Дипломат корпусын төлөөлөгчдийн газрын тэргүүн нарыг хүлээн авч мэндчилгээ дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.01.14-нд нийтлэгдсэн

Дипломат корпусын төлөөлөгчдийн газрын тэргүүн нарыг хүлээн авч мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ

 

“Эрхэм Дипломат корпусын ахлагч aa,

Элчин сайд, Хэргийг түр хамаарагч нар аа,

Олон улсын байгууллагын төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Та бүхний энэ өдрийн амрыг айлтгая.

Дөнгөж өчигдөрхөн Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ой тохиолоо. Бидний хувьд үнэ цэнэтэй түүхэн тэмдэглэлт өдрийн маргааш Та бүхэнтэйгээ халуун дотноор уулзаж байгаадаа баяртай байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Та бүхэндээ шинэ олны мэнд хүргэж, талархал илэрхийлье.

Хэрвээ Та бүхэн бидний түүхийг анхааралтай ажиглавал морин жилийн төвөргөөн бүр Монголчуудад ээлтэй байж, хөгжиж цэцэглэсэн жишээ олонтаа. 2014 он Монгол Улсын хувьд чамгүй сорилттой өнгөрснийг Та бүхэн мэдэж байгаа.

Цаг үеийн салхийг сөрж, хөгжлийн боломжийг илүү бүтээх зорилготой “Шийдлийн” Засгийн газар байгуулагдлаа. Шинээр байгуулагдсан Их Эвслийн Засгийн газар гадаад бодлогын залгамж чанарыг хадгалан улс орны өмнө тулгамдаад буй олон чухал асуудалд шийдлийн гарц бий болгохоор ажиллаж байна.

 Ялангуяа уул уурхай, хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг эргэлтэд оруулж, зохистой шийдлийг эрэлхийлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг баталгаажуулж, эдийн засгийнхаа өсөлтийг хангаж, ард түмнийхээ амьжиргааг сайжруулахын төлөө ажиллаж байгааг миний бие дэмжиж байгаа.

Эрхэмсэг Хатагтай, ноёд оо,

2014 он бол манай улсын гадаад харилцааны салбарт ээлтэй байсныг Та бүхэн мэдэж байгаа. Манай улсын хоёр хөрштэйгөө харилцах харилцаа идэвхжин сэргэж, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар айлчиллаа. Монголын талын санаачилгаар Душанбе хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын гурван талт Улаанбаатарын дээд түвшний уулзалт анх удаа амжилттай боллоо.

Эдгээр дээд түвшний айлчлал, уулзалтаар дэд бүтэц, төмөр зам, байгаль орчин, барилга зэрэг салбарын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх таатай үндсийг тавьсан бөгөөд хоёр хөрштэйгөө харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан шат ахиулан улмаар гуравдагч хөрш орнуудтайгаа бодит хамтын ажиллагаа хөгжүүлэх үндэс суурийг улам бэхжүүллээ.

Өнгөрөгч 2014 онд миний бие Лихтенштейн, Япон, Австри, Унгар улсад тус тус айлчилж, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх Бага хурлын дээд түвшний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулган, Ази, Европ (АСЕМ)-ын уулзалтын дээд түвшний уулзалтад тус тус оролцлоо.

Мөн Латви Улсын Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Холбооны Парламентын дарга, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайд нар Монгол Улсад 2014 онд тус тус айлчилсан нь мөн өндөр ач холбогдолтой байлаа. 

Өнгөрсөн онд “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-ийг УИХ соёрхон баталж, Монгол, Японы хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах зарчмын тохиролцоонд хүрсэн нь гадаад эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлэх бодит боломж, бололцоог бий болгов. 

Монгол Улс дэлхийн тавцанд идэвхитэй гадаад бодлого явуулдаг орны хувьд Ази номхон далайн бүс нутаг тэр дундаа ЗХА-ийн дэд бүс нутгийн тогтвортой байдалд хувь нэмрээ оруулахаар чармайн ажиллаж ирлээ. Монгол Улс, Зүүн хойд Азид тогтвортой байдал бий болгох, итгэлцлийг бэхжүүлэн аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах зорилгоор “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачлагыг дэвшүүлээд байгаа билээ. Энэ хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар бага хурлыг Улаанбаатар хотноо анх удаа амжилттай зохион байгуулав.

Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүн орны хувьд өөрийн улсын туулж ирсэн ардчиллын замналыг бусад улс оронтой хуваалцах, хөгжлийн болон техникийн туслалцаа үзүүлэх зорилгоор “Олон улсын хамтын ажиллагааны сан” байгуулсан билээ. Эдүгээ тус сангийн үйл ажиллагааны хүрээнд бүс нутгийн Мьянмар, Киргиз, Афганистан зэрэг улс орнуудтай идэвхитэй хамтран ажиллаж байна.

Монгол Улс нь АПЕК-ийн дээд түвшний уулзалтад 2014 оны дарга орны урилгаар анх удаа тусгай зочноор уригдан оролцсоныг мөн онцлон тэмдэглэмээр байна.  

Милан хотноо зохион байгуулагдсан Ази, Европын /АСЕМ/ уулзалтын Дээд түвшний уулзалтаас 11 дүгээр уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах нэр төртэй бөгөөд хариуцлагатай үүргийг бидэнд олголоо. Ази, Европыг холбосон энэхүү механизмын 20 жилийн ой тохиох тэрхүү түүхэн Дээд түвшний уулзалтыг эх орондоо хүлээн авч зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн бүх улсад гүн талархал дахин илэрхийлье.

Дээд түвшиний уулзалтын бэлтгэл ажлыг хангах ажлыг бид өнгөрсөн оноос эхлүүлж,  уг уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийг  байгуулж, бүрэлдэхүүнийг нь баталсан байгаа.

Эх оронд маань Ардчилсан Хувьсгал ялсны 25 жилийн ойг бид бүтэн жилийн турш тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэхүү түүхэн ойн хүрээнд Монгол Улсад чөлөөт, ардчилсан сонгууль анх явагдсан болон анхны ардчилсан хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал байгуулагдсаны 25 жилийн ойг бид ирэх 7, 9 дүгээр саруудад ёслол төгөлдөр тэмдэглэх болно.

Хатагтай, ноёд оо,

Та бүхэн ажил үүргээ мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, өөрийн улс, Монгол Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө бидэнтэй нягт хамтран ажиллаж ирсэнд Монгол төрийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье.   

Та бүхэндээ нэгэн сайхан мэдээг дуулгахад таатай байна. Тун удахгүй эдгээр өдрүүдэд Монгол Улс гурван сая дахь иргэнээ угтан авах гэж байна. Бид “Хүн нэмбэл хүнс нэмнэ” хэмээн билэгшээдэг ард түмэн. Бидний ийнхүү бүл нэмэх торгон агшинд эрхэм анд нөхөд Та бүхэн маань улс үндэстэнд маань тохиож буй баярыг хуваалцаж хамт байгаад би чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. 

Шинэ он амлалт, боломж, өөрчлөлтийг бид бүхэнд авчирдаг билээ. 2015 он Та бүхэнд зорьсондоо хүрэх боломж, эерэг өөрчлөлтийг авчраасай гэж хүсэн ерөөе.

Та бүхэнд шинэ оны мэнд дэвшүүлье” гэлээ.

Улаанбаатар хот дахь Дипломат корпусын ахлагч, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнори хариу хэлсэн үгэндээ,

Эрхэмсэг ноён Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нар аа,

Хатагтай, ноёд оо,

Та бүхэнд Монгол Улс дахь Дипломат корпусын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Өнгөрөгч оныг эргэн харахад, Монгол Улс чамлалтгүй амжилтад хүрлээ. Өнгөрсөн жил Монгол Улс гадаад харилцааны салбарт хоёр хөрш орон болоод бусад оронтой харилцан өндөр дээд түвшний айлчлал хийж, яриа, хэлэлцээ идэвхтэй явж томоохон үр дүнд хүрлээ. Хөдөө аж ахуйн салбарт Монгол Улсын түүхэнд хамгийн их буюу 51 сая толгой мал тоологдож, сүүлийн 17 жилд хамгийн их хэмжээний ургац хүлээн авсан зэрэг нэн таатай тоон үзүүлэлт байна.

2015 он нь Монгол Улсад ардчилсан хөдөлгөөн өрнөсний 25 жилийн ойн жил юм. Одоогоос 25 жилийн өмнө 30 хэмийн хүйтэнд Сүхбаатарын талбайд цугларсан мянга мянган залуус ардчилал, зах зээлийн эдийн засагтай нийгмийг бий болгохоор хөдөлгөөн эхлүүлж байсан Миний бие Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон С.Зориг агсны хэлсэн үгийг тэр хүйтэнд сонсон зогсч байсан билээ. Өнгөрсөн 25 жилийн харьцангуй богино хугацаанд үг хэлэх эрх чөлөө, хуулийн өмнө эрх тэгш байх зэрэг үнэт зүйлсийн дор улс эх орноо амжилттай хөгжүүлж ирсэнд Ерөнхийлөгч танд болон Монголын нийт ард түмэнд чин сэтгэлээсээ дахин баяр хүргэе.

2015 онд өнгөрсөн жилийн нэгэн адил идэвхтэй гадаад бодлого өрнүүлэхийн хамт улс орны хөгжил, цэцэглэлтийн үндэс болох гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн төлөө сонирхол татахуйц хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлэх зэрэг эдийн засгийн бодлогыг идэвхтэй явуулж, Монгол Улсын хөгжил өөдөлсөн жил байх болтугай гэж хүсч байна. ДТГ-ын хувьд Монгол Улсын хөгжлийн төлөөх та бүхний хичээл зүтгэлийг бүх талаар дэмжин хамтран ажиллах болно.

Энэ жил Дэлхийн II дайн дууссаны болон НҮБ байгуулагдсаны 70 жилийн ой тус тус тохиож байна. НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцох зэргээр бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван байдлыг хангах, хөгжүүлэн цэцэглүүлэх үйлсэд цаашид ч Монгол Улсын оруулах хувь нэмэр их байх болно гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд бид бүхэн хамтран ажиллах хүсэлтэй байна.

Төгсгөлд нь Монгол Улс, Монголын ард түмэнд хөгжин цэцэглэхийн ерөөлийг дэвшүүлэхийн хамт, өнөөдөр энд цугларсан та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэж байгааг хүлээн авна уу. 

            Анхаарал тавьсанд баярлалаа” гэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж