Хар тамхины донтолтыг эмчлэх мэргэшсэн эмч Монголд байхгүй

Хуучирсан мэдээ: 2018.10.05-нд нийтлэгдсэн

Хар тамхины донтолтыг эмчлэх мэргэшсэн эмч Монголд байхгүй

Хар тамхины эсрэг эмчилгээ маш их хоцорч байна

Хар тамхины донтолтыг эмчлэх мэргэшсэн эмч Монголд байхгүй

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харъяа Наркологийн эмнэлгийн эмчилгээний тасгийн эрхлэгч Б.Гэрэлчимэгтэй нийгэмд нүүрлэсэн хар тамхины аюулын талаар ярилцлаа. Манайд хар тамхины хамаарлыг эмчлэх чиглэлээр дагнасан мэргэжлийн боловсон хүчин байдаггүй. Төсөв мөнгө, орон тоо хүрэлцдэггүй, эмнэлгийн байшин нь нурж унах дөхсөн гээд шийдвэрлэх шаардлагатай асуудал их байгааг тэрбээр ярилцлагадаа дурдсан юм. Мөн эмчилгээ хийлгээд бүрэн эдгэрч, сайхан амьдарч буй хүний бодит жишээ цөөнгүй байдгийг ч онцоллоо.


-Наркологийн эмнэлэгт ихэвчлэн архинд донтсон хүмүүс эмчлүүлдэг. Хар тамхины хамааралтай болсон хүмүүс танайд хэзээнээс хандах болсон бэ?

-Мансууруулах бодисын хамааралтай хүмүүс манай эмнэлэгт 2000 оны эхээр эмчүүлж байсан тохиолдол бий. Тэр үеийг бодвол тоо нь нэлээд нэмэгдсэн. Гэхдээ архитай харьцуулахад түгээмэл биш. Манайд жилдээ 2000-2100 хүн хэвтэн эмчлүүлдэг юм. Үүний 5-7 тохиолдол нь хар тамхины хамааралтай хүмүүс байдаг.

-Хар тамхины хамааралтай болж танайд хандсан хүмүүст ямар эмчилгээ хийдэг вэ?

-Архи болон мансууруулах бодисын хамаарлын үед хийгдэх эмчилгээ зарчмын хувьд ижилхэн. Хордлого тайлах, сэтгэл зүйн эмчилгээг хувьчилсан болон бүлгээр хийнэ. Харин дагалдах хүндрэл буюу солиорлын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэдээж үүнд нь тохирсон эмчилгээ хийх ёстой. Ер нь олон улсын жишгээр эхний ээлжинд 3-6 сар эмчлэх шаардлагатай. Үүнээс хойш эмчийн хяналтад хэдэн жил явдаг. Гэтэл Монголын нөхцөлд нэг хүнийг удаан хугацаагаар хэвтүүлэн эмчлэх боломжгүй. Манайх төсвийн байгууллага учраас хөрөнгө мөнгөнийхөө боломжид тааруулахаас аргагүй байдаг. Мөн мансууруулах бодисын эсрэг өвөрмөц эмчилгээнүүд Монголд байдаггүй. Хордлого тайлах, сэтгэл засал хийх, тайвшруулах зэрэг ерөнхий эмчилгээ л хийнэ. Олон улсад хийдэг орлуулах эмчилгээ өртөг өндөр болохоор Монголд орж ирээгүй. Бид өртөг өндөр гээд оруулж ирэхгүй суух хооронд нөгөө эмчилгээ маань бас дэлхий дахинд хоцрогдох шинжтэй болчихлоо. Үндсэндээ хар тамхины эсрэг эмчилгээ маш их хоцрогдолтой байна.

-Та янз бүрийн л хүмүүсийг эмчилж байсан байх. Өвчин нь хүндэрсэн, хүнд хэлбэрт орсон өвчтөнтэй таарч байв уу?

-Архины хамаарал бол харьцангуй хожуу насанд илэрдэг. Өөрөөр хэлбэл, уусаар байгаад нэлээд хэдэн жилийн дараа хамааралтай болдог. Үүнтэй харьцуулахад мансууруулах бодисын хамааралтай хүмүүсийн нас маш залуу байдаг. Хүмүүс ихэнхдээ солиоролд орчихсон, амиа хорлох оролдлого хийх зэрэг хүнд хэлбэрт орсон үедээ л эмнэлэгт ханддаг юм.

60 өвчтөнтэй эмнэлэгт ганцхан сэтгэлзүйч ажиллаж байна

Эмчлүүлж байх үедээ гэнэт ор сураггүй алга болсон тохиолдол гарч байсан. Гэхдээ тухайн өвчтөн хууль эрхзүйн талаасаа асуудалд орсон учраас цагдаа нарт баригдахгүйн тулд оргосон байсан. Хар тамхи хэрэглэсэн хүнд Зөрчлийн тухай хуулиар шууд эрүү үүсгэдэг учраас нөгөө хүмүүс нь шарталтаа жаахан тайлж байгаад зугтаачихдаг. Ингэснээр эмчилгээний үр дүн гардаггүй. Тиймээс хуульд өөрчлөлт оруулдаг ч юм уу ямар нэг байдлаар энэ асуудлыг шийдэх л ёстой байх. Мөн сүүлийн үед дэлгэрээд байгаа мөс буюу метамфетаминыг эмнэлэгт эмчүүлэх үедээ хэрэглэх тохиолдол гардаг. Зөвхөн манайд гэлтгүй СЭМҮТ, хувийн эмнэлгүүдэд ч ийм зүйл тохиолдож байсан.

-Хар тамхи олон төрөл бий. Манайд алийг нь илүү их хэрэглэж байна вэ?

-Мансууруулах төрлийн зүйлсээс манайд анх архи, тамхи л санаа зовоодог байсан бол одоо хүмүүс бүгдийг нь хэрэглэдэг болж. Хар тамхи нь дотроо өндөр үнэтэй, хямдхан гээд янз бүр. Сүүлийн үед ерөнхий боловсролын сургууль, оюутнуудын дунд өргөн дэлгэрсэн гэсэн судалгаа гарсан байна лээ.

-Архи уусан хүнийг бид хараад л мэддэг. Харин хүүхэд нь хар тамхи хэрэглэдэг бол эцэг эх нь мэдэхгүй өнгөрч магадгүй. Ер нь донтсон хүнээс ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Мансууруулах бодис үнэ өртгийн хувьд өндөр. Тиймээс хүүхдүүд олж авахын тулд эцэг эхээсээ их хэмжээний мөнгө гуйх, гэр орноосоо хулгай хийх зэрэг байдал эхний ээлжинд ажиглагдана. Мөн анхаарал төвлөрөхгүй байх, нойр муудах, нүдний хүүхэн хараанд өөрчлөлт орох зэрэг янз бүрийн шинж тэмдэг илэрнэ. Яг хэрэглэсний дараа тухайн бодисын үйлчилгээнээс хамаараад гэнэт тайвширч болно. Маш хүчтэй цочрол өгөхүйц мэдээ сонссон ч огт тоохгүй байх зэргээр ертөнцөөс тасарсан мэт болчихдог. Мөн хүнийг хөөрөлд оруулж, хэд хоногоор унтахгүй болгочихдог бодис ч байна. Мөс буюу метамфетаминыг нэг л удаа хэрэглэхэд тэр хүний тархинд маш хүчтэй голомт үүсдэг. Ганц хэрэглэхэд гайгүй байлгүй дээ гэсэн бодол хамгийн буруу.

-Танайхаар эмчлүүлээд бүрэн эдгэрсэн тохиолдол байна уу. Ер нь эдгэрэх магадлал хэр өндөр байдаг вэ?

-Нэгэнт хамааралтай болчихсон тохиолдолд эдгэрэх магадлал маш бага. Архины хамааралтай 100 хүний талыг нь эдгээвэл тухайн эмнэлгийн эмчилгээ сайн, үр дүнд хүрлээ гэж үздэг. Харин мансууруулах бодисын хувьд 100 хүнээс 10 нь эдгэрвэл үр дүн сайн гэж үзнэ. Архийг бодвол 60 дахин хүчтэй донтуулдаг учраас эдгээхэд маш хэцүү. Манайд ирж эмчлүүлээд бүрэн эдгэрсэн тохиолдол байгаа. Мөс хэрэглэдэг байсан нэг залуу манайхаар эмчлүүлээд гарсан. Түүнээс хойш хоёр, гурван жил өнгөрлөө. дахиж огт хэрэглээгүй. Их сайхан болчихсон, ажлаа хийгээд мундаг явж байгаа. Ер нь бүрэн эдгэрнэ гэдэг тухайн хүнээс их шалтгаалдаг юм. Мөн нийгэм тэр хүнийг хэрхэн хүлээж авахаас цаашид эдгэрэх, эсэх нь хамаарна. Муу хар тамхичин гэх зэргээр ялгаварлан гадуурхах хандлага ажиглагдвал дахих магадлал маш өндөр. Ер нь хар тамхины аюулаас хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх ажлыг маш сайн хийх ёстой. Манай эмнэлэг цагдаагийн байгууллагатай хамтраад урьдчилан сэргийлэх лекцүүдийг нэг мөр цэгцлэхээр ажиллаж байгаа. Ямар насны хүүхдэд ямар мэдээлэл өгөх вэ гэдгээ мэргэжлийн хүмүүс нь нийлж суугаад тогтооно гэсэн үг. Тэгэхгүй бол одоо янз бүрийн төрийн бус байгууллагууд энд тэнд очоод дуртай лекцээ уншиж байна. Хар тамхины ямар ч асуудалгүй Говь-Алтайд очиж хар тамхи яриад байхаар бараг сурталчилгаа болчих гээд байна. Үүнийг цэгцлэх зайлшгүй шаардлагатай.

  • Хар тамхи хэрэглэсэн хүнд Зөрчлийн тухай хуулиар шууд эрүү үүсгэдэг учраас нөгөө хүмүүс нь шарталтаа жаахан тайлж байгаад зугтаачихдаг.
  • Хар тамхины эмчилгээ хийлгэсэн хүнийг нийгэм хэрхэн хүлээж авахаас цаашид эдгэрэх эсэх нь шалтгаална.
  • Эмнэлгийн шинэ байр 2020 оныг дуустал баригдахгүй юм шиг байна. Гэхдээ тэр үед нь энэ байшин бараг нурах байлгүй.

-Хар тамхинд донтсон хүний амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг бодитой жишээгээр ярьж болох уу?

-Мөнгөтэй айлын хүүхэд хар тамхинд донтсон жишээ байна. Эцэг эх нь хүүхдээ хэтэрхий дураар нь өсгөчихсөн. Тэгсэн атлаа анхаарал, халамж огт тавьдаггүй. багаасаа асрагчийн гарт өссөн хүүхэд. Нийтийн тээвэр гэж юу байдгийг ч мэдэхгүй, нийгмийн харилцаанд орж үзээгүй хүүхэд байсан. Хэдэн сар болоод л гадаадад явж амардаг. Тэгж яваад хар тамхи хэрэглэж үзээд түүндээ донтчихсон юм билээ. Багаасаа эцэг эхийн хайр халамж, дотно харилцааг амсаж үзээгүй болохоор хэний ч үгэнд ордоггүй, дур зоргоороо болчихсон байсан. Ар гэрийнхэн нь хүүхдээ хар тамхинаас гаргах гэж гадаад, дотоодын олон ч эмнэлгээр явсан. Бүрэн эдгэрсэн эсэхийг нь сайн мэдэхгүй юм.

-Хар тамхины эсрэг эмчилгээнд тулгамдаж байгаа гол асуудал юу байна вэ?

-Эмч, мэргэжилтнүүдийн тоо цөөн, мэдлэг чадвар сул байгаа нь ойлгомжтой. Нөгөө талаар донтсон хүмүүсийн эмнэлэгт хандах тохиолдол маш бага байна. Нууцлал маш өндөр, ихэнх нь хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг. Мөнгөтэй нь гадагшаа явж эмчлүүлдэг. Мөн нэг хүнийг дор хаяж гурван сар хэвтүүлж эмчлэхэд төсөв мөнгө хүрэлцэхгүй байна. Архи, мансууруулах бодист донтсон хүмүүсийг эмчлэх улсын чанартай хоёрхон эмнэлгийн нэг нь манайх. Тэгсэн атлаа ганцхан сэтгэлзүйчтэй. 60 өвчтөн тогтмол хэвтэж эмчлүүлдэг эмнэлэгт ганц сэтгэлзүйч хаанаа ч хүрэлцэхгүй нь тодорхой шүү дээ. Бид орон тоогоо нэмэгдүүлэх хүсэлтээ явуулсан ч төсөв хэмнэх тушаал гарсан гээд нэг ч хүн нэмэх боломжгүй гэсэн хариу өгсөн.

-Эмчилгээний үнэ өртөг ямар байдаг вэ?

-Улсын эмнэлэг дээрээс баталсан төсөвтөө тааруулаад 10-14 хоногт 100 орчим мянган төгрөгт эмчлээд гаргаж байна. Зөвхөн эм тарианы мөнгийг нь бодоход шүү дээ. Харин хувийн эмнэлэгт бол маш өндөр тарифаар эмчилдэг. Нэг хоног хэвтэж эмчлүүлэхэд 100-150 мянган төгрөг. Үүнээс гадна ярилцаж байгаа сэтгэлзүйчийн цагийн мөнгө, эм тарианы хөлс зэргийг нэмж тооцвол хувийн эмнэлэгт эмчлүүлэхэд 4-5 сая төгрөгийн зардал гарна. Гадагшаа явах юм бол хамгийн багадаа 10 мянган ам.доллар болох байх. Ер нь эмчилгээний өртөг өндөр л дөө.

-Донтолтын чиглэлээр мэргэшиж байгаа эмч, сувилагч хэр олон байна вэ?

-АШУҮИС-ийг их эмч мэргэжлээр төгсөж, дараа нь сэтгэцийн эмчээр суралцаж, сүүлд нь донтолтын чиглэлээр нарийн мэргэжил эзэмших ёстой. Арваад жилийн өмнө бол жилдээ хоёрхон хүн сэтгэцийн эмчээр суралцдаг байсан. Одоо тэр үетэй харьцуулахад эмч нар илүү сонирхдог болсон байна лээ. Өнгөрсөн жил Монголд олон улсын Colombo хөтөлбөр орж ирсэн. Мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилготой, дэлхийн 50 гаруй оронд хэрэгждэг хөтөлбөр. Үүний дагуу сургагч багш нар бэлтгэж байгаа. Ирэх жилийн эхээр төгсөх байх. Өмнө нь бол Монголд яг мансууруулах бодисын эсрэг чиглэлээр бэлтгэсэн эмч, мэргэжилтэн байгаагүй.

-Танай эмнэлгийн барилга үнэхээр хуучирчээ. Ийм эмнэлэгт хүмүүсийг эмчилнэ гэхээр хэцүүхэн санагдаж байна шүү?

-Яг үнэн. 1963 онд цэцэрлэгийн зориулалтаар барьсан байшин шүү дээ. 1990 онд наркологийн эмнэлэг болсон юм. Үүнээс хойш дорвитой шинэчлэгдэж, сайжирсан зүйл үнэндээ байхгүй. Ямар нэг асуудал гарвал түүнийг нь засах байдлаар аргацаасаар өнөөг хүрсэн. Барилгаа шинэчлэх гэж манай үе үеийн дарга нар дээшээ хандаад үр дүнд хүрээгүй. Донтолттой хүмүүс гэхээр хүн биш гэж үздэг юм байлгүй. Манай эмнэлгийн эд зүйл нь байнга эвдэрдэг. Нэгийг нь засаад дуусахад өөр нэг нь эвдэрчихнэ. Хамгийн сүүлд гэхэд эмнэлэг тэр чигээрээ ус алдсанаас болж сантехникийг нь сольж байна. Төвийн халаалтад хамрагдах боломжгүй болсон юм шиг байна лээ. Тэгээд бойлер тавьсан чинь газар доогуур явсан шугам нь задраад бөөн юм болсон. Одоо халаалтын шугам сүлжээг бүгдийг нь шинээр сольж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2014 онд ашиглаж болохгүй гэсэн акт гаргасан. Гэвч шинэ эмнэлэг барих асуудлыг хойшлуулсаар байгаад өдийг хүрлээ. Ямар ч байсан 2020 оныг дуустал баригдахгүй юм шиг байна лээ. Гэхдээ тэр үед нь энэ байшин бараг нурах байлгүй. Одоо хоёр давхарт хүн явахад тааз нь хотолзоод хэцүү шүү дээ. Нэг л өдөр дээрээс нураад ирвэл гайхах хэрэггүй байх.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж