Эдийн засгийн савалгааг аж үйлдвэр тогтворжуулна | News.MN

Эдийн засгийн савалгааг аж үйлдвэр тогтворжуулна

Эдийн засгийн савалгааг аж үйлдвэр тогтворжуулна

Эдийн засгийн савалгааг аж үйлдвэр тогтворжуулна

Ганц ширхэг Iphone утас зургаан улсын 201 компанийг орлоготой болгодог​

Ойрын өдрүүдэд та үнийн өсөлттэй нүүр тулж байна уу. Бидний өдөр тутмын хэрэглээ болдог элсэн чихэр, будааны үнэ хэдийнэ өсчихөж. Сүүлийн үед уулга алдахад хүргэж буй ам.долларын ханшийн галзуурал импортын барааны үнийн өсөлтөд ташуур болж буй нь энэ. “Ногоон”-ы ханш чангарах нь барааны үнийн өсөлтөд ногоон гэрэл асаадаг тул импортоор 100 хувь авдаг түлш шатахуунаас эхлээд цагаан будаа, элсэн чихрийн үнийг хүртэл ноён доллар хөдөлгөж дөнгөдөг. Тиймээс ам.долларын ханш буух уу гэж энгийн иргэдээс эхлээд эдийн засагчид хүртэл төв банкнаас асууж эхэллээ. Учир нь сүүлийн таван жилд ам.долларын ханш 50 хувиар өсөхөд импортын барааны үнэ төдий хувиар чангарсан. 2013 онд гурван килограмм будааг 5700 төгрөгөөр худалдаж авдаг байсан Бат өдгөө үүнд 8100 төгрөг төлөхөд хүрээд байна. Валютын ханш өрхийн хэтэвчийг ийн сэмхэн торгочихож байгаа тул ханшийн өсөлтөд Батын гэр бүл дүргүйцэхээс аргагүй.

Ер нь ам.долларын ханшийн өсөлтөөс эхлээд түүхий эдийн үнийн уналт, БНХАУ-ын эдийн засгийн удаашрал, АНУ-ын мөнгөний бодлого гээд Монголын эдийн засагт дарамт болох гадаад, дотоод хүчин зүйл мундахгүй. Энэ олон дарамтыг манай эдийн засаг сөрөх тэнхээтэй билүү. Сулбагар, өлбөгөр, эмзэг дорой хэвээр, орлогын тулхтай багана ч үгүй, энд, тэндхийн салхинд туугдсаар өдий хүрлээ. Өдгөө бидний амин зуулга болсон уул уурхайн хэдэн түүхий эдийн үнэ хямд, боловсруулалт сул. Тэгвэл өнгөрсөн сараас олны хүртээл болж, олон монгол хүний хорхойг хүргэж буй iPhone-ийн ганцхан ширхэг XS Max утасны үнэ Монголын 22 тонн түүхий нүүрстэй тэнцэж байна. Бид баялгаа ийм хямд зарж, оронд нь асар өндөр үнээр инноваци шингэсэн бүтээгдэхүүн авсаар. Сүүлийн 15 жилд Монгол улсын нийт экспортын 80-аас дээш хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн бүрдүүлсэн.

Үүний дийлэнх нь нам дор түвшний, нэмүү өртөг шингээгүй түүхий эд. Энэ оны наймдугаар сарын байдлаар Монгол улс 3.8 тэрбум ам.долларын барааг хилийн чанадаас худалдан авсан атлаа үүний тэн хагаст ч хүрэхгүй баялгийг дотооддоо үйлдвэрлэжээ. Ийм хэмжээний боловсруулсан бүтээгдэхүүний эрэлт бидний жижигхэн гэж голдог дотоодын зах зээлд байсаар байна. Сүүлийн 30 орчим жил нэг зах зээлээс хараат байх (хятад), бүхэл бүтэн улсын эдийн засгийн тулах цэг нь түүхий эд (ханш нь хамгийн тогтворгүй) байхын зовлонг бид ханатал амслаа. НҮБ-ын UNIDO буюу аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагаас 144 орны аж үйлдвэрийн хөгжлийг эрэмбэлжээ. Аж үйлдвэрийн хөгжлөөрөө Монгол улс тээр хойно буюу 109 дүгээрт жагссан байна. Манай улсын нэг хүнд ногдох боловсруулах үйлдвэрийн нэмж бүтээсэн үнэ цэнэ 86-хан ам.доллараар (2005 оны үнээр) хэмжигдэж байхад Япон биднээс 80 дахин, урд хөрш 10 дахин өндөр байна.

  • Зах зээл шиг “үл үзэгдэгч” аж үйлдвэрийг хөгжүүлнэ гээд төр хүлээгээд суувал цаг алдаж, хөгжлөөрөө хол хоцрохоос хэтрэхгүй нь.
  • Аж үйлдвэрийн хөгжлөөрөө Монгол Улс тээр хойно буюу 109 дүгээрт жагссан.
  • Үндэсний хөгжлийн газрын судалгаагаар Монгол Улсад аж үйлдвэржилтийг дэмжих 400 гаруй баримт бичиг бий.

Монгол улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш аж үйлдвэрийн салбар үндсэндээ мөхсөн гэдэг. Олон үйлдвэр дампуурч, ажилчдаас овсгоотой нь ганзагын наймаанд явж, үлдсэн нь “лааз өшиглөх”-өд хүрсэн. Аж үйлдвэр унтармагц Монголын хөгжил мөлхсөн нь гашуун үнэн. Уг нь үе үеийн сайд дарга нар аж үйлдвэрийг хөгжүүлнэ хэмээн сүржин зарлаж, үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрийнхөө эхэнд зоодог. Үндэсний хөгжлийн газрын судалгаагаар Монгол улсад аж үйлдвэржилтийг дэмжих 400 гаруй баримт бичиг бий. Дарга нар жил бүр сүржин мэдэгдэж, хэд бол хэдэн зуун хуудас хөгжлийн бодлого үйлдвэрлээд байхад яагаад Монгол улсад аж үйлдвэр хөгжихгүй байна вэ. Үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийг солонгоруулах нь бүхий л салбарыг “хөгжлийн манлай”-д хүргэх гэж зүтгэхийн нэр биш хэмээн мэргэжлийн хүн хэлж байна. Харин эхлээд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжүүлж, зэс хайлуулах, нүүрс шингэрүүлэх, нефть нэрэх үйлдвэр байгуулснаар үйлдвэржилт нэг шат ахих аж.

Мөн ноолуур, мал аж ахуй, аялал жуулчлал, мэдээллийн технологийг уул уурхай лугаа хөгжүүлэх нь бидний зориод буй солонгорох эдийн засгийн үндэс болох учиртай. Ингэснээр түүхий эдийн үнэ дагаж дарцаг шиг хийсдэг Монголын эдийн засгийн өсөлт тогтворжиж, ДНБ-ий өсөлт иргэн Батын хэтэвчинд бодитоор наалдах боломж олгоно. Гэтэл өдгөө бидний түшиж тулж буй уул уурхай, хөдөө аж ахуйн салбар байгалийн болон гадаад хүчин зүйлээс хэт хамааралтай, хэврэг тул Монголын эдийн засаг ч, эдийн засгийн эд эс болсон иргэдийн орлого ч өсөж, уруудан, ганхаж савлахад хүрээд байна. Гэтэл ганцхан ширхэг Iphone утас зургаан улсын 201 компанийг орлоготой болгодог гэвэл та итгэх үү. Үүний 44 компани нь АНУ-ынх байдаг бол тайванийн 52 аж ахуйн нэгж Iphone-ийн ханган нийлүүлэгчээр ажилладаг. Apple-тай түншилдэг компаниудын тоо сүүлийн таван жилд хоёр дахин нэмэгдсэн байна. Үйлдвэржилт ийм хурдтай бусад салбарыг дэмжиж, тэтгэж байна.

Аж үйлдвэрийн хөгжил 30 гаруй давуу тал дагуулдаг.Үндэсний нийт бүтээгдэхүүнийг өсгөж, ажлын байр нэмэгдүүлэн, иргэдийн орлогыг нэмнэ. Төлбөрийн тэнцлийн дарамт багасгана гээд аж үйлдвэр дагасан хөгжлийн гэрэл гэгээг дурдаад дуусахгүй. Гэтэл уул уурхайгаас тэрбум тэрбумаар мөнгө олсон энэ хэдэн жил бид ашигт малтмалаа бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж огт сурсангүй. Бид нүүрсээ ухаж, хамгийн ойрын зах зээлд хямд өртгөөр гаргаж, богино хугацаанд ашиг олох тухай л мөрөөддөг ядруухан бодлоготой. Бас болоогүй ээ түүнийгээ тогтвортой ч борлуулж чадахгүй. Тиймээс улсын хөгжлийн тулах цэг болдог аж үйлдвэрийн салбарыг төр нэгдсэн бодлогоор хөгжүүлэхийн тулд зах зээлд төр оролцож, зохицуулалт хийхээс өөр гарц алга. Хэрвээ зах зээл шиг “үл үзэгдэгч” аж үйлдвэрийг хөгжүүлнэ гээд хүлээгээд суувал цаг алдаж, хөгжлөөрөө хол хоцрохоос хэтрэхгүй нь. Тиймээс энэ салбарт төрийн зохистой, тууштай бодлого хэрэгтэй байна.

БАЙР СУУРЬ

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Үүнийг ярихын тулд Монгол улсын эдийн засгийн багтаамж, газар нутаг нь ямар вэ гэдэгт дүгнэлт хийх ёстой. Монгол улсын бүсчлэн хөгжүүлэх үзэл баримтлалыг 2001 онд баталсан. Гэвч хэрэгжилт хангалтгүй. Өнөөдөр Монгол улсад бүсчилсэн хөгжлийн бодлого гэж огт байхгүй. Угаасаа ч байдаггүй. Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх тухай хөндөж байна. Үүнийг ярихын тулд хоёр хөршөө харах хэрэгтэй. Бүсчилсэн хөгжлийн бодлого гэж ухаарсан зүйл ч байхгүй. Аж үйлдвэрийн бодлого, хэрэгжилт мөн байхгүй байна. Монгол улс эдийн засгийн бүсчилсэн хөгжлийг хийх гэж байгаа бол энэ бүхнийг өөрөөр харах ёстой байх.

Дэлхийн банк группийн Хөрөнгө оруулалтын орчин худалдаа, өрсөлдөх чадварын газрын захирал Кристин Жэнвэй Чианг:

-Бодлого боловсруулагчид, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг болон зохицуулагч байгууллагууд эдийн засгийг төрөлжүүлэх асуудалд нэн тэргүүний ач холбогдол өгөх шаардлагатай. Гэхдээ эдийн засгийг төрөлжүүлнэ гэхээр “олборлох салбарыг үл хэрэгсэж, орхигдуулна” гэж ойлгож болохгүй. Монгол улсын эдийн засагт уул уурхай, олборлох салбар даацтай хувь нэмэр оруулдаг бөгөөд гадаадын шууд хөрөнгө оруулалтын зонхилох хувь хэмжээ ойрын ирээдүйд тус салбарт төвлөрөх хандлагатай байгаа.

Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан:

-Засгийн газраас гурван тулгуурт хөгжлийн бодлого, Монгол улсын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үзэл баримтлал зэрэг бодлогын баримт бичгүүд батлаад байна. Эдгээр бодлогын үндсэн санаа нь ажлын байр нэмэх, ядуурлыг бууруулах, үүний тулд олон тулгуурт эдийн засгийг бүрдүүлэх явдал юм. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг шинээр тодорхойлж, хуульчлахаар ажиллаж байна. Хувийн хэвшилтэй ойлголцсоноор уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ. Хэрэв дэд бүтцээ шийдэж чадахгүй бол орон нутагт аж үйлдвэрлэл хөгжүүлнэ гэж яриад ч нэмэргүй.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж