Хөгжиж буй орнууд иргэдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчинг бий болгохын тулд эхлээд автомашины урсгал, түгжрэлийг зохицуулах шаардлагатай нүүр тулж байгааг Ази, Номхон далайн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” 11 дэх удаагийн чуулга уулзалтаар онцоллоо. Байгальд ээлтэй тээврийн талаар Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнтэй ярилцлаа.
-Байгальд ээлтэй тээвэр гэдэгт юу багтаж байна вэ. хот төлөвлөлтөд ямар ач холбогдолтой вэ?
-Байгальд ээлтэй буюу моторжоогүй тээврийн хэрэгсэлд цахилгаан болон механик дугуй, төрөл бүрийн скүүтер болон явган хүнийг багтааж ойлгодог. Өөрөөр хэлбэл, ямар ч хөдөлгүүргүй тээврийн хэрэгслийг хэлж байгаа юм. Дэлхийн өндөр хөгжилтэй хотууд моторжоогүй тээврийн хэрэгсэл, явган хүний явах хөдөлгөөний зохицуулалт, түүнд зориулсан дэд бүтцийг ямар хэмжээнд бий болгосноороо тодорхойлогдож байна. Явган алхах болон дугуй, скүүтер ашиглах нь өртөг багатай, хэрэглэхэд хялбар. Хэрэв хурдыг нь тохируулаад, дэд бүтцийг нь зөв шийдээд өгвөл хамгийн аюулгүй тээврийн хэрэгсэл болох боломжтой. Түүнчлэн хүний эрүүл мэнд, цаашлаад байгальд ээлтэй зэрэг олон давуу талтай. Ер нь хот төлөвлөлтийн хамгийн чухал үүрэг нь оршин суугчдаа эрүүл, аюулгүй орчинд амьдруулах. Гэтэл өнөөдрийн байдлаар замын түгжрэл, агаар, хөрс, усны бохирдол их болсон учраас хот төлөвлөлт хүнд чиглэж байна уу, жил ирэх тусам олширч буй автомашинд чиглэх үү гэсэн асуулт хөндөгдөх болсон. Хөгжиж буй орнуудын хот төлөвлөлт хүндээ биш автомашинд чиглэсэн бодлого болж хувираад буйг анхааруулах болсон. Энэ бол бүх л хотод тулгардаг бэрхшээл. Зарим нь шийдээд давж гарсан бол, зарим нь шийдэх арга зам хайж байна.
-Улаанбаатар хотод ийм тээврийн хэрэгслүүдээр зорчиход хүндрэлтэй байдаг шүү дээ. Явган хүн, дугуйн зам хангалтгүй байгаа нь стандарт бус. Ийм нөхцөлд байгальд ээлтэй тээврийн хэрэгслийн бодлогыг яаж хэрэгжүүлэх юм бэ?
-Зарим орны төлөөлөгчид энэ сэдвийг 20 жил ярьж, бодлогодоо тусгаж байж өнөөдөр үр дүнг нь үзэж байгаагаа хэлж байна. Үүнээс үзэхэд нэг өдөр л яриад шийдчихдэг асуудал биш гэдэг нь тодорхой. Хэдийгээр цаг хугацаа хоцорсон ч өнөөдрөөс эхлээд төлөвлөөд, ажлаа эхлээд явах ёстой. Тухайлбал, ихэнх том замуудтай зэрэгцүүлээд дугуйн зам хийхээр төлөвлөж байгаа. Ингэхийн тулд одоогийн нөхцөлд олон бэрхшээлтэй тулгарна. Гэхдээ шийдэх арга зам бий. Жишээлбэл, явган хүний гүүрэн зам хийж болно. Дэлхийн олон хотод төв зам дээгүүрээ ногоон байгууламж бүхий явган зам барьсан байдаг.
-Салбарын яамнаас явган хүн, дугуй, скүүтерийн замтай холбоотой ямар бодлого баримталж байна вэ?
-Энэ бол Монголд шинэ сэдэв. Яг одоогоор моторжоогүй тээврийн хэрэгслийн дэд бүтцийг сайжруулах талаар төсөвт тусгаж, төсөвлөсөн зүйл алга. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Засгийн газрын 2016-2020 хөтөлбөрт дугуйн зам бий болгох, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүд, давхар зам бий болгох зэрэг олон төлөвлөгөө бий.
- Байгальд ээлтэй тээврийн хэрэгсэл гэдэг ойлголтод цахилгаан болон механик дугуй, төрөл бүрийн скүүтер болон явган хүн багтдаг.
- Автомашин болон моторжоогүй тээврийн хэрэгслийн харьцааг ойролцоо түвшинд аваачих ёстой.
- Тайванийн Тайпэй, Данийн Копенгаген, Шведийн Стокхольм болон Хятад, Энэтхэгийн зарим хотын сайн туршлагууд байдаг.
Яамны зүгээс Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нэмэлт тодотгол хийхээр судалж байна. Тухайлбал, Баянхошуу, сэлбэ дэд төвүүдэд ийм дэд бүтэц тусгахаар ажиллаж байгаа.
-Байгальд ээлтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн ямар сайн туршлагууд байдаг вэ?
-Тайванийн Тайпэй, Данийн Копенгаген, Шведийн Стокхольм болон Хятад, Энэтхэгийн зарим хотын сайн туршлагууд байдаг. Мөн БНСУ моторжоогүй тээврийн хэрэгсэлд зориулаад өмнө нь бий болгосон дэд бүтцээ дахин өөрчилж эхэлсэн. Харин Улаанбаатар хот цаашид цахилгаан тээврийн хэрэгслийг дэмжих чиглэлтэй байгаа. Ийм төрлийн тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтад хамруулахгүй байх, зарим татвар, хураамжийг нь хөнгөлөх боломжтой.
-Тэгэхээр Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахын тулд эхлээд автомашин, тээврийн хэрэгслээ байгальд ээлтэй болгох ёстой юу. Эсвэл явган хүн, дугуйн замаа барих ёстой юу?
-Явган алхах, дугуй унахыг дэмжсэнээр автомашиныг эрс үгүйсгэж байгаа хэрэг биш. Харин эдгээрийг замын хөдөлгөөнд автомашин, нийтийн тээврийн хэрэгслийн хэрэгцээтэй дүйцэхүйц хэмжээнд аваачих ёстой. Моторжсон тээврийн хэрэгсэл ихэнх хотод 60-90 хувийг эзэлдэг юм байна. Үүнийг ядаж 50, 50 хувьтай буюу ойролцоо түвшинд аваачих ёстой. Ингэснээр байгальд ээлтэй, эрүүл мэндэд ашигтай тээврийн хөдөлгөөн бий болно. Үүний тулд цаг алдалгүй газар болон хотын төлөвлөлтөд тусгаж эхлэх ёстой.
-“Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулганаас ямар үр дүн хүлээж байна вэ?
-Энэ чуулга уулзалтыг анх 2005 онд Япон улсад зохион байгуулсан. Өнөөдрийн чуулга уулзалт 11 дэх удаагийнх. Азийн бүсийн орнууд бүгдэд нь ижил тохиолдож буй асуудлуудыг энэ чуулганаар хөнддөг. Харин үр дүнд нь тухайн салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлдог гэж хэлж болно. Энэ удаагийн чуулганд гаднын 24 орны 150 орчим төлөөлөгч оролцож байна. Чуулганы төгсгөлд оролцогчдын санал, зөвлөмжийг нэгтгэсэн улаанбаатарын тунхаг гаргана.
Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН
Холбоотой мэдээ