News агентлаг долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.
У.ХҮРЭЛСҮХ: МАНАЙ ЗАСАГ ГУРВАН ЗҮЙЛИЙГ АНХААРЧ АЖИЛЛАНА
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх анх удаа АНУ-д албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Мянганы сорилтын сангаас олгох 350 сая ам.долларын гэрээг үзэглэж, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганд Монголыг төлөөлж үг хэлсэн билээ. Ингээд айлчлалынх нь үр дүнгийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ярилцсанаа хүргэе.
/2018.09.28 Нью-Йорк хот/
-АНУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд та төрийнх нь бүх томчуудтай уулзалт хийсэн. Уулзалтын үр дүн, айлчлалын ач холбогдлын талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Хорь гаруй жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд Вашингтоны урилгаар АНУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлал маань маш сайхан, амжилттай, үр дүнтэй ач холбогдолтой боллоо гэж Ерөнхий сайдын хувьд дүгнэж байна. Монгол-Америкийн хооронд 1987 онд дипломат харилцаа тогтсон байдаг. Түүнээс хойш 31 жил өнгөрчээ. Энэ 31 жилийн хугацаанд Монгол-Америкийн харилцаа улс төр, эдийн засаг, боловсрол, батлан хамгаалах, хүмүүнлэг, соёлын гээд бүх л салбарт өргөжин тэлж байна. Монгол-Америкийн цэргүүд өмнө нь Иракт энхийг сахиулж байсан бол өнөөдөр Афганистанд, хамгийн халуун цэг дээр мөр зэрэгцэн, дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө алба хааж байна. Энэ бол Монгол-Америкийн харилцаанд том өөрчлөлт гарсны, ойр дотно байгаагийн бас нэг илэрхийлэл юм.
Айлчлалаар Монгол Улсын Ерөнхий сайд миний бие АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнстэй уулзаж, хоёр орны харилцааг нэг шат ахиуллаа. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпейтай уулзаж, Мянганы сорилтын сангаас олгох 350 сая ам.долларын гэрээнд албан ёсоор гарын үсэг зурлаа. АНУ-ын ҮАБЗ-ийн дарга Ж.Болтон болон дэлхийн болон ОУВС-гийн удирдлагуудтай уулзлаа. Мөн Нью-Иоркт байх хугацаандаа АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп бараалхаж, хоёр орны харилцаа, соёлын асуудлаар ярилцлаа.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
"МАН УЛС ТӨРИЙН ХОНЖОО ХАЙЖ, ЦЭЦИЙГ АШИГЛАСАН"
Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ын дарга, эдийн засагч Б.Найдалаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
–УИХ-ын 42-р тойрогт нөхөн сонгууль зохион байгуулах УИХ-ын тогтоолыг цэц шийдвэр гаргасан. Харамсалтай нь энэ шийдвэрээс болоод Хэнтий аймгийн зарим иргэд УИХ-д төлөөлөлгүй байна. Танай намын хувьд нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн намын нэг. Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэхээс үл шалтгаалан 42-р тойргийн нөхөн сонгууль тодорхойгүй хугацаагаар хойшиллоо?
-Олон нам нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн байсан. Хэнтий аймагт болох байсан нөхөн сонгууль болон Цэцийн шийдвэр зэрэг асуудал нь өөрөө өнөөдрийн Монгол Улсад нийгмийн байдал яаж завхарсны нэг жишээ болж харагдаж байна. Хуулиар бол нөхөн сонгууль зарлах, Хэнтийн сонгогчид УИХ-д төлөөлөлтэй байх ёстой. Гэтэл улс төрийн өчүүхэн сонирхлоор, улс төрийн эрх мэдлийн нөлөөтэйгөөр Үндсэн хуулийн цэцийг ашиглаж, сонгууль хийж чадахгүй болтлоо Монгол Улс дампуурсан байна. Хуулийнхаа дагуу Монголын төр нөхөн сонгуулийг хийж, 12 мянган сонгогч төлөөллөө сонгоод, тасралтгүй явж байх ёстой. Гэтэл сонгож ч чадахгүй, сонгох боломж олгодоггүй байдал орсон байна. Энэ бол Үндсэн хуулийн асуудал гэхээс илүү Үндсэн хуулийг ашигласан улс төрийн тоглоом гэж бодож байна. Энэ байж болшгүй зүйл.
-Хэнтий аймгийн 12 мянган сонгогчид магадгүй 2020 оны сонгууль хүртэл УИХ-д төлөөлөлгүй явах вий гэсэн болгоомжлол байна?
-Энэ процессыг хоёр хүрээнд хармаар байгаа юм. Нэгд, 12 мянган сонгогч эрхээ хангаж чадахгүй, УИХ-д төлөөлөлгүй болчихлоо. Энэ байж болшгүй зүйл. Зарим нэг хүн, бүлэглэлийн төлөвлөснөөр сонгууль бололгүй, 12 мянган сонгогч төлөөлөлгүй болоод хохирч байна. Гэхдээ энэ 12 мянган сонгогч бол зөвхөн нэг илрэл нь. Яг энэ жишгээр ямар ч ноцтой асуудал гарч болно. Нэг гишүүнийг сонгож чадахгүй байх, хүсэх юм бол сонгууль зохион байгуулахгүй, хүсэх юм бол аль нэг намын үйл ажиллагааг зогсоож, хэн нэгнийг нэр дэвшүүлэхгүй байх гээд юу хүссэнээ хийж болдог болж байгаа нь, түүндээ Үндсэн хуулийн цэцийг хүртэл ашигладаг болсон нь өөрөө Монгол Улсын хамгийн том аюул. Цаана нь Монгол Улсын 3,2 сая хүний эрх ашиг, ирээдүй хохирч байна. Энэ бол зүгээр нэг тойргийн асуудал биш юмаа.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Д.СУМЪЯАБАЗАР: НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ДАРГЫГ ТОМИЛЖ БИШ, ӨРСӨЛДҮҮЛЖ СОНГОГДДОГ
Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазартай ярилцлаа.
–Нийслэлийн МАН-ын даргаар сонгогдоод удаагүй байна. Ажлаа юунаас эхлэхээр төлөвлөж байна вэ?
-Эрх барьж байгаа нам бол улс орны эдийн засгийн хөгжлийн тодорхойлох, хурдасгах гээд олон зүйлийг хийх ёстой байдаг. Мэдээж хөгжлийн, шинэчлэлийг зайлшгүй намын гишүүдийн шаардлагаар хийх цаг хугацаа ирчихсэн байна.
Би бодлого үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, боловсон хүчний асуудлаа боловсронгуй болгож өөрчлөхгүйгээр МАН урагшаа явахад түвэгтэй байдал үүслээ гэж харж байгаа. Өнгөрсөн сонгуулиар яригдсан 60 тэрбумтай холбоотой, газартай холбоотой авлигын асуудал гээд олон түмэн бүгдээрээ л харж, шүүж, мэдэж байгаа. Эдгээр зүйлүүдийг бид зөв үе шаттайгаар хийж хэрэгжүүлэх, нэг ёсондоо буруутай улсууд нь хариуцлагаа хүлээдэг ийм тогтолцоог нэвтрүүлэх ёстой.
Мөн асуудлыг зөв шүүмжилж чаддаг, шүүмжлэлийг зөв зохистой хэлбэрээр нь хүлээж авдаг, ямар нэгэн байдлаар намын гишүүд нь айдаст автдаггүй байхын төлөө ажиллах хэрэгтэй. Аливаа зүйлийг хийхдээ шинжлэх ухаанч талаас нь тооцоо судалгаа хийчихдэг. Мөн аливаа зүйлийг олон улсын түвшинд харчихдаг, намын эв нэгдлийг олоод харчихдаг байх ёстой. МАН хурдтай, чадвартай байх ёстой.
Үргэлжлэлийг ЭНД уншина уу.
"2019 ОНЫ ТӨСӨВТ ДОРВИТОЙ ӨӨРЧЛӨЛТ ХАРАГДАХГҮЙ БАЙНА"
УИХ-ын намрын чуулган өнөөдөр /2018.10.01/ эхэллээ. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнийн байр суурийг сонслоо.
-Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт гарсан. Ардчилсан намын зүгээс намрын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар ямар байр суурь баримтлах вэ?
-Намрын чуулган өнөөдөр эхэлж байна. Намрын чуулган бол хариуцлагатай чуулган байх ёстой. Яагаад гэвэл эрх баригчдын амласан амлалт хэдэн хувьтай байгаа, бүрэн эрхийн хугацаа талдаа орсон, үндсэндээ ажил хийх ёстой ганцхан жилийн хугацаа байна. Үлдсэн нэг жил бол сонгуулийн жил байдаг бөгөөд ямар нэг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийгддэггүй. Хариуцлагатай жилээ эрх баригчид яаж харж байгаа, сая өргөн барьсан 2019 оны төсвийг харж байхад дорвитой өөрчлөлтүүд харагдахгүй байна. Ялангуяа эдийн засгийн сууриа болгох, олон тулгуурт эдийн засгаа шинэчлэхгүй, нөгөө л уул уурхайн орлого дээр тулгуурласан ганц тулгуурт эдийн засгийн хамаг ачаагаа үүрүүлсэн хэвээр байна. Хөдөө аж ахуй болон бусад эдийн засгийн тулгууруудыг сэргээх тал дээр зарчмын хувьд ахисан зүйл харагдахгүй байна.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
"ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛБОЛ ДАРАНГУЙЛАЛ БИЙ БОЛНО"
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.
–Намрын чуулган нээлтээ хийж, улс төрийн үйл явц идэвхжиж байна. Намрын чуулганаас хүлээх хүлээлт юу байх вэ?
-Намрын чуулганаар хэлэлцэх олон чухал асуудал бий. Ялангуяа 2019 оны төсөв түүнийг дагаж өргөн баригдсан төсвүүдээ хэлэлцэнэ. Мөн сонгуулийн хуулиуд, намын санхүүжилтийн тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль зэрэг олон чухал хуулиуд хэлэлцэгдэхээр төлөвлөгдөөд байна. Энэ намрын чуулган чухал уу гэвэл маш чухал. Яагаад гэвэл Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн шийдвэрлэх он. Тиймээс бид энэ удаагийн төсөвт маш нухацтай хандах ёстой. Өөрөөр хэлбэл, мөрийн хөтөлбөрөөс хоцрогдож байгаа ажлуудаа энэ удаагийн төсвөөр дамжуулж хэрэгжүүлэх ёстой.
-Намрын турш яригдсан нэг асуудал бол Үндсэн хуулийн цэцийн шийдвэр байлаа. Харин МАН-ын бүлэг цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гэсэн шийдвэрт хүрсэн. Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гэхээр цаашид ямар процесс өрнөнө гэсэн үг вэ?
-Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг МАН-ын бүлэг хэлэлцсэн. УИХ хуулийн хүрээнд 42-р тойргийн нөхөн сонгуулийг товлон зарласан. Харин УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзсэн. МАН-ын бүлэг энэ асуудлыг дахин хэлэлцээд, Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж үзсэн.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Ц.НЯМДОРЖ: ЗТХЯ-НД ГАРСАН ХЭРГИЙГ НЭГ БҮРЧЛЭН ШАЛГАХ, ШААРДЛАГА БИЙ
УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын зарим гишүүд Зам тээврийн, хөгжлийн яаманд гарсан хэргийн зарим нотлох баримт бүхий бичлэг алдагдсан, энэ хэрэг золгүй явдал мэтээр ойлгогдож, шийдэгдэх гэж байна гэх зүйлийг хэлсэн. Тиймээс энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос зарим зүйлийг тодрууллаа.
-Зарим гишүүдийн зүгээс Зам тээврийн, хөгжлийн яаманд гарсан хэргийн талаар ноцтой асуудлуудыг чуулганы хуралдааны үеэр хэллээ. Та энэ хэргийн талаар мэдээлэл өгөөч?
-Асуудал ярьж байгаа гишүүдээс асуусан нь дээр. Одоохондоо прокурор хянаад, цагдаа шалгаж дуусах шатруугаа явж байгаа байх. Хохирогчийн ар гэр надад өргөдөл өгч, бас уулзсан. Түүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагад өгч, нэг бүрчлэн шалгах анхаарал татсан асуудал байна гэж хэлсэн. Прокурортой ярьж, хэргээ гүйцэд шалгах сайн хүн, чадвартай хүн гаргаж, шалгаарай. Түүний дараа доод шатанд шалгагдаж байсан хэрэг Мөрдөн байцаах алба руу шилжсэн. Гишүүдийн яриад байгаа зарим асуудлыг шалгах асуудал бий. Би одоо нотлох баримт алга болсон эсэхийг ярих дэмий, шалгалтыг төөрүүлэх асуудалтай.
-Хэргийн зүйл ангийг өөрчилсөн гэх зүйл бас яриад байсан?
-Зүйл ангийн хувьд цагдаа, прокурорын байгууллага мэдэх асуудал. Нэг зүйлийг хэлэхэд, Эрүүгийн хэрэг дээр ширхэг дараалан шийдвэр гаргадаг байгууллага бол прокурор. Бүх эрх мэдэл нь прокурорт бий. Цаашид ийм асуудлыг прокуророос асуух ёстой. Ер нь гэмт хэргийн нууц гэж зүйл бий, нууц алдагдахад хэрэг төөрөх асуудал бий болох тохиолдол бий.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Ө.ГАНЗОРИГ: ХҮЛЭЭЛТЭЭС ҮҮДЭЖ ДОЛЛАРЫН ХАНШ ӨССӨН
Монголын банкны холбооны ерөнхийлөгч Ө.Ганзоригтой зээлийн хүү, ам.долларын ханшийн талаар ярилцлаа.
-Ам.долларын ханш богино хугацаанд хурдацтай өсч байна. Энэ нь бодит өсөлт мөн үү гэдэг дээр санал зөрөлдөх хүн олон бий. Харин та ханшийн өсөлтөд ямар тайлбар хийх вэ?
-Бид макро эдийн засгийн тоог харах хэрэгтэй. Монголбанкны валютын нөөц нэмэгдсэн. Гадаад худалдааны баланс ашигтай гарсан. Төлбөрийн баланс бага зэрэг алдагдалтай гарсан. Үүнтэй холбоотойгоор ханш тодорхой хэмжээгээр өссөн. Гэхдээ ам.доллар 100 орчим төгрөгөөр өссөн бол 50 хувь нь спекуляци юм. Спекуляци гэдэг нь бодит эрэлт, нийлүүлэлтийн зөрүү гэхээс илүү хүмүүс ам.долларыг өөртөө цуглуулах, ханш өсөх юм байна гэж болгоомжлох, ханш өснө гэсэн хүлээлт бий болох зэргээс үндэслээд өөрсдөд нь ам.доллар хэрэггүй боловч төгрөгөө ам.доллар болгож байгаа үзэгдлийг хэлж байгаа юм. Бодитой ам.долларын хэрэгцээ шаардлага байхгүй тохиолдолд ханшийн хүлээлттэй холбоотойгоор ам.доллар авч байгаа үзэгдлийг спекуляци гэж нэрлэдэг. Миний харж байгаагаар ханш 100 орчим төгрөгөөр өсөхөд тал хувь нь спекуляци нөлөөлсөн. Тиймээс эдийн засгийн зөв хүлээлтийг иргэдэд өгөх ёстой.
Ер нь бол аливаа юмны үнэ ханш хүлээлт дээр үндэслэдэг. Алт, автомашин, ам.долларын ханш хүлээлт дээр үндэслэдэг эрин зуунд бид амьдарч байна. Энэ хүлээлтийг зөв удирдах ёстой. Тэгэхгүй бол 2016 онд ам.доллар 1900-2700 хүртэл огцом өссөн. 2016 оны арванхоёрдугаар сард ам.доллар 2800 руу дөхөж байсан. Энэ өсөлтийг судалж үзэхэд нэлээд том хэсэг нь спекуляци чанартай байсан. Банкинд байгаа хадгаламжийн 46 хүртэл хувь нь ам.доллар болж хувирсан байсан. Тэгэхээр төгрөгт итгэх хүмүүсийн итгэл суларч, ам.долларыг илүүд үзэж байна. Төр засгийн зүгээс үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлийг хамгаалах үүрэгтэй.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
"ЗАЛУУЧУУД ДАГАВАР ХҮҮХДИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ЧАДДАГГҮЙ"
Гэр бүл судлалын мэргэжилтэй, НҮБ-Хабитат байгууллагын нийгэм жендерийн мэргэжилтэн, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн Н.Золзаяатай гэр бүлийн асуудлаар ярилцлаа.
-Саяхан таны залуу гэр бүлүүдэд зориулж хийсэн лекцийг сонсоод гэр бүлийн зарим асуудлыг тодруулж асууя гэж бодлоо. Хосууд олон жил амьдраад ирэхээр бие биеэ үл тоомсорлох хандлагатай болдог юм шиг санагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Хэдийгээр нэг гэр бүл ч гэсэн хүн бүр бие даасан өөрийн гэсэн оршихуйтай байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Бие биеийнхээ сонирхол, үзэл бодлыг хүндэтгэж үзэх бие биедээ цаг хугацаа орон зай олгох гэдэг нь хүнд байх ёстой соёл юм. Гэр бүл юм чинь бүх зүйл дээр эрээ цээргүй, хил хязгааргүй байна гэж ташаа ойлгож болохгүй л дээ. Хэт хамаагүй байснаас гэр бүлийн зөрчил үүсдэг тал бий. Тухайлбал нэгнийхээ утсанд ирж байгаа мессежийг унших, утасны дуудлагыг нь авч өмнөөс нь хариу өгөх гэх мэт зүйлүүд ажиглагддаг. Аливаа юманд хэм хэмжээ гэж бий.
-Гэр бүлийн зөрчил үүсгэдэг олон шалтгаан байдаг байх. Зөрчил үүсгэж байгаа хамгийн гол шалтгаан юу вэ?
-Гэр бүлд зөрчил үүсгэж байгаа гол шалтгаан нь харилцааны асуудал л байдаг. Ялимгүй харилцааны зөрчил нь бие биедээ хайхрамжгүй, анхаарал халамжгүй байснаас үүдэн улам хурцаддаг. Ялангуяа карьер ахиж яваа залуучууд том албан тушаалд очихоороо ажил бизнестээ хэт анхаарч гэр бүлээ орхичих гээд байдаг. Тэгээд нэг эргээд харахад гэр бүл нь салах сарних дээрээ тулчихсан байх жишээтэй. Тэгэхээр ажил амьдралыг тэнцвэртэй авч явах нь маш чухал. Хааяа ч гэсэн бие биеийнхээ сэтгэл рүү өнгийж, бие биеэ анзаарч байх хэрэгтэй болов уу. Хэт анзааргагүй явснаас яльгүй зөрчил нь ужгирч даамжирдаг.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Д.ГАНГА: НАДААС ЦАРАЙ МУУТАЙ ХҮМҮҮС ЗӨНДӨӨ БАЙНА
Марзан дүр төрх, алиа хошин яриагаараа залууст хэдийн танигдсан “UB comedy” клубийн гишүүн Д.Гангатай ярилцлаа.
–Сайн байна уу, та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?
-Сайн байна уу, та бүгдэд энэ өдрийн мэнд хүргэе. Ярилцлагад урьсанд маш их баярлалаа. Намайг хүмүүс таних байх. Айлын том хүү Ганга, ангийн жижиг Ганга, адтай чөтгөр шиг Ганга магадгүй маш “сайн” Гангаар ч юм уу хэ хэ. Би чинь бас Монголын 2 сая дахь иргэн Ганга.
-Та ямар мэргэжилтэй вэ?
–Яг одоо би LendMN гээд хиймэл оюун ухаанд суурилсан санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компанид маркетинг менежерээр ажиллаж байгаа. Үндсэн мэргэжил бол дижитал маркетинг. 2011 онд төгссөнөөсөө хойш анх удаа л энэ мэргэжлээрээ ажиллаж байна. Саяхныг хүртэл Bloomberg телевизэд продюсерээр ажиллаж байлаа.
-Анх сонирхлоороо комеди хийж эхлэхэд ямар байсан бэ. Хэцүү зүйл байв уу?
-Намайг анх стэнд ап комеди гэдэг энэ урсгалд захирал Б.Батбилэг, бас Б.Идэр-Од нар “хөтлөн” оруулж байлаа. Үзэгчдийг инээлгэх нь битгий хэл хүний өмнө гараад илтгэл тавихаас айдаг байсан миний хувьд маш том сорилт болсон. Мэдээж тухайн үед нийгэм ч биднийг хүлээн зөвшөөрөөгүй байсан. Тайзнаас хөөгдөх, элдвээр хэлүүлэх, бүр эд зүйлс шидүүлж явлаа. Тэр болгонд бууж өгөлгүй мөрөөдөлдөө хөтлөгдөөд явж байсан залуус одоо нийгэмд тодорхой байр суурь эзлээд, хэлсэн үг маань олон хүнд хүрдэг болсон нь бахархалтай санагддаг. Мэдээж бидэнд дургүй хүмүүс маш их байгаа. Тэр хүмүүс байгаа учраас стэнд ап урсгал цаашаа хөгжинө гэж боддог шүү. Ялангуяа бид “доллар” биш тул бүх хүнд таалагдах албагүй гэж боддог.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ: МӨРӨӨДӨЛТЭЙ БАЙГААРАЙ
Дархан аварга Жигжидийн Мөнхбатын үүсгэн байгуулсан “Их шавь” дэвжээ, спорт сургалтын төвийн шинэ байрны нээлт өчигдөр (2018.09.27) боллоо. Нээлтэд Дархан аварга Ж.Мөнхбатын хүү сумогийн их аварга Хакүхо М.Даваажаргал, үе үеийн олимпийн медальтнууд, үндэсний бөхийн аваргууд, спортын алдартнууд оролцсон юм. Энэ үеэр үеэр их аварга Хакүхотой ярилцлаа.
-“Их шавь” дэвжээ, спортын төвийн нээлтийн арга хэмжээний сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Өнөөдөр билэгтэй сайхан өдөр аавынхаа үүсгэн байгуулсан сургуулийн дэргэд спорт, сургалтын төвийг нээлээ. Бөхийн хүндтэй аваргууд олноор ирлээ. Уулзаж амжаагүй байсан олон хүнтэй уулзлаа. Сэтгэл их өндөр байна. Энэ намрын тэмцээнд түрүүлж, 41 дэх түрүүгээ авч, 1000 давааны босгыг давлаа. Миний бие ёкозүна цолтойгоор авсан даваа 800-д хүрлээ. Монгол хүн хүрч чадах юм бол аливаа зүйлийн оргилд нь хүрч чадна гэдгийг харуулж чадсандаа баяртай байна. Энэ дэвжээ, сургалтын төвийн нээлтэнд том бэлэгтэй ирж байгаадаа сэтгэл туйлын хангалуун байна.
-Таны аавын үүсгэн байгуулсан “Их шавь” сургуулиас спортын олон алдартан төрж байна. Та хүүхэд байхдаа энд бэлтгэл сургуулилт хийж байсан уу?
-Би энэ сургуулийг үүсгэн байгуулж байсан Нараа багштайгаа их ойр байсан. Олон сайхан ах нартай хамт энд бэлтгэл хийдэг байлаа. Аавын минь шавь энэ жил улсын начин цол хүртсэн Б.Батжаргал энэхүү үйл хэргийг сайхан авч явна. Энэ сургуулиас олон сайн шавь нар төрөн гарч эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулсан хүчтэнүүд төрөн гарсаар байна. Цаашид улам сайхан өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр аавын минь үүсгэн байгуулсан сургууль дээр сайхан үйл явдал болж байна. Тиймээс аавынхаа "Баатар"-ын тэмдгийг зүүгээд ирлээ. Монголчууд “ах баатар” гэж билэгшээж хүндэтгэдэг шүү дээ.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Холбоотой мэдээ