"Эцэг эхчүүд хүүхдээ үнэлж мэдэхгүй байна"

Хуучирсан мэдээ: 2018.10.05-нд нийтлэгдсэн

"Эцэг эхчүүд хүүхдээ үнэлж мэдэхгүй байна"

Эцэг эхчүүд хүүхдээ сургуульд хүргэж өгөөд авч байгаагаа хүүхдэдээ маш их анхаарал үзүүлж байна гэж боддог. Гэтэл тэр хүүхдийн сэтгэл зүйн байдал ямар байна вэ гэдгийг мэддэггүй

 

Нийгмийн сэтгэлзүйн тулгамдсан асуудлууд сэдэвт зөвлөгөөн өнөөдөр /2018.10.05/  боллоо. Энэ үеэр Боловсрол, сэтгэл судлалын академийн захирал, докторант Н.Оюундалайтай өсвөр үеийнхний сэтгэлзүйн талаар ярилцлаа.  


-Эцэг эхчүүд хүүхдийг үнэлж чадахгүй байгаагаас хүүхдүүд сэтгэл зүйн өөрчлөлтөд ордог гэсэн судалгааг гаргажээ.  Энэ талаар ярина уу?

-Би дээрх судалгаанд ерөнхий боловсролын зургаан сургуулийн хүүхдүүд, багш нар, эцэг эхчүүдийг хамруулсан. Хүүхдийн сэтгэлзүйн өөрчлөлтөд маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Хамгийн гол тэрхүү өөрчлөлтийн шалтгааныг олох ёстой. Миний хийсэн судалгаагаар хүүхдүүд өөрөө өөрсдийгөө үнэлэх үнэлэмж, багш хүүхдүүдээ үнэлэх үнэлэмж, эцэг эхчүүд багш нарыг үнэлэх үнэлэмж нь  сөрөг гарсан. Ерөөсөө л хүүхдийн сэтгэлзүйн өөрчлөлтийн гол шалтгаан нь манай боловсролын системд байна гэж хэлж болно. Тухайлбал, насанд хүрэгчдийн буюу эцэг эхчүүд, багш нарын  сэтгэлзүйн боловсрол дутмаг учраас хүүхдүүдээ үнэлж мэдэхгүй, үнэлж сураагүй байна. Энэ  нь эргээд хүүхдийн итгэл үнэмшлийг саармагжуулж орхидог.

-Тэгэхээр төлөвшиж амжаагүй хэт залуу насандаа гэр бүл зохиох нь хүүхдийн сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж байна  гэсэн  үг үү?

-Тийм ээ. Өнөөдөр залуучууд гэр бүл төлөвлөлтөд бэлэн биш байна. Санхүүгийн асуудал, ямар нэгэн харилцааны асуудал тохиолдоход “Болохгүй бол сална” гэсэн арга замаар шийддэг. Гэр бүлд ямар ч асуудал гарна. Түүнийг шийдэх арга замыг мэдсэн байх нь чухал. Төлөвлөөгүй гэр бүл бологсод урсгалаараа амьдардаг. Амьдралын аясаар болно гэсэн үг. Энэ бүхнээс харахад гэр бүлийн боловсрол Монгол Улсад дутмаг байгаагаас ихэнх хүмүүс сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байна. Тухайлбал, эцэг эхчүүд хүүхдээ сургуульд хүргэж өгөөд авч байгаагаа хүүхдэдээ маш их анхаарал үзүүлж байна гэж боддог. Гэтэл тэр хүүхдийн сэтгэл зүйн байдал ямар байна. Сэтгэл зүйн онцлогтой насан дээрээ ямар явж байна. Энэ насан дээр нь хүүхэдтэйгээ юу ярих ёстой, юуг зөвлөх ёстой вэ гэдгээ мэдэхгүй байна.

Сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай гэдгийг тодруулахгүй юу?

-Сэтгэл зүйн асуудлыг гурав хуваана. Сэтгэл зүйн хувьд эрүүл, тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй хүн гэж ангилна. Сэтгэл зүйн хувьд эрүүл хүний оюун ухаан эрүүл ажиллана, амьдралын хүрээлэн буй орчинтой дасан зохицох, даван туулах түүнд бодитой хариу нөлөө үзүүлэх, шүүн тунгаах чадвартай байдаг. Нийгэм, хамт олонтойгоо дасан зохицох чадвартай хүнийг эрүүл хүн гэнэ. Тулгамдсан асуудалтай гэдэг нь ямар нэг зүйлд санаа зовж, уг асуудал нь шийдэгдээгүй гэсэн үг. Ингээд айдас, түгшүүр, гутрал, сэтгэлийн зовиур шаналлыг хоёр долоо хоногоос дээш хадгалагдахыг хэлнэ. Түүнээсээ болж найз нөхөд, анги хамт олон, гэр бүл хүрээлэн буй орчныхоо хүнтэй дасан зохицох чадвар нь сулраад ирэхээр сэтгэл санаа нь тогтворгүй болох, нөхцөл байдалдаа зохих дүгнэлт хийж чадахгүй болдог юм. Иймээс сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байна гэсэн үг. Сэтгэцийн эмгэг нь тухайн хүн нөхцөл байдлыг шүүн тунгаах чадваргүй болох, оюун ухааны хувьд хэвийн мөртлөө сэтгэцийн хувьд аливаа зүйлд дасан зохицох чадваргүй, хариуцлага хүлээх чадваргүй гэх зэргээр оношлогддог. Тусгай өвчний нэрээр оношлогдохыг сэтгэцийн өвчтэй хүн гэнэ.

-Манай улсад сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүүхдүүд гэмт хэрэгт түлхүү холбогдож байна гэж ярьдаг шүү дээ.  Таны бодлоор үүний шалтгаан нь юу вэ?

-Хүүхдүүдэд сэтгэлийн дархлаа алга. Хүнд за эсвэл үгүй гэж хэлж чадахгүй аялдан дагалдагч нар олон болсон байна. Сэтгэл зүйн боловсрол дутуугийн нэг илрэл нь аялдан дагалдагч, урсгалаар явагч нар ихэсдэг. Үүнээс болж тэдгээр хүмүүс гэмт хэрэг болон бусад муу зүйлд өөрийн эрхгүй автчихаад байгаа юм. Үүнээс гадна сургуулийн орчинд хүүхдийн дотоод сэтгэл рүү хандаж, зөвлөгөө өгдөг хүн алга. Гэртээ очиход эцэг эх, асран хамгаалагчид нь хүүхдийнхээ сэтгэл зүй манатай, цаг завгүй болчхож. Иймээс үндсэндээ бага насны хүүхэд, өсвөр үеийнхэнд эцэг эх, багш, төр засгийн хайр халамж дутагдаж байгаа юм.

-Ерөнхий  боловсролын сургуулиудад сэтгэл зүйч ажилласнаараа ямар давуу талтай вэ?

-Хүн амын ихэнх нь цэцэрлэг, сургуультай холбоотой байна. Өсвөр үеэс нь эхлэн зан үйлийн өөрчлөлттэй болохоос нь урьдчилан сэргийлж, жаахан хазайвал дэмжлэг туслалцаа үзүүлээд байх юм бол нийгэм эрүүлжинэ. Төрийн бодлого боловсруулагч нарт дахин хандаж хэлэхэд сэтгэл зүйчийн орон тоог баталж, боловсролын үйлчилгээ үзүүлж байгаа цэцэрлэг, сургуульд  сэтгэл судлаачдын баг ажиллах боломжийг бүрдүүлж өгөхийг л хүсмээр байна. Тэгэхийн бол хүүхэд хазайхгүй ямар нэгэн асуудал гарлаа гэхэд сэтгэл зүйчдээ ханддаг болно. Багш нартайгаа үл ойлголцоход л сэтгэл судлаач дээр ирээд багшийн буруу байна уу, суралцагчийн буруу байна уу. Хэн хэн нь магадгүй алдаа гаргасан байж болно.

Тэр асуудлыг нь олж зөвлөгөө өгөөд тэр айдас, тэр түгшүүрээс нь гаргаад өгөх хэрэгтэй. Харин ямар хүнийг яаж бэлдэх вэ? гэдгийг төр бодлогоор зохицуулж өгөх хэрэгтэй. Математикийн багш сэтгэл судлаач байж болно, Химийн багш ч сэтгэл судлаач байж болно. Хэрэв багш сэтгэл судлаач байх юм бол ангийнхаа хүүхдэд сэтгэлзүйн яриа, зөвлөгөө өгчихнө. Хүүхдүүдэд сэтгэл заслаа хийчихнэ.  Эцэг эхчүүдийн багш нарт  хандах хандлага  эрс өөр болно. Сургуулийн имиж дүр төрх  ч эергээр өөрчлөгдөнө. Сэтгэлтэй багш нараас сэтгэлтэй иргэн бий болно шүү дээ.

-Тэгвэл хүүхэд залуусын хүмүүжлийн чиг хандлага хаашаа байна вэ ?

Бид материаллаг баялаг руу 28 жил явлаа. Уул уурхай улсыг хөгжүүлнэ гэж итгэж амьдарсаар ирсэн. Эдийн засаг дорвитой болж айл бүр хөрөнгөжин ар тал бат суурьтай байх ёстой гэдэг боловсролыг олж авсан. Гэсэн хэдий ч улсын хөгжил, болон хүмүүсийн хандлага яагаад өөрчлөгдөхгүй байгаа юм бэ?  гэвэл бидэнд ганцхан зүйл л дутагдаж байна. Тэр нь  сэтгэл зүйн боловсрол.  Аливаа улсын хөгжил сэтгэл зүйн боловсролын хөгжил  дээр  л тогтдог.  Сэтгэл зүйн  боловсрол гэдэг зүйлийг хүнд  зээлүүлж , хүнээс худалдан авч болдоггүй  тийм л зүйл.

Өнөөдөр манай нийгмийг урагшлуулахад нийгмийн сэтгэл зүйн боловсрол маш их хэрэгтэй. Насанд хүрэгчдийн сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх үйлст бүх сэтгэл судлаач, багш нар хамтраасай. Манай байгууллага  дөрвөн жил нийгмийн сэтгэл судлаач бэлтгэхэд  харамсалтай нь ганц ч багш  манай сургалтыг зорьж ирж байгаагүй. Бидэн дээр нийгмийн ажилтан болон  эмч нар, эрхзүйч, хууль цагдаагийн байгууллагынхан их ирдэг.  Харин багш нар хаана яваад байна. Багш нар өөрсдийгөө хөгжүүлэх зүйл дээр хойрго хандаад байх шиг санагддаг. Өөрийнхөө мэдлэгийн хэмжээг тэр хэмжээндээ хязгаарлачхаад байна.  Гэхдээ багш  нарын  дотоод сэтгэл хүүхдээ хайрлах  байх ёстой. Тэр хаачсан юм. Сэтгэлийн боловсрол нийгэмд дутагдаж байгаа нь бас л үүнээс  харагдаж байгаа юм. Гоё сайхан байшин, барилгатай болоод байдаг дотор нь сууж байгаа ихэнх хүмүүс сэтгэлийн хоосролд орчихсон. Эдгээр хүмүүсийн хандлагыг өөрчлөхийн тулд тэднээс сэтгэл гарах ёстой.  Сэтгэлийн боловсролтой хүний хандах зүг өөрөө ирнэ.

Э.БУРАМ

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж