Татварын ерөнхий газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Татвар төлөгчдийн хууль тогтоомж мөрдөлтийг сайжруулах нь” төслийн хүрээнд ОУВС-ийн зөвлөх Аннетт Чуи “Татварын өрийн удирдлага” сэдэвт хоёр удаагийн сургалтыг ТЕГ болон УТОХГ, нийслэл, дүүргийн Татварын орлогын болон Хувь хүний татварын нэгжийн дарга, татварын улсын ахлах байцаагчдыг хамруулан зохион байгууллаа.
Сургалтын үйл ажиллагааг нээж, ТЕГ-ын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал хэлсэн үгэндээ “ОУВС-ийн Техникийн хамтын ажиллагааны зөвлөхүүд ТЕГ-т ажиллаж байна. Ажиллах хугацаандаа УИХ-д өргөн барьсан Татварын ерөнхий хуулийн төсөлтэй танилцаж, хуулийн төсөлд зөвлөмж өгөхийн зэрэгцээ татварын албаны албан хаагчдад олон улсад хэрэглэж буй татвар хураах нийтлэг эрх мэдэл, практик ажиллагаа, арга механизм ялангуяа татвар төлөгчийг хуулийн хугацаанд сайн дурын үндсэн дээр өөрөө татвараа төлөхөд дэмжлэг үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээллийг өгч байгаа нь цаг үеэ олсон хэрэгцээтэй, үр дүнтэй сургалт боллоо гэж үзэж байна. Тийм учраас Та бүхэн сургалтад идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна. Зөвлөхдөө болон Та бүхэнд амжилт хүсье” хэмээсэн юм.
Сургалтыг “Татварын өрийн удирдлага, татвар хураалт”, “Монгол Улс татвар хураалт, өр барагдуулалт сайжруулах боломж” сэдвийн хүрээнд олон улсад хэрэгжүүлж буй татварын албаны нийтлэг эрх мэдэл, практик ажиллагаа, гүйцэтгэлийн гол үзүүлэлт, харьцуулалт, татвар төлөгч татвар төлөх үүргээ сайн дураар биелүүлэхэд нь туслах, дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, өрийн удирдлага агуулгатайгаар амжилттай зохион байгууллаа.
Эх сурвалж: ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР