Ардчилсан намын дарга З.Энхболд Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулна гэдгээ өнгөрсөн даваа гаригт хуралдсан бүлгийн хуралдаандаа танилцуулсан байдаг. Ингэхдээ тус Гүйцэтгэх зөвлөлд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийг багтаахаар болсон юм.
Ийм өөрчлөлт хийснээр 20 шахам гишүүн чөлөөлөгдөх юм байна. Тухайлбал, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Оюундарь, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Татварын ерөнхий газрын дарга Т.Ариунсан, УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх А.Гансүх, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж, Эрчим хүчний дэд сайд асан Д.Доржпүрэв, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд асан Б.Ургамалцэцэг, Чингэлтэй, Сонгинохайрхан, Налайх, Хан-Уул дүүргийг төлөөлдөг эрхмүүд, мөн Хөвсгөл, Хэнтий, Увс, Орхон, Баян-Өлгий, Дархан-Уул, Говьсүмбэр, Дундговь, Булган зэрэг аймгийг төлөөлөгчид чөлөөлөгдөх болж буй аж.
Оронд нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд сэлгэж орох юм. Одоогоор Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнд албан ёсоор өөрчлөлт оруулаагүй байна.
Г.ДАРЬ