У.Хүрэлсүх: Утааг бууруулахын тулд түүхий нүүрсийг хориглосон

Хуучирсан мэдээ: 2018.10.05-нд нийтлэгдсэн

LiveУ.Хүрэлсүх: Утааг бууруулахын тулд түүхий нүүрсийг хориглосон

15 : 54
2018-10-5

У.Хүрэлсүх: Утааг бууруулахын тулд түүхий нүүрсийг хориглосон

hurelsuh

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажил"-ын явцын талаар мэдээлэл хийв. Мэдээллийн дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд асуулт асууж хариулт авав.

Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Ийнхүү Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийсний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат бүлгээ төлөөлөн дүгнэлт уншив.

Өнгөрсөн 15 орчим жилийн хугацаанд 330 сумаас 254 сумын хүн ам буурч, 21 аймгаас 4 аймгийн төвийн хүн ам буурч, хүн амын 46 хувь, ДНБ-ний 60 гаруй хувь, аж ахуйн нэгж байгууллагын 70 орчим хувь нь зөвхөн Улаанбаатар хотод байна гэсэн судалгааны дүнгээр санал, дүгнэлтээ эхлүүлэх нь зөв гэж бодлоо. Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам цөөнтэй боловч 21 аймаг, 330 суманд хуваагдаж, хүн ам хэт сарнин байршсан, Монгол улсын онцлогийг харгалзан орон нутгийн татах хүчийг нэмэгдүүлэх татвар, хөрөнгө оруулалтын зохистой бодлого авч хэрэгжүүлэхгүй байгаагаас хөдөө орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, хөгжих нөхцөл бүрдэхгүй байгаа нь ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж, хөдөөнөөс төв рүү чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн үргэлжилхэд хүргэж байгааг дээрх судалгааны дүн харуулж байна.

Иймд Засгийн газраас хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулж байгаад Улсын Их дахь Ардчилсан намын бүлгээс сайшаалтай хандаж байгаа бөгөөд, уг төсөлтэй холбогдуулан дараах саналуудыг хүргүүлж байна.

Нэгдүгээрт, Бүсийн тулгуур 8 төв хот, одоогийн 21 аймгийн төвийг зэрэг хөгжүүлэх эдийн засгийн боломж хомс юм. Иймд эхний ээлжинд нийгэм, эдийн засаг, соёлын үйлчилгээгээр Улаанбаатар хоттой тэнцэхүйц буюу өрсөлдөхүйц 3-4 томоохон хотыг байршлын хувьд оновчтой байх, нийгэм, эдийн засгийн гадаад болон дотоод хүчин зүйлсийг харгалзан үзэж судалж сонгосны үндсэн дээр Улсын зэрэглэлтэй хот болгон түлхүү хөгжүүлэх шаардлагатай. Ингэснээр бүс нутгийн түвшинд өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлнэ. Ингэхдээ эрхзүйн болон эдийн засгийн дараах арга шийдлийг ашиглах.

Хоёрдугаарт, Монгол Улс газарзүйн байршлын давуу талаа ашиглан олон улсын түвшинд бүс нутгийн эдийн засгийн интеграци, санаачлагад идэвхтэй нэгдэх шаардлагатай байна. Гуравдугаарт, Хэт төвлөрлийг сааруулах бодлогыг Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, Аж үйлдвэрийн бодлого болон бусад хөгжлийн орон зайн төлөвлөлтийн бодлоготой (тухайлбал, авто зам, төмөр замын тээврийн бодлого) нягт уялдуулах шаардлагатай.

Дөрөвдүгээрт, Хэдийгээр нэгэнт хэт төвлөрсөн Нийслэлийг түшиглэн дагуул хот байгуулах зэрэг асуудал нь чухал хэдий ч асуудлыг үндэсний болон олон улсын түвшинд тооцох, гадаад, дотоод хүчин зүйлстэй уялдуулан хаана ямар зэрэглэлийн хот, тосгоныг хэрхэн хөгжүүлэх, хаана ямар бүс нутгийг байгаа байгаль, нийгэм, эдийн засгийн нөөц, боломжид нь тулгуурлан ямар зориулалтаар ангилан хөгжүүлэх нь өөрөө Үндэсний хэмжээний том асуудал юм. Энэ хүрээнд юуны өмнө “хөгжлийн бодлогын цогц системтэй зураглал, төлөвлөлт”-ийгсудалгааны үндэслэлтэй, алсыг харсан, Үндэсний язгуур эрх ашигт нийцүүлэн тодорхойлох нь нэн чухал байна.

Тавдугаарт, Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл нь асуудлаа бүрэн хамрах ёстой бөгөөд энэ нь Үндэсний хэмжээний орон зайн хөгжлийн төлөвлөлтийн баримт бичиг юм.

Ийнхүү бүлгийн дүгнэлтийг танилцуулсны дараа Ардчилсан намын бүлгийн гишүүд асуулт асуув.

-УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-21 аймгаа эдийн засгийн хувьд бие дааж, өөрөө өөрийгөө амьдруулаад явах ямар бодлого хэрэгжүүлж байна вэ. Тухайлбал Завхан аймагт ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ. Цаашид хөдөөг хөгжүүлэх бодлогогүйгээр төвлөрлийг сааруулах боломжгүй учраас ямар арга хэмжээ авах вэ?

-Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан:

-1990 оноос хойш нутагшилтын тогтолцоо алдагдсан. Тиймээс Монгол Улсын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөр боловсруулна. Энэ бол маш том бичиг баримт юм. Үүнийг боловсруулахын тулд НҮБ, Японы Жайка, Азийн хөгжлийн банкнаас дэмжлэг авна. Хотын сургуульд сурагч багтахгүй байхад хөдөө анги дүүрэхгүй байна. Тиймээс бид 2030 он хүртэл хэрэгжих хөтөлбөр боловсруулна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

-Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт суурьшлын асуудлыг тусгасан. Дутагдалтай асуудал их байна. Жишээ нь баруун аймагт эрчим хүчний асуудалтай учраас үйлдвэрлэл хөгжих боломжгүй байна. Ийм шалтгаанаар иргэд нь төвийг бараадах явдал бий.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Он гараад нүүрс оруулахгүй байх шийдвэрийг Засгийн газар гаргасан. Ард иргэд өвлийн хүйтэнд яаж амь гарах вэ?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

-Засгийн газар утааны эсрэг тэмцсэн. Үр дүн гарсан юм байгаа, алдсан зүйл ч бий. Ингээд эцэст нь түүхий нүүрсийг хориглох нь зүйтэй гэж шийдсэн. 2019 оны дөрөвдүгээр сараас түүхий нүүрсний хэрэглээг хориглоно. Улаанбаатар хотод галлаж байгаа 200 мянган айл өрх боловсруулсан түлш хэрэглэнэ. Боловсруулсан түлшний үйлдвэр баригдаж байгаа. Энэ жил улсын төсөвт 199,3 тэрбум төгрөг тусгасан. Үүгээр үйлдвэрийн ажлаас гадна, ядуу зүдүү амьдралтай айл өрхөд татаас өгнө, мөн цахилгаан станцуудад засвар үйлчилгээ хийнэ. Чадах юм л энэ. Би утааг арилгана гэж худлаа ярьж чадахгүй. Ямар ч байсан утааг бууруулахын тулд хийж эхэлсэн ажил маань энэ юм. Гэхдээ утааг бууруулах хамгийн зөв арга бол гэр хорооллын айл өрхийг орон сууцтай болгох юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үүгээр өндөрлөв.

13 : 35
2018-10-5

Чуулган: Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдаар томиллоо

УИХ-ын чуулганаар Я.Содбаатарыг Зам тээврийн хөгжлийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэв. Я.Содбаатарыг хуралд оролцсон гишүүдийн 90,8 хувийн саналаар дэмжлээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Эдийн засгийн хөгжилд ач холбогдолтой төмөр зам, авто замуудаа хурдан шийдээрэй. Ингэснээр татвар нэмэгдэж, эдийн засаг сайжирна. Энэ яаманд тэтгэвэртээ гарчхаад эргээд орж ирдэг, хэрэгт холбогдсон ч эргээд орж ирдэг нөхдүүд бий. Үүнийг цэвэрлээрэй. Яамаа битгий нутгийн зөвлөл, ах дүүсийн байгууллага болгоорой. Гараас нь юм гардаггүй, байгаа байхгүй нь мэдэгддэггүй сайд байна. Сураг сонсохоор салбартаа хуваарилсан мөнгөөр тойрогтоо жижиг жижиг юм хийгээд яваад байдаг сайд байна шүү.

УИХ-ын гишүүн С.Жавхлан:

-Танай намын нэр хүнд унасан. Ямар ч чадваргүй, хариуцлагагүй гэдгээ харуулсан. Гэсэн ч түмэн олны итгэл хүлээх цөөн хэдэн хүний нэгийг оруулж ирлээ гэж харж байна. Өмнөх сайд нарынхаа алдааг засч ажиллаарай. Дэмжиж байна.

Үүгээр УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлаж байна. Одоо УИХ-ын даргын зөвлөл хуралдана. Харин үдээс хойших чуулганы хуралдаанаар Ерөнхий сайдад асуулга тавих юм.

12 : 57
2018-10-5

Чуулган: Ж.Бат-Эрдэнэ “эмзэглэв”

УИХ-ын чуулганаар Я.Содбаатарыг Зам тээврийн хөгжлийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж дуусаад одоо үг хэлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан зам тээврийн салбарт “хариуцлагагүйн зуд” нүүрлэсэн гэж хэлсэн нь Ж.Бат-Эрдэнэ гишүүнийг эмзэглүүлсэн юм. Иймээс тэрбээр чуулганы индэр дээрээс байр сууриа илэрхийлэв.

-Зам тээврийн хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ:

-Сая хариуцлагагүйн зуд нүүрлэсэн гэж байна. Бас ч гэж номдоо орсон шүү. Одоо газрын дарга нарын сонгон шалгаруулалт болох юм гэнэ лээ. Тэр тал дээр анхаараарай. Явах ёстой хүмүүс нь буцаад ирчихсэн гэж сонсогдсон шүү. Төмөр замаа явуулах бүх эрх зүйн орчин бий болсон. Уул уурхайн яамтай нягт хамтарч ажиллах ёстой. Авто зам шинээр тавих гэхээс илүү сайжруулах, хамгаалах тал дээр анхаарах ёстой шүү. Замаар тээвэрлэж байгаа ачааны жинд хяналт тавих ёстой, тийзийн үнэ буурах ёстой.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

12 : 32
2018-10-5

У.Хүрэлсүх: Хуулийн байгууллагатай хамтарч хариуцлага тооцно

Chuulgan (6)

УИХ-ын гишүүд төсвийн талаар байр сууриа илэрхийлсний дараа Зам тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Зам тээврийн хөгжлийн сайдад шинээр томилогдож буй Я.Содбаатар болон уг салбарын талаарх гишүүдийн байр суурийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Дан дээлтэй хүн оруулж ирж болдоггүй юм уу. Мэргэжлийн хүн оруулж ирээд үлдсэн хугацаанд нь зам руу анхаарсан ажил хийж болдоггүй юм уу. Одоо Я.Содбаатар гишүүн томилогдонгуут төсөв дээр сууна. Төсөв батлагдсаны дараа өвөл юу ч хийхгүй юм уу. Бид авто замдаа анхаарах ёстой. Ялангуяа Эрдэнэт-Улаанбаатар, Дархан-Улаанбаатарын зам онцгой анхаараарай. Я.Содбаатар мэдээж Өвөрхангайн зам руу анхаарал хандуулах байх. Хүн солиод хариуцлага сайжирна гэж би үзэхгүй байна. Бүх салбар хариуцлагагүй байгаа. Цаашид түр орлон гүйцэтгэгч нарын асуудлыг яах гэж байна, Ерөнхий сайд аа. Хүний амь насанд хүрч байж сайдыг нь сольж байгаа юм бол өмнөх ажлыг нь цааш үргэлжлүүлээрэй. Хариуцлага тооцох ажил үргэлжилж байгаа юу дуусчихсан уу. АТГ-аас сонин сонин юм сонсогдоод байх юм. ДЦС IV-ийн асуудалд хэн хариуцлага хүлээх вэ?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

Засгийн газрын дан дээл, давхар дээлээр олон жил улс төр хийсэн. УИХ-ын гишүүн давхар сайдын алба хашиж болно. УИХ-ын гишүүн Засгийн газрын сайд байх нь олон давуу талтай. Тэр утгаараа би танхимын гишүүдээ УИХ-аас бүрдүүлсэн. Хариуцлагын тухай асуудлыг хаа, хаанаа ярьж байгаа. Хариуцлага тооцох ажил цаашид үргэлжилнэ. Би хууль хяналтын байгууллагатай хамтарч, хариуцлага тооцох ажлыг хийнэ. Шаардлагатай бол О.Баасанхүү гишүүн надтай жич уулзана биз.

-УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Хөшигийн хөндийн онгоцны буудал хэзээ ашиглалтад орох вэ?

Зам тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшигч Я.Содбаатар:

-Шинэ онгоцны буудлыг ирэх оны таван сард оруулахаар шахаж ажиллаж байгаа. Хийх шаардлагатай зарим ажил энэ онд багтаан дуусгах байх. Цаашид ямар менежментээр ажиллах учраас Япон улстай хэд хэдэн гэрээ хийнэ. 

-УИХ-ын гишүүн Л.Болд:

-Өнөөдрийн томилгоо бол баярт үйл явдал биш. Хоёр хоногийн өмнө Зам тээврийн сайд асан С.Зориг асан хүний гарт амиа алдаад 20 жил болж байна. Өнөөдрийн томилгоо ч зам тээврийн салбарт аллага үйлдэгдсэний улмаас хийж байна. Зам тээврийн хөгжлийн сайдын томилгоог яарч сандарч хийх шаардлага байсан уу. Энд бид үг хэлж байхад цаана нь байнгын хороо хуралдаж байлаа. Орж ирж байгаа төсвийг хар. Сайдгүй учраас энэ салбарын төсөв 40 хувиар багассан. Харамсалтай нь Дарханы замаар явсан олон хүн хохирч байна. Гэтэл бид Азийн хөгжлийн банканд найдаад сууж байна. Монгол Улс тусгаар улс юм бол төсөвтөө мөнгө суулгаад замаа хий л дээ.

-УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

Та салбарын сайдаар очихдоо бүлэглэлийн эрх ашиг харсан томилгоонд анхаарал хандуулж болохгүй шүү. Одоо бол Зам тээврийн хөгжлийн яамны ихэнх газрын дарга нь чөлөөлөгдсөн байгаа. Гэсэн ч цаг бага байгаа тул гол ажилдаа анхаарал хандуулаарай.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

12 : 00
2018-10-5

Чуулган: Я.Содбаатарын томилгоог хэлэлцэж эхэллээ

Chuulgan (37)

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр үг хэлсэн гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Б.Наранхүү:

-Төсвийн орлого, бодлого талдаа хоёр зүйлийг анхаармаар байна. Орос, Хятадын аялал жуулчлалын салбараас олж байгаа орлого 400 гаруй тэрбум долларт хүрсэн. Үүний ядаж 10 хувийг Монголд татахад бодлого гаргаад, анхаармаар байна. Хоёрдугаарт, уул уурхайн салбараа дэмжинэ гэж байгаа бол орон нутгаас хамааралгүй болгох зохицуулалтыг хийх хэрэгтэй. Одоо уул уурхайн салбарын бүх асуудал аймгийн засаг дарга, сумын засаг дарга дээр очоод гацаж байна. 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

-Эдийн засгийн хүндрэлийн хамгийн гол шалтгаан нь валютын хомсдол юм. Тэгэхээр бид экспортыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарах ёстой. Энэ хямрал аж ахуй нэгжид хамгийн их ачаа болно. Засгийн газрын нийт өр 2016 онд 16 их наяд төгрөг байсан бол одоо 22 их наяд төгрөг болоод байна. Энэ нь орж ирж байгаа валютын урсгал өр дарахад чиглэгдэнэ гэсэн үг. Эдийн засгийн өсөлтийг 8 хувьд хүрнэ гэж тооцож байгаа нь хэт их өөдрөг төсөөлөл. Ийм хэмжээнд өсөх юм бол ард иргэдийн амьдрал сайжрах ёстой. Гэтэл өнөөдөр бодит байдал тийм биш байна. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Төсвийн тухай хуулийг би эхнээс нь үзээд явж байна. Хэд хэдэн анхаарах шаардлагатай зүйл байна. Монгол Улсын хүн амтай өөрийн албан хаагчийн тоог харьцуулж харах хэрэгтэй. Улсын төсвийн 25 хувь нь цалинд явж байна. Тэгэхээр төрийн ажлыг хувьчлах цаг болсон. Хоёрдугаарт, орон нутагт хөрөнгө оруулалтын эрх мэдлийг тодорхой хэмжээнд өгөхгүй бол хөгжлийн өрсөлдөөн бий болохгүй байна. Эцэст нь МСҮТ-ийн хүүхдүүдэд 100 мянган төгрөг өгөхөөр болсон талаараа Засгийн газар олон дахин ярилаа. Энэ чинь бодитой дэмжлэг биш. Ажил олгогч, ажил хайгч нарын эрэлт нийлүүлэлтийн асуудлаас хамаарна. Заавал төрөөс 100 мянган төгрөг тарааж, 41 тэрбум төгрөг зарцуулах ямар ч шаардлагагүй. Дээр нь МСҮТ-үүд хиймэл тоо гаргаж ирдэг байсныг бид шалгасан шдээ.

Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Зам тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг томилох тухай асуудлыг хэлэлцэв.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

09 : 28
2018-10-5

Чуулган: Дөрөвхөн сайд танхимд байгаа гэж шүүмжлэв

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна. Өчигдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүд төсөвтэй холбоотой асуулт асуусан бол өнөөдөр үг хэлэх саналтай гишүүд байр сууриа илэрхийлж байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж төсөв хэлэлцэж байхад Засгийн газрын дөрөвхөн сайд танхимд сууж байгааг шүүмжлэв. Тиймээс төсвийг хойшлуулахыг хүссэн. Энэ үед УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрын гишүүдийг танхимд орж ирэхийг сануулсан юм.

Ингээд гишүүдийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Биеийн тамир, спортын хөрөнгө оруулалтыг нэлээд танасан, Биеийн тамир, спортын газраас 20 гаруй тэрбум төгрөгөөр тамирчдаа олон улсын чанартай тэмцээн уралдаанд оруулахаар төлөвлөж байсныг танасан байна. Ингээд Сангийн яам 6 тэрбум төгрөг батлаад өгчихсөн байна. Ирэх 2020 оны олимпт Монгол Улс гайгүй оролцоно гэж бодож байгаа бол олимпын бэлтгэл, гадаад, дотоодын уралдаан тэмцээнд оролцуулах зардал тал дээр анхаарах шаардлагатай байна. Спортыг дэмжих сан байгуулаад жил бүр 3 тэрбум төгрөг төсөвлөөд явж байсан. Энэ жил мөнгө тавиагүй. Дээр нь Соёл урлагийг дэмжих сангийн хөрөнгө оруулалт тал дээр ч анхаарах хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-2019 оны төсвийн алдагдал 1,9 их наяд төгрөг байна. Энэ алдагдлыг бид мал аж ахуйн салбараас нөхөх боломж байна. Өчигдөр Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хэлэхдээ 84 сая мал өвөлжиж байна гэж байсан. Өнгөрсөн жил 14 сая мал экспортолсон байдаг ч 80 гаруй хувь нь зөвхөн адууны мах байдаг. Одоо бэлчээрийн даац хэтэрч, байгаль орчны тэнцвэрт байдал алдагдаж байна. Ийм байхад ядаж 20 сая баг мал экспортлох боломжийг төр олгоод өгөөч.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-МСҮТ-ийн хүүхдүүдэд 100 мянган төгрөг өгөхийг дэмжиж байна. Өнөөдөр жижиг дунд үйлдвэрт мэргэжлийн боловсон хүчин байхгүй болчихсон. Гэхдээ МСҮТ-ийн хүүхдүүд 60,70-аад оны тоног төхөөрөмж дээр дадлагажиж байгаа. Тэгэхээр энэ жил ядаж хэдэн төгрөг төсөвлөөд мэргэжлийн сургалтын баазыг сайжруулах тал дээр хэдэн төгрөг тавьж өгөөч.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Ирэх оны төсвийн зарлага тал дээр шинэчлэл хийнэ гэж улсын төсвийн төслийг оруулж ирсэн. Үнэхээр шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэхгүй бол хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөөр байгаад таардаг. Одоо бол олж байгаа есөн төгрөгийн тавыг нь тэтгэвэр тэтгэмж, цалин мөнгө тараагаад дуусч байна. Энэ үгээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр Монголын төр хамгийн том данхар төр байна. Монголын төр хамгийн том ажил олгогч болжээ. Монгол Улсад ажил эрхэлж байгаа таван хүн тутмын нэг нь төрийн албан хаагч байна. Гэтэл бусад улсад бол хувийн хэвшил ажлын байр бий болгодог болохоос төр ажлын байр бий болгодоггүй. Судалгаанаас харахад өнөөдөр төрийн албанд ажиллаж байгаа дөрвөн хүн тутмын нэг нь ур чадвар доогуур, эсвэл бүрэн бус мэргэжил эзэмшсэн гэдэг тоо байна. Нэгэнт ур чадвар нь хүрэхгүй байгаа төрийн албан хаагчийг 30 мянгаар багасгах боломж байна. Ур чадвартай нь өндөр цалингаа аваад явах хэрэгтэй. Эмч, багш нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байгаа нь зөв. Тиймээс хэмнэлтээ зөв бодлогоор хийх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Эдийн засагт гарч байгаа нааштай өөрчлөлт, сэргэлтийг үргэлжлүүлэхэд 2019 он нэн чухал. Төсвийг өргөн барихдаа хэд хэдэн шинэчлэл хийж, үр дүнг нь үзэж байж цааш явах асуудал байна. Тухайлбал,  гааль, татварын шинэчлэл хийхгүйгээр орлого нэмэгдэхгүй. Гааль, татварын шинэчлэл гэдэг бол ганцхан компьютер, рентген төхөөрөмж тавьснаар хийгдэхгүй. Энэ бол олон жил тууштай арга хэмжээ авч байж шинэчлэгдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж