ЗТХ-ийн сайдад нэр дэвшигч Я.Содбаатар гэж хэн бэ? | News.MN

ЗТХ-ийн сайдад нэр дэвшигч Я.Содбаатар гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2018.10.05-нд нийтлэгдсэн

ЗТХ-ийн сайдад нэр дэвшигч Я.Содбаатар гэж хэн бэ?

ЗТХ-ийн сайдад нэр дэвшигч Я.Содбаатар гэж хэн бэ?

Зам тээврийн, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш дараагийн сайд хэн болох, түүний албыг хэн авах вэ гэдэг таамаг улс төрийн хүрээнд хоёр сар орчим яригдав. Тэгвэл удтал яригдсан сайдыг МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2018.10.04/ хуралдаж, Зам тээврийн, хөгжлийн сайдад Я.Содбаатарыг томилохоор болсон. Үүний дараа МАН-ын бүлэг хуралдаж, мөн л хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар ийнхүү Я.Содбаатарыг сайд болгохоор дэмжив. Удирдах зөвлөл, бүлэг дэмжсэн учраас Засгийн газраас Ерөнхийлөгчтэй зөвшилцөх саналаа хүргүүлж, УИХ-д өргөн мэдүүлэх учиртай. Тиймээс өнөөдөр Зам тээврийн, хөгжлийн сайдыг томилох болов уу.  Зам тээврийн, хөгжлийн сайдад нэр дэвшигч Я.Содбаатар гэж хэн бэ.

Тэрбээр, УИХ-д хоёр дахь удаагаа Өвөрхангай аймгаас сонгогдож буй. Өмнө Үйлдвэр, худалдааны сайд, дэд сайд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, дэд даргаар ажиллаж байгаад МАН-ын нарийн бичгийн даргаар томилогдож байсан. МАН сөрөг хүчин байх үед бүлгийн дарга С.Бямбацогтын хамт эрх баригчдыг хамгийн их шүүмжлэгчдийн нэг байсан юм. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдахад түүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, түүний дараа МАН-ын бүлгийн даргад ч яригдаж байсан удаатай. Улс төрийн гараагаа хуучны Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо буюу одоогийн НАМЗХ-ны нарийн бичгийн даргаас эхэлсэн гэдэг. Тухайн үед НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажиллаж байсан гэдэг. Түүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед нь мөн МАН-ын нарийн бичгээр ажиллаж байгаад 2012 оны УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймгаас сонгогдож гишүүн болж байсан. Тиймээс улс төрийн хүрээнд түүнийг  У.Хүрэлсүхийн “хүн” гэж ярилцдаг.

Ямартай ч, МАН-ынхан 100 хувийн саналаар түүнийг Зам тээврийн, хөгжлийн дараагийн сайдаар нэрлэлээ. Удирдах зөвлөлөөс түүнийг сайдад нэр дэвшүүлсний дараа “Зам тээврийн, хөгжлийн яам бол таван салбар харьяалагддаг маш хариуцлагатай яам. Амаргүй цаг үед төрийн ажлын ачаа авах даалгавар ирлээ гэж хүлээж авлаа. Төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан, бид томоохон шинэчлэлийн ажлыг эхлүүлж байгаа. Энэ хүрээнд Монголын төр босго өндөртэй байх зэрэг олон асуудлуудыг цэгцлэх шаардлага байгаа. Энэ асуудалд анхаарч ажиллана. Өмнөх сайдын барьж байсан бодлогыг үргэлжлүүлэх асуудалд бас анхаарч ажиллана гэсэн бодолтой байна” гэдгээ онцолж байсан юм. Зам тээврийн, хөгжлийн яамыг хэрхэн удирдах вэ гэдгийг харах л үлдлээ.

НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1997 онд Улаанбаатар их сургууль Физикч-инженер мэргэжлээр баклавар
  • 2004 онд Удирдлагын академи Удирдлагын ухааны магистр
  • 2017 онд Боловсролын их сургууль Түүхийн Ухааны доктор

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1997-1999 онд ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
  • 1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2005-2008 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх
  • 2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд
  • 2009-2011 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга, Улсын ерөнхий байцаагч
  • 2011-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга

Ш.ЧИМЭГ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж