүрэхгүй сарын хугацаа үлдээд байна. Өнгөрсөн хугацаанд олон улсын эрлийн баг гарч, Энэтхэгийн өмнөд хэсэгт Австралийн баруун эргийн ойролцоо 14 мянган кв/км хэсэгт хайгуул хийсэн боловч 239 хүнтэй онгоцны сургийг гаргаж чадаагүй юм. Эрэл хэсэг хугацаанд завсарласны эцэст Энэтхэгийн далайд дахин эхлээд байгаа аж. Эрэлд усан дор ажиллах автомат төхөөрөмж бүхий дөрвөн хайгуулын хөлөг оролцжо байгаа юм. Нидерландын “Fugro” фирмийн дөрөв дэх хөлөг онгоц сураггүй болсон МН370 нислэгийн эрэлд нэгджээ. “Fugro Supporter” хайгуулын хөлөг нь “Kongsberg HUGIN 4500” гэх автомат хайгуулын төхөөрөмжтэй аж. Боинг 777 онгоц өнгөрөгч оны гуравдугаар сарын 8-нд Бээжинг чиглэн Куала Лумпураас хөөрснийхөө дараа холбоо тасарч сураггүй болсон билээ. Малайзын Засгийн газар сураггүй болсон онгоцыг Энэтхэгийн далайд осолдсоноос гарцаагүй гэж үзсэнээр олон улсын эрэл, хайгуул эхэлсэн юм.
Үүний зэрэгцээ өнгөрсөн долдугаар сарын 17-нд Малайзын өөр нэг нислэг Украины зүүн хязгаарт сүйрсэн юм. Малайзын агаарын тээврийн МН17 нислэг Украины зөрчил мөргөлдөөний бүсийн дээгүүр нисч явахдаа пуужинд оногдон сүйрсэн билээ. Ийнхүү Боинг 777 онгоцонд зорчиж явсан 298 хүн бүгд амь үрэгджээ.
Мөн Малайзад төвтэй олон улсын агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч “AirAsia” компанийн “QZ8501” нислэг шинэ оны өмнөхөн арванхоёрдугаар сарын 28-нд Ява тэнгист унаж сүйрсэн билээ. Олон улсын эрлийн баг 162 хүнтэй “Airbus A320-200” онгоцны сүүл, хар хайрцгуудыг тэнгисийн гүнээс олж гаргаад буй. Сурабая хотоос Сингапур хүрэхээр хөөрсөн онгоц Ява тэнгист сүйрэхээс өмнө нислэгийн удирдлагын төвд өндрөө нэмэх хүсэлт тавьсан байсныг Индонезийн албаныхан мэдээлсэн юм.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters