АН-ынхан генсекээ эсэргүүцэж жагсана

Хуучирсан мэдээ: 2015.01.14-нд нийтлэгдсэн

АН-ынхан генсекээ эсэргүүцэж жагсана

Ардчилсан намын нарийн бичгийн дарга нарын томилгоог АН-ын гишүүд тун дурамжхан хүлээн авч байна. С.Эрдэнэ, Г.Батхүү, Д.Бат-Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг зэрэг халаас зузаантай нөхдүүдэд найр тавилаа хэмээн буруутган шүүмжлэх хүмүүс  байна.

Дээдчүүл нь гүйдлээ олохгүй бол доодчуул нь суудлаа олохгүй гэгчээр АН-ын фракциудын зодоон дунд шатандаа халдварлаж эхэлжээ.

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын албыг түр гүйцэтгэгч Л.Эрхэмбаяраас болж СХД-ийн Ардчилсан намыхан дахин жагсаал хийхээр шийдээд байгаа гэх.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Сонгинохайрхан дүүргийн АН-ын хурлыг зарлаж,  эрх мэдлийг гартаа авахаар санаархсан хэмээн тус дүүргийн АН-ын гишүүд Л.Эрхэмбаярыг эсэргүүцэн жагсаал хийсэн.   Дүрмийн бус хуралдаанаар  Т.Одгэрэл, Н.Чинболд нарыг даргаар томилсныг нь намын нөхөд нь эсэрцгүүцэж, эрх мэдлийн үзүүрээс дөнгөж атгангуутаа хамтарч ажиллаж байсан нөхдөө адалж, жийж эхэлсэнд Л.Эрхэмбаярыг буруутгах хүмүүс байна. 

СХД-ийн АН-ын хороонд болсон томилгоог АН-ын Хяналтын ерөнхий хорооноос дүрмийн бус хуралдаан болсон гэж үзжээ. Намын ерөнхий нарийн бичгийн дарга хүнийхээ хувьд намын эв нэгдлийг хангах ёстой байтал харин ч “зодоон”-ыг өөгшүүлж буйд нь дургүйцсэн СХД-ийн АН-ынхан түүнийг  дүрмийн бус генсекээр томилогдсон,  тиймээс эсэргүүцсэн жагсахаар болсон аж.

Зөвхөн СХД-т ч биш Чингэлтэй, Баянгол, Дархан-Уул болон бусад аймгуудад АН-ын дунд шатныхны дунд эрх мэдлийн зөрчилдөөн хурцдах болсон  байна. Энэ нь АН-ынхан унах нүхээ уралдаж ухаж байгаагийн илрэл гэлтэй.  Ийнхүү дээдчүүл нь дээгүүрээ зодолдож, зодоон нь саарал ордоноос хальсан АН-ынхан хаа сайгүй “нүдэлдэж” эхэлсэнд жирийн гишүүд нь хүртэл бухимдалтай байгаагаа илэрхийлэх болсон гэнэ.

Н.ШАРХҮҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж