Монгол орны нийт нутгаар цаг агаар хүйтэрч, цас орсноос зарим аж ахуй нэгж тариагаа хураах боломжгүй болж, цасанд даруулсан тухай мэдээлэл цацагдаж эхлээд байна. Иймээс бид Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас тариа хураалтын талаар тодрууллаа.
–Газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн тариаланчид тариагаа хурааж чадалгүй цасанд даруулсан гэх мэдээлэл байна. Яаманд энэ талаар мэдээлэл ирсэн үү?
-Сая орсон цас тариа хураалтад хүндрэл учруулаагүй. Уулархаг хэсгээр цас орсноос тариан талбайд ороогүй. Түрүүчийн цаснаар л тариа налсан. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Тариа цасанд дарагдахаар хураан авах боломжгүй гэсэн үг биш. Цас хайлсны дараа тариа өндийдөг. Өндийхөөр нь тариаг сөрөөд хураадаг.
Дөнгөж сая би Булган, Сэлэнгэ аймагтай холбогдлоо. Булганы тариаланчид маргааш өдрөөс, Сэлэнгийн тариаланчид ням гаригаас тариа хураалтаа дахиад үргэлжлүүлнэ.
Цаг уур орчны шинжилгээний газраас авсан мэдээллээр ирэх долоо хоногийн турш цаг агаар тариа, ногоо хураахад тааламжтай байх төлөв гарсан байна. Бүтэн долоо хоногийн турш тариагаа хураахаар нэлээн газар хорооно. Тариаланчид шөнөдөө 2 цагийн нойр аваад л тариагаа хурааж байна. Өдий төдий хөрөнгө , хөдөлмөр зарж ургуулсан буудайгаа бүгдийг нь л хурааж авахын төлөө ажиллана шүү дээ.
-Улсын хэмжээнд тариа хураалт хэдэн хувьтай байна вэ, одоогоор?
-Үр тариа хураалт 35 хувь, төмс хураалт 92 хувь, хүнсний ногоо хураалт 85 хувьтай байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ