"Болохгүй хүмүүс нь буцаад ирсэн байгаа шүү, болиулаарай Я.Содбаатар аа"

Хуучирсан мэдээ: 2018.10.05-нд нийтлэгдсэн

 "Болохгүй хүмүүс нь буцаад ирсэн байгаа шүү, болиулаарай Я.Содбаатар аа"

 "Болохгүй хүмүүс нь буцаад ирсэн байгаа шүү, болиулаарай Я.Содбаатар аа"

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2018.10.04/ хуралдаж, Зам тээврийн, хөгжлийн сайдад Я.Содбаатарыг томилохоор болсон. Үүний дараа МАН-ын бүлэг хуралдаж, мөн л хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Я.Содбаатарыг сайд болгохоор дэмжсэн билээ. Удирдах зөвлөл, бүлэг дэмжсэн учраас Засгийн газраас Ерөнхийлөгчтэй зөвшилцөх саналаа хүргүүлж, УИХ-д өргөн мэдүүлэх учиртай.

Тиймээс өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Зам тээврийн, хөгжлийн сайдад Я.Содбаатарыг 92.3 хувиар дэмжлээ.

Зам тээврийн, хөгжлийн сайдад нэр дэвшигч Я.Содбаатараас гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Хэрэв таныг очсон даруйдаа мөн  л улстөржсөн үйл ажиллагаа явагдаж, халгаа сэлгээ хийгдэх үү. Багаар ажиллах чадвартай гэж таныг тодорхойлсон байна. Үүнийг юу гэж ойлгох уу. Хэрвээ ЗТХ-ийн яаманд өмнөх удаагийн шиг олон удаагийн аваар осол хариуцлагагүй асуудал гарахад та Ж.Бат-Эрдэнэ сайд шиг хариуцлага хүлээж ажлаа өгөх чадвар байх уу, эсвэл тайлбар хийгээд суух уу гэсэн асуултад Зам тээврийн, хөгжлийн сайдад нэр дэвшигч Я.Содбаатар хариулт өгөв. Тэрбээр “Хэрэв миний  бие ЗТХЯ-нд очвол Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлд гол анхаарлаа хандуулна. Салбарын онцлогийг харгалзан ажиллах зайлшгүй шаардлага байгаа гэж үзэж байна. Өмнөх сайдын хийж байсан хэд хэдэн томоохон шинэчлэлийн ажлуудыг үргэлжлүүлнэ. Ялангуяа иргэний нисэхийн салбарт эхлүүлсэн ажлуудыг цааш үргэлжлүүлээд хийнэ. Мэдээж энэ салбарт тулгамдаж байгаа асуудал олон бий. Энэ бүхэнд салбарынхаа мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллана. Мөн төрийн албаны шинэчлэлийн асуудлыг бид шат шатандаа тавих ёстой. Өнөөдөр бий болсон ч асуудал биш. Цаашид төрийн алба улс төрөөс хараат бус байх, мэргэшсэн төрийн албан хаагчдыг бий болгоход анхаарч ажиллана. Хариуцлагын асуудал зөвхөн надад ч биш монгол улс төрд зангараг өргөсөн хүмүүс хэлсэн ярьсандаа байж ажлаа хийж хариуцлагаа хүлээдэг байх ёстой гэдэгтэй санал нэг байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

Зам тээврийн, хөгжлийн сайдад нэр дэвшигч Я.Содбаатарыг дэмжиж байгаа. Цаашид зам тээврийн асуудал ялангуяа нийслэлийн замын түгжрэлийн асуудалд анхаарч ажиллаарай.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа:

Яамдын төрийн албан хаагчдыг чадваржуулах шаардлагатай байна. Мөн түгжрэл, гэр хорооллын замын асуудалд анхаарч ажиллахыг хүсье. Энэ чиглэлд хийж хэрэгжүүлж байсан өмнөх сайдын ажлыг үргэлжлүүлж ажиллана гэдэгт найдаж байна. Том том төсөл хөтөлбөрүүддээ анхаарахаас гадна бусад жижиг асуудлуудад ч гэсэн анхаарал хандуулж ажиллаарай.

Зам тээврийн, хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ:

Зам тээврийн, хөгжлийн сайдад нэр дэвшигч Я.Содбаатарын ажилд нь амжилт хүсье. Я.Содбаатар өмнө нь агентлагийн даргаар ажиллаж байсан мөн дэд сайд хийж байсан гээд төрийн ажлын туршлагатай. Тиймээс зам тээврийн салбарын асуудалд  анхаарал хандуулж энэ салбарт ажиллах боломжтой гэж хувьдаа үзэж байна. Хэд хэдэн асуудалд анхаарал хандуулж ажиллаасай гэж хүсэж байна. Юуны өмнө боловсон хүчний асуудалд маш сайн анхаарч ажиллаарай. Одоо тантай хамт Төрийн нарийн бичгийн дарга сонгогдоно. Төрийн нарийн бичгийн даргын томилгоонд гоц анхаарах ёстой шүү. Дахиад намчирхсан эсвэл хэн нэгний түлхээс хатгаасаар орж ирэх хүн авмааргүй байгаа юм. Энэ салбараа мэддэг, дотоод үйл ажиллагаа мэддэг, төрийн зарчимч хүн авч ажиллуулаарай. Ингэж чадвал танд хамгийн амар болно. Болохгүй байгаа хүмүүс буцаад ирсэн байгаа шүү, болиулаарай. Нэг сайдыгаа орж ирэхээр би хамаг ажлыг чинь хийгээд өгнө гээд гүйгээд ордог газрын дарга  байгаа шүү. Энэ асуудалд сайтар анхаарч ажиллана шүү. Салбарт хийж хэрэгжүүлсэн маш олон ажил бий. Өмнөх засгийн үед хад мөргөөд гацаж байсан олон ажлын бид богино хугацаанд эхлүүлсэн. Энэ бүхнийг үргэлжлүүлж ажиллаарай” гэлээ.

УИХ-ын чуулганаар яг одоо Зам тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг томилох асуудлыг хэлэлцэж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж