Р.Бурмаагийн хууль буруутан болов оо!

Хуучирсан мэдээ: 2018.10.05-нд нийтлэгдсэн

Р.Бурмаагийн хууль буруутан болов оо!

Р.Бурмаагийн хууль буруутан болов оо!

Хэнтийн 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийн товыг зарласан УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлсэн Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг өчигдөр /2018.10.04/чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр товлосон ч тодорхой шалтгааны улмаас ирэх Пүрэв гариг хүртэл хойшлууллаа.  Хэлэлцэх асуудлыг долоо хоногоор хойшлуулсан шалтгааныг спикер М.Энхболд гишүүдэд танилцуулахдаа “Үндсэн хуулийн цэцийн аравдугаар дүгнэлтийг хариуцсан Цэцийн гишүүн нь хүндэтгэх шалтгаантайгаар эзгүй байгаа учир ирэх долоо хоногт хэлэлцэж өгөөч гэдэг хүсэлт ирсэн” гэсэн тайлбар зүүв.

Парламентад суудалтай хоёр намын бүлэг тогтсон ёсоор Даваа гаригт хуралдахдаа Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй гэсэн шийдвэр гаргаснаа хэвлэлийнхэнд мэдээлсэн юм. Эндээс харахад Хэнтийн нөхөн сонгуультай холбоотой Цэцийн шийдвэр УИХ-ын босгыг давж чадахгүй унахаар байгаа юм.  Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээж аваагүй тохиолдолд Их суудлын хуралдааныг зарлана. Цэц тэнэг биш бол нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргавал шившиг болно гэдгээ тооцсон байлгүй.

УИХ болон Цэц хоорондоо  Хэнтийн 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийн асуудлыг бичиг, цаас шидэлцэх хойгуур  намуудын, улстөрчдийн дунд, тэр тусмаа эрх барьж байгаа 32-ын ба 32-ын бүлгүүдийн дунд гол тохироо явагдана гэсэн үг.

Иймээс аль ч өнцгөөс нь “мэргэлсэн”  МАН-ын талд сүлд бууж байна.  Учир нь Сонгуулийн тухай хуулийг өөрчлөөгүй тохиолдолд ирэх зургадугаар сарын сүүлийн долоо хоногоос нааш экс гишүүн Д.Гантулгын суудал эзгүй , парламент 75-уулаа, Хэнтийчүүд төрд төлөөлөлгүй бүтэн нэг жил болохоор дүр зураг харагдаж буй.

Учир нь, Р.Бурмаагаар овоглосон Сонгуулийн тухай хуульд “Нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн Ням гариг, эсвэл аравдугаар сарын эхний Ням гариг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана”  гээд заагаад өгчихсөн. Энэ ганц заалт МАН-д өгөөш, Н.Энхбаярт гай болж байгаа юм. Ингээд экс гишүүн Д.Гантулгыг төрхөмдөө буцахыг нь хүлээж суусан Н.Энхбаяр дахиад л Хэнтийд өвөлжиж, хаваржихад хүрч байна.

Ирэх Ням гаригт хоёр аймаг, таван суманд нөхөн болон дахин сонгууль болно.  Гэтэл зөвхөн Хэнтийн 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийн товыг түдгэлзүүлсэн Цэцийн шийдвэр улс төрийн захиалгатай гэсэн хардлага төрүүлэх болсон.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Нөхөн сонгуультай холбоотой асуудал хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзсэн. Энэ бол МАН-ын хийсэн ажил. МАН-ынхан нөхөн сонгуулиар ялагдана гэхээс айсандаа Цэцээр ийм шийдвэр гаргуулсан” гэж  Ц.Нямдоржийн дургүйг хүргэсэн ч гэлээ, ингэж хардах шалтгаан нь эрх баригчид өөрсдөө билээ.

Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой УИХ-ын тогтоолыг Цэцэд өгсөн хүн нь Ерөнхий сайдын жолоочийн ээж гэж МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга мэдээлэл хийсэн, МАН-ынхан ч, Цэцийнхэн ч бүлх залгисан юм шиг л дуугүй байцгаасан даг.

Цэц, УИХ хоёр дунд үүссэн асуудлыг  одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуулиар шийдэг боломжгүй. Өөрөөр хэлбэл Р.Бурмаагийн хуулийн хүрээнд асуудалд мухардалд орчхоод байгаа.  Үндсэн хуулиа зөрчиж, Хэнтийн 42 дугаар тойргийнхны сонгох эрхэнд халдсан Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг Их суудлын хуралдаанаараа баталгаажууллаа гэхэд парламент дуугүй хүлээн зөвшөөрөх үү, эсвэл хуулийг өөрчлөх, шинэчлэх замаар ангиа бүрэн бүтэн болгох уу гэдэг асуудал УИХ-ын төвшинд яригдаад эхэлжээ.  Ямар ч байсан энэ үйл явдлын гол буруутан болчихоод байгаа Р.Бурмаагийн хуульд  УИХ “гар дүрэх” цаг хугацааны асуудал болж байна. Гэхдээ хуулийн төслөө боловсруулж, УИХ өргөн барьтал лай ч, зай ч бий.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг дээр боловсруулж байгаа хуулийн төсөлд "УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй" байх асуудлыг тусгаж өгөх талаар ч яригдаж байгаа гэх. Яг энэ хуулийн төсөл ороод ирвэл Н.Энхбаярын хувьд их санасан газар есөн шөнө хоосон хонох нь.

Үндсэндээ, эцэст нь  цэц  муу нэрээ хоёр болгож,  шаварт үлдээд, энэ тохиолдолд УИХ, МАН-ын нэр цэвэр үлдэхээр болж байна. Гэтэл Цэцэд захиалга өгсөн нь МАН шүү дээ, уг нь.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж