УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын санаачилга дэмжлэгтэйгээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу бүсэд “Сонгинохайрхан Оюунлаг Ирээдүй” хүүхэд хөгжлийн төв нээлтээ хийлээ. Энэхүү төв нь дотроо хүүхдийн номын сан, мэдээлэл технологийн төв, шүдний эмнэлэг болон зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд зориулагдсан оёдлын цехээс бүрдэж байна.
“Сонгинохайрхан Оюунлаг Ирээдүй” ТББ-тай хамтран байгуулсан хүүхэд хөгжлийн төвөөр дүүргийн хүүхэд багачууд үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой. Номын сангаар үйлчлүүлэх хүүхдүүд тав тухтай орчин ном уншихаас гадна англи, япон хэл, компьютерийн болон шатар, зураг сийлбэрийн сургалтанд үнэгүй хамрагдаж, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх боломж нээгдэж байна. Мөн шүдний эмнэлэгт хүүхэд багачуудаас гадна ахмад настанууд үнэ төлбөргүй үзлэг эмчилгээнд хамрагдах боломж бүрдлээ. Уг төв нь хүүхдүүдийн дунд элбэг тохиолдож байгаа шүдний өвчлөлийг бууруулж, амны хөндийн эрүүл мэндийг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.
Түүнчлэн хүүхдээ хараад гэртээ суудаг, тодорхой эрхэлсэн ажил мэргэжилгүй болон өрх толгойлсон эмэгтэйчүүдэд зориулсан оёдлын сургалтыг явуулж, цаашлаад энэ чиглэлийн бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор оёдлын цехийг байгуулжээ. Оёдлын цех нь сургалт явуулахаас гадна ажлын хувцас хэрэглэл үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх юм байна.
“Оюунлаг Ирээдүй” хүүхэд хөгжлийн төвийн нээлтийн арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын зөвлөх болон нээлтэд оролцож буй хүмүүсийн сэтгэгдлийг хуваалцлаа.
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын зөвлөх Ж.Одбаяр:
Цаашид дүүргийн бүх хороо, бүсүүдэд хүүхэд хөгжлийн төвийг байгуулах эхлэлийг тавьж байна
-Өнөөдрөөс эхлээд Баянхошуу бүсэд маань УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын санаачилга дэмжлэгээр жишиг хүүхэд хөгжлийн төв ашиглалтад орж байна. Энэ төв маань дүүргийн хүүхэд залуусыг номтой нөхөрлүүлэхийн зэрэгцээ хүүхдийн чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан төрөл бүрийн сургалт хичээллэхээрээ давуу талтай. Номын санг 10 гаруй мянган номтой болгохоор ажиллаж байгаа. Төвийн гол зорилго бол Сонгинохайрханы ирээдүй болсон бүх хүүхэд багачууд маань оюунлаг, эрүүл, эмэгтэйчүүд нь ажил орлоготой болоосой гэдэг үүднээс байгуулсан юм.
Баянхошуу бүсэд нээгдэж байгаа энэхүү төв нь цаашид бүх хороо, бүсүүдэд ийм хүүхэд хөгжлийн төвийг байгуулах эхлэлийг тавьж байна.
СХД-ийн 105-р дунд сургуулийн 8 дугаар ангийн сурагч н.Тэмүүлэн:
Хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлэх газартай болсонд баяртай байна
-Сонгинохайрхан дүүрэгт өмнө нь байгаагүй гоё төв өнөөдөр нээгдэж байна. Хүүхдүүд хичээлээс гадуур чөлөөт цагаа өнгөрүүлэх газартай болсондоо баяртай байна. Ийм гоё төвийг байгуулж өгсөн Д.Сумъяабазар ахдаа маш их баярлалаа.
СХД-ийн 28-р хорооны иргэн Батчулуун:
Хүүхдийн хөгжилд маш том дэмжлэг боллоо
-Өнөөдөр манай тойргоос сонгогдсон Д.Сумъяабазар гишүүний санаачилга, дэмжлэгээр хүүхэд багачуудад маань маш хэрэгтэй сайхан цогц төв байгуулагдсанд сэтгэл өндөр байна.
Гэр хорооллын нөхцөлд хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар маш хомс байдаг. Тиймээс энэ төв олон хүүхдийг баярлуулахаас гадна эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдийг нь хөгжүүлэхэд маш том дэмжлэг, нүдээ олсон ажил болж байна. Цаашид энэ мэт ард иргэддээ хүрсэн олон зүйлийг хийж хэрэгжүүлээрэй. Үр хүүхдүүдийг маань хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад гишүүндээ талархаж байгаагаа илэрхийлж, ажилд нь өндөр амжилт хүсч байна.
“Сонгинохайрхан Оюунлаг Ирээдүй” ТББ-ын Гүйцэтгэх захирал Ц.Содтуяа:
Сонгинохайрхан дүүргийн бүх хүүхдэд номын сан үнэ төлбөргүй үйлчилнэ
-Энэхүү төвийн нэгдүгээр давхарт шүдний эмнэлэг болон хажуугийн хаалганд нь номын сан байрлаж байна. Харин хоёрдугаар давхарт уншлагын танхим болон компьютерийн танхимууд байрлаж байгаа. Мөн B1 давхарт оёдлын цехийг байгуулсан.
Сонгинохайрхан дүүргийн маань хүүхэд багачууд, иргэдэд зориулан байгуулагдсан “Сонгинохайрхан Оюунлаг Ирээдүй” хүүхэд хөгжлийн төвийн маань үйл ажиллагаа цаашид улам өргөжиж, дүүргийн маань бүх иргэн, хүүхэд залууст хүрч үйлчилнэ гэж найдаж байна.
Холбоотой мэдээ