"Залуучууд дагавар хүүхдийг хүлээн зөвшөөрч чаддаггүй"

Хуучирсан мэдээ: 2018.10.05-нд нийтлэгдсэн

"Залуучууд дагавар хүүхдийг хүлээн зөвшөөрч чаддаггүй"

"Залуучууд дагавар хүүхдийг хүлээн зөвшөөрч чаддаггүй"

Гэр бүл судлалын мэргэжилтэй, НҮБ-Хабитат байгууллагын нийгэм жендерийн мэргэжилтэн, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн Н.Золзаяатай гэр бүлийн асуудлаар ярилцлаа.

-Саяхан таны залуу гэр бүлүүдэд зориулж хийсэн лекцийг сонсоод гэр бүлийн зарим асуудлыг тодруулж асууя гэж бодлоо.  Хосууд олон жил амьдраад ирэхээр бие биеэ үл тоомсорлох хандлагатай болдог юм шиг санагддаг. Та үүнтэй санал нийлэх үү?         

-Хэдийгээр нэг гэр бүл ч гэсэн хүн бүр бие даасан өөрийн гэсэн оршихуйтай байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Бие биеийнхээ сонирхол, үзэл бодлыг хүндэтгэж үзэх бие биедээ цаг хугацаа орон зай олгох гэдэг нь хүнд байх ёстой соёл юм. Гэр бүл юм чинь бүх зүйл дээр эрээ цээргүй, хил хязгааргүй байна гэж ташаа ойлгож болохгүй л дээ. Хэт хамаагүй байснаас гэр бүлийн зөрчил үүсдэг тал бий. Тухайлбал нэгнийхээ утсанд ирж байгаа мессежийг унших, утасны дуудлагыг нь авч өмнөөс нь хариу өгөх гэх мэт зүйлүүд ажиглагддаг. Аливаа юманд хэм хэмжээ гэж  бий.

-Гэр бүлийн зөрчил үүсгэдэг олон шалтгаан байдаг байх. Зөрчил үүсгэж байгаа хамгийн гол шалтгаан юу вэ?

-Гэр бүлд зөрчил үүсгэж байгаа гол шалтгаан нь харилцааны асуудал л байдаг. Ялимгүй харилцааны зөрчил нь бие биедээ хайхрамжгүй, анхаарал халамжгүй байснаас үүдэн улам хурцаддаг. Ялангуяа карьер ахиж яваа залуучууд том албан тушаалд очихоороо ажил бизнестээ хэт анхаарч гэр бүлээ орхичих гээд байдаг. Тэгээд нэг эргээд харахад гэр бүл нь салах сарних дээрээ тулчихсан байх жишээтэй. Тэгэхээр ажил амьдралыг тэнцвэртэй авч явах нь  маш чухал. Хааяа ч гэсэн бие биеийнхээ сэтгэл рүү өнгийж, бие биеэ анзаарч байх хэрэгтэй болов уу. Хэт анзааргагүй явснаас яльгүй зөрчил  нь ужгирч даамжирдаг.

-Эмэгтэйчүүд амьдралыг үүрч явдаг  гэдэг ч  юм уу, эсвэл гэр бүлийн хэрүүл маргааныг эмэгтэйчүүд л дэгдээдэг гэсэн яриа байдаг. Үүнтэй та санал нийлэх үү?

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс байгалаасаа ялгаатай өгөгдөлтэй төрдөг. Аливаад хандах хандлага, аливааг чухалчилж үзэх байдал гээд ялгаанууд бий. Тухайлбал, эрэгтэй хүн хүүхэд асрах, гэр орны ахуйн жижиг ажлуудад эв дүй муутай байдаг. Харин тэр хийж чаддаггүй зүйлээрээ гэр бүл үр хүүхдэдээ үйлчилж зориулж байгааг нь урамшуулж, дэмжиж өгвөл эмэгтэйчүүдийн гэр ахуйн ачаалал хөнгөрч ирдэг.  Харин хийснийг нь голж шүүмжлээд  байвал  тэд ахуйн жижиг ажил руу бүр оролцохгүй болох талтай. Гэр орны, хүүхэд асаргааны ажлууд биднээс маш их цаг авдаг, нэг юмаа дахин давтан хийдэг ядаргаатай ажил шүү дээ. Тэр ажлуудад эрэгтэйчүүдийн тусламжийг авснаар эмэгтэйчүүдийн ачаалал нь хөнгөрч, стрессдэж бухимдах нь бага болж ирдэг. Эмэгтэйчүүд стресс бухимдалгүй байвал тэр хэрээрээ гэр бүлийн харилцаа сайн байдаг. Дээр нь жирэмслэх, хөхөнд сүү орох зэрэгтэй холбоотой гормоны өөрчлөлт биологийн хүчин зүйлээс хамаараад эмэгтэйчүүдэд сэтгэл гутрах, ганцаардах, хардамхай болох, гомдох, тунирхах зэрэг сэтгэлзүйн үзэгдлүүд тохиолддог. Эмэгтэй хүний энэ онцлогийг нь ойлгоогүйгээс тэднийг буруутгадаг. Гэтэл нүдэнд үзэгдэх, үзэгдэхгүй бие физиологийн өөрчлөлтүүд  болж байдаг. Харин үүнийг нь ойлгож мэдэж энэ үеийг нь яаж  даван туулах вэ, яаж зохицох вэ, яаж сэтгэл санааг нь өргөх вэ гэдэгт анхаарах боломжтой болж ирдэг. Тэгэхээр мэдлэг мэдээлэл их чухал. Зарим зүйлийг мэдэхгүйгээсээ болж их алддаг тал бий.

-Та лекц дээрээ хосууд хамтдаа хөгжих ёстой гэдэг талаар ярьж байсан. Хосууд хамтдаа яаж хөгжих вэ?

-Өнөөдөр бид эмэгтэйчүүд, гэр бүлийн асуудлыг ярихдаа нөгөө талыг нь орхигдуулж болохгүй ээ. Эмэгтэйчүүдэд хамааралгүй гэр бүлийн асуудал гэж байхгүйтэй адил эрэгтэйчүүдэд хамааралгүй гэр бүл эмэгтэйчүүдийн асуудал гэж бас байхгүй. Гэр бүл бүрэн бүтэн байх тухай асуудалд  эрэгтэй, эмэгтэй хоёр хүний  хоёулангаас нь хүчин чармайлт, хичээл зүтгэл шаардагддаг. Бид хөгжлийн тухай ярихдаа дандаа хамтдаа хөгжих, бие биеийгээ дагуулан хөгжих талаар ярих нь зүйтэй болов уу. Ингээгүйгээс амьдралын явцад нийгмийн байр суурийн ялгаа, соёлын ялгаа үүсдэг. Ялгаа их  гарах тусам өөр өөр зүг рүү харах шалтгааныг нөхцөлдүүлдэг. Хөгжинө гэдэг нь суралцана гэсэн үг, аливааг хамтран үйлдэнэ гэсэн үг, тэгээд ухаарна ухамсарлана гэсэн үг юм уу даа.

Монголын эмэгтэйчүүд гадаадын иргэнтэй гэр бүл болох байдал сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байгаа.  Гадаад гэрлэлтээс шалтгаалан хүний эрх зөрчигдөх зэрэг сөрөг олон асуудлыг дагуулдаг. Гэр бүл судлаач хүний хувьд гадаад гэрлэлтэд ямар байр суурьтай байдаг вэ?

-Бид дэлхий нийтээрээ даяаршиж байгаа эрин зуунд амьдарч байгаа учраас хэн маань ч аль ч улсын иргэнтэй гэр бүл болох, аль ч улс орны иргэн манай улсад хүргэн бэр болж ирэх нь нэгэнт чөлөөтэй болсон цаг. Хэрэв нэгэнт гадаадын иргэнтэй гэр бүл болохоор шийдвэрлэсэн бол нийгэм орчны зүгээс үзүүлэх дарамт шахалт, энэ бүхэнд сэтгэл зүйгээ маш сайн бэлтгэх хэрэгтэй. Ижил соёлтой, хоорондоо эх хэлээрээ харилцаж байгаа хосуудад л хоорондоо дасах, зан зангаа авах гэж нэлээд юм болдог шүү дээ. Тэгэхээр хоёр өөр соёл иргэншилтэй, өөр өөр хэлтэй хүмүүс нэгдэж нийлэхэд хоёр дахин илүү цаг хугацаа, хүчин чармайлт шаардлагатай болно. Ижил соёлтой хүмүүс нэгээс хоёр жил үерхээд бие биеэ таньж мэддэг бол олон соёлтой хүмүүс наад зах нь хоёроос таван жил үерхэх шаардлагатай болдог гэж ярьж байна. Илүү удаан хугацаагаар үерхэх тусмаа бие биеийнхээ соёл заншлыг илүү сайн таньж мэдэж тэгснээрээ харилцах арга барилаа олоход илүү хялбар болох юм. Нэгэнт олон соёлт гэрлэлтийг сонгосон бол амьдралд тохиолдох бүхий л өөрчлөлтөд сэтгэлзүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Та ямар ч улс оронд очиж амьдарч болно. Таны хажууд аав ээж, ах дүү, хамаатан садан, найз нөхдүүдээс чинь хэн ч байхгүй. Өсөхөөс эхлэн хэрэглэж дадсан зан заншил хэрэглэгдэхгүй, эх хэлээрээ ч ярихгүй. Энэ бүхэн нь сэтгэлзүйн маш том сорилт болдог. Тэгэхээр энэ бүхэнд сэтгэлзүйгээ, оюун санаагаа бэлдэх нь маш чухал юм.

-Тэгвэл хоёрдох гэрлэлтийг та юу гэж үздэг вэ?

-Дахин гэрлэлт нь анхны гэрлэлтээс арай өөр. Энэ тохиолдолд холимог гэр бүл үүсдэг. Холимог гэр бүлд эхнэр нөхөр, тэдний хэн нэгнийх нь өмнөх гэр бүлийн хүүхдийг оролцуулдаг. Нэг ёсондоо хойд эцэг эхийн харилцаа үүсэж байна гэсэн үг. Тэдний хувьд төрсөн цусан төрлийн гэхээсээ илүүтэйгээр гэрлэлтээр холбоо хамааралтай болдог. Эцэг эх болон хүүхдийн хувьд хэн хэндээ дасан зохицох, бие биеийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болдог. Ийм гэр бүлд эцэг эхчүүдээс арай илүү их тэсвэр тэвчээрийг шаарддаг. Хэн нэгнийхээ дагавар хүүхдүүдтэй ойлголцдог болтол тодорхой цаг хугацаа хэрэгтэй болов уу. Дахин гэрлэлтэд хүүхдийн асуудал маш чухал. Өнчин хүн өөнтөгч гэдэг шиг хойд эцэг эх нь хүүхдэд минь яаж хандаж байна гэдгийг төрсөн эцэг эх нь байнга санаа зовон ил далд ажиглаж байдаг байна. Хойд эцэг эх болж байгаа хүний зүгээс хүүхдэд яг өөрийн хүүхдээс өөрцгүй хандаж л чадах юм бол тэр гэр бүл нь хурдан бие биедээ дасаж ойлголцож, илүү баяр жаргалтай байх боломжтой.

Хүүхдээ дагуулаад өөр хүнтэй гэрлэж байгаа эцэг эхэд хайр сэтгэл гэхээсээ илүү хүүхдэд минь яаж хандаж байна гэдэг нь илүү чухал хэрэг. Гэтэл зарим нэг дагавар хүүхэдтэй хүнтэй сууж байгаа хүн хүний хүүхдийг хүний хүүхэд гэж харж харьцсаар эцэстээ хүүхдийг нь гудамжинд гаргах дээрээ тулдаг тохиолдол ч бий. Хүүхдийг нь гэрээс нь явуулчхаад яаж аавтай нь эсвэл ээжтэй нь ханилан сууж чадаж байна аа. Энэ бол байж боломгүй асуудал. Тэгэхээр нэгэнт хүүхэдтэй хүнтэй сууж байгаа бол, хүний хүүхдийг хүлээн зөвшөөрч чадах хэмжээнд өөрийнхөө сэтгэлзүйг бэлдсэн үедээ л суух хэрэгтэй. Ялангуяа хүүхдүүд томроод ирэхээр улам бүр асуудал ундарна. Магадгүй өмнөх эцэг эхийн үлдээсэн хөрөнгө санхүүгийн асуудал ч хөндөгдөнө. Тэгэхээр хүүхэд том болж, аливааг ялгах салгах цаг нь ирнэ гэдгийг санаж хойд эцэг эх болж байгаа хүн өөрөө их болгоомжтой, хянуур байж хүүхдийн эрх ашгийн үүднээс үнэн сэтгэлээсээ хандах нь юу юунаас илүү чухал. Дахин гэрлэлтийн хувьд бол хүүхдийг нь хайрлаж байж л аавтай нь, ээжтэй нь жаргана шүү.

-Таны “Эрхэмсэг ганган амьдрахуй” гэж фейсбүүк хуудас байдаг юм байна. Эрхэмсэг амьдрал энгийн даруу хөдөөгөөс гэж нэг нийтлэлдээ бичсэн байсан нь анхаарал ихэд татсан. Хөдөөгөөс гэж онцолсон нь ямар учиртай юм бэ?

– Би хөдөөний хүүхэд л дээ. Малчин өвөө, эмээгийнхээ гар дээр өссөн. Тэдний хэлж ярьж үйлдэж байсныг одоо санахад тэр чигээрээ өнөөгийн эрүүл хооллолт, амьдралын зөв хэв маяг, амьдралын философи байсан байна лээ. Хөдөөгөөс л жинхэнэ монгол ахуй, монгол уламжлал үнэртдэг. Хүний чанар ч гэсэн хөдөө талдаа арай дээр байх шиг санагддаг. Ахмад настнууд хэлдэг дээ ”Монголгүй”, “Монголоо алдсан” гэж. Энэ нь ёс жаяггүйг л хэлээд байх шиг байгаа юм. Заримдаа хот суурин газар монголгүй юм их ажиглагдах юм.  Тэгээд л аминдаа фейсбүүк хуудсаараа асуудал хөндөж, зөв үзэл хандлагыг нэвтрүүлэх гэж сайн дураараа өөрөө өөртөө үүрэг хүлээлгээд л явж байна. Улс орон нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншилд шилжсэн. Одоо хотын энэ суурин соёл иргэншлээс цахим соёл иргэншилд шилжиж байна. Иймд цахим орчноор нь дамжуулж нөлөөллийн ажлыг хийж болох юм байна гэж харсан.

 -“Эрхэмсэг амьдрал энгийнээс…”гэж та хэлж, бичдэг нь  яг ямар санааг хэлэхийг зорьдог вэ?

Багачууд томчуудыг харж дуурайж өсдөг нь амьдралын хууль. Бид үнэтэй цайтай эд зүйлсээр, тамхи вискигээр чамирхаж гангараад л байвал багачууд яг тэрийг дуурайж хэрэглэх гэж эрмэлзэнэ. Хүн тансаг хэрэглээтэй байх тусмаа байгаль орчинд ээлгүй болж ирдэг. Олон давхар том хауст  амьдрах тусам дулаан зарцуулалт, цахилгаан зарцуулалт их байдаг. Үнэтэй том машин унахын хэрээр шатахуун их зарж, хөрс шороо талхлагддаг. Тэгэхээр бид өөр өөрийн чадах хэрээр эх дэлхийдээ ээлтэй байхыг эрмэлзэх нь зүйтэй  гэж боддог доо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж