ТАНИЛЦ: Шүд, эрүү, нүүрний төвийн шинэ байр

Хуучирсан мэдээ: 2018.10.05-нд нийтлэгдсэн

ТАНИЛЦ: Шүд, эрүү, нүүрний төвийн шинэ байр

-Зургаан  давхар барилга нь орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, иргэдийн тав тухтай орчинд үйлчлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлж чадсан-

Монголдоо шүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчилгээ үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг нийслэлийн Шүд, эрүү нүүрний  төв /НШЭНТ/  2013 оноос хойш  таван жил түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Тэгвэл Баянзүрх дүүргийн нутаг 33 дугаар сургуулийн зүүн урд талын зургаан давхар шилэн барилгыг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр  худалдан авч өчигдөр /2018.10.04/ хүлээлгэн өглөө. Мэдээж, Монголд хувийн 200 гаруй  шүдний эмнэлэг байгаа. Гэсэн хэдий ч хувийн гэсэн тодотголтой тэдгээр эмнэлэгт  мөнгө төлөөд үйлчлүүлэх санхүүгийн  боломжтой иргэд харин дэндүү цөөн. Тэгэхээр  иргэд улсынхаа ганц төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгээ бараадахгүй гээд яах билээ. Тус төв нь шүдний эмнэлгийнхээ хувьд гуравдугаар зэрэглэлийн эмнэлэг. Өөрөөр хэлбэл хамгийн дээд түвшний хэмээн тодотгож болно.

1986 онд байгуулагдсан НШЭНТ нь  75 ажилтантай бөгөөд нүүр амны эмчилгээ, урьдчилан сэргийлэх, нүүр амны мэс засал, нүүр амны согог гажиг засал, захиргаа санхүү аж ахуй гэсэн дөрвөн нэгжтэй үндсэн болон туслах зэрэг 23  кабинетаар үйл ажиллагаа явуулдаг байсан байна. Жилдээ 120 гаруй мянган хүнд үйлчилдэг, тэдгээр  үйлчлүүлэгчдийнх нь 60-аас дээш хувь нь хүүхэд, хөгшид байдаг гэх судалгаа хүртэл бий. Судалгаанаас харахад тус төвд 2016 онд 92 мянга 825, 2017 онд  92 мянга 192 мянган хүн шүдний өвчлөлөөр хандаж эмчилгээ хийлгэжээ. Мөн сүүлийн  зургаан жилд зөвхөн  5-6 насны 43 мянга 743 хүүхэд үйлчлүүлсэн байна.

Өдгөө  стандартын шинэ байранд  үйл ажиллагаа явуулж эхэлснээр НШЭНТ-ийн  хүчин чадал 1.5-2 дахин нэмэгдэх төдийгүй жилдээ 500 мянга гаруй хүнд, үзлэг, оношилгоо эмчилгээ хийх боломжтой болж байгаа юм байна.  Энэхүү зургаан  давхар барилга нь орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, иргэдийн тав тухтай орчинд үйлчлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлж чадсан хэмээн албаны хүмүүс  нээлтийн  үеэр хэлж байлаа.

ХУУЧИН БАЙРАНД ӨӨРСДӨӨ Ч БАГТАЛЦАХГҮЙ ШАХУУ БАЙДАГ БАЙСАН

Дүрс оношилгооны  техникч О.Отгонбаатараас хуучин болон шинэ байрны ялгааны талаар лавлалаа. Тэрбээр “Рентген кабинет хүлээлгийн заал, тусгаарлах өрөө зэрэг тусдаа  байх ёстой.  Гэтэл хуучин байр жижигхэн учраас өөр ямар ч өрөө гаргах боломжгүй бараг өөрсдөө ч багталцахгүй шахуу байдаг байсан.Үүнээс илүүтэйгээр түрээсийн байранд ажиллаж байхад шаардлагатай тоног төхөөрөмж бидэнд дутмаг байсан гэхэд болно. Өдөрт 60-70 хүний зураг авдаг. Нэг ээлжид үдээс өмнө  болон үдээс хойш тус тус 30 рентген зураг авдаг. Хуучин эмнэлэгт ачааллаа дийлдэггүй байсан  бол одоо хоёр аппараттай болсон учраас ямар ч ачааллыг авч чадна гэж бодож байна. Түрээсийн байрыг бид эмнэлгийн зориулалтаар ашиглаж чаддаггүй  байсан юм. Ханыг нь янзлахгүй, хаалга хийхгүй шүү гээд байдаг байсан учраас. Тэгэхээр их хэцүү шүү дээ. Одоо бол өөрийн гэсэн  байртай болсон учраас бүх юм бидний өөрийн мэдэлд гэхэд болно.Шинэ байранд орсноор ажиллах урам зориг улам их төрж байна шүү” гэв.

 ТӨРӨӨС ЗАЙЛШГҮЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ШААРДЛАГАТАЙ ИРГЭД БИЙ

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Хүн ам, ялангуяа хүүхдүүдийн дунд нүүр амны өвчлөл зонхилох хандлагатай байна. Шүдний тусламж үйлчилгээ нь өөрөө өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ байдаг. Энэ үйлчилгээний 80 орчим хувийг хувийн эмнэлгүүд үзүүлж байна. Гэтэл хүүхдүүд, ахмадууд, орлого багатай иргэд гээд зайлшгүй төрөөс тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэд бий. Тиймээс энэ асуудлыг шийдэх ёстой гэж үзсэн. НШЭНТ нь хувьчлагдсаны дараа өөрийн гэсэн байргүй учир түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байсан. Жилд 280 орчим сая төгрөгийн байрны  түрээсэнд төлдөг байсан. Түрээсэнд төлдөг мөнгөөрөө шинэ байр барих бололцоо байсан. Үүнийг бид судалж үзээд ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэж үзээд НИТХ-ээр хэлэлцүүлж шинэ байртай боллоо. Ер нь нийслэлийн зүгээс иргэдийнхээ эрүүл мэндэд өндөр анхаарал тавьж ажиллаж байгаа. Энэ төв ашиглалтад орсноор иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмж сайжирна. Цаашдаа тоног төхөөрөмжийг сайжруулж, тохилог орчинд, өндөр бүтээмжтэй, шинэ техник технологи ашиглан хүүхэд залуучууд ахмад үеийнхэнд үйлчилгээ үзүүлнэ”  хэмээн ярилаа.

НЭГ ХҮҮХДИЙН 4-6 ШҮД ЦООРОЛТТОЙ БАЙНА

Эрүүл мэндийн яамны  сайд Д.Сарангэрэл  “Судалгаагаар 2-15 насны хүүхдүүдийн 85-96 хувь нь шүд цоорох өвчтэй. Нэг хүүхдийн  4-6 шүд цооролттой байгаа дүн гарсан. 18 настай залуучуудын 67.5 хувь нь бүтэн шүдтэй. 33.5 хувь нь ямар нэг хэмжээгээр дутуу шүдтэй байна. Нийслэлийн ЗДТГ-аас орчин үеийн шийдэлтэй зургаан давхар шүдний эмнэлгийг нээж байгаад нийслэлчүүдийнхээ өмнөөс баярлаж байна. Тэр дундаа Засгийн газраас “Эрүүл шүд – Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг баталж  таван жилийн турш 2-12 насны хүүхдүүдийн шүдний цоорлыг бүрэн эмчлэх, урьдчилан сэргийлэх, иргэддээ эрүүл мэндийн боловсрол олгох боломж бүрдэж 2019 онд төсвөө батлах гэж байгаа энэ үед НШЭНТ үүд хаалгаа нээж байгаад баяртай байна.Цаашдаа зарим тоног төхөөрөмж болон эмч мэргэжилтнүүдийнхээ тоог нэмэх шаардлагатай” гэв.

Эмнэлгийн нэг давхарт ялган оношлох, зөвлөгөөний өрөө, шүд угаах өрөө, амны хөндийн эрүүл ахуйн үзлэгийн өрөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие засах өрөө, хүүхэд хуурайлах өрөө, хувцас олгох өрөө, тусгаарлах өрөө, архив байна.

Хоёр давхарт нь нүүр амны эмчилгээний үзлэгийн өрөө, ариутгалын хэсэг, ариун материал бэлтгэх өрөө, хувцас солих өрөө байна.

Гурван давхарт бялдаржуулах өрөө, туслах ажилчдын өрөө, шүдний зураг авах өрөө, техникийн өрөө, имплантын зөвлөгөө өгөх өрөө, шүдний тулгуур эд, имплантын өрөө, бохир боолтын өрөө, мэс заслын үзлэгийн өрөө, хагалгааны өрөө, цэвэр боолтын өрөөтэй.

Дөрвөн давхарт нүүр амны согог, гажиг заслын технологийн өрөө, нүүр амны гажиг үзлэгийн өрөө, угаалгын өрөө, эм, эмнэлгийн хэрэгслийн өрөө, нүүр амны согог заслын өрөөнүүд байна.

Таван давхарт нь хурлын танхим, электрон номын сан, сувилахуйн алба, сургалтын өрөө, хүүхдийн үзлэгийн өрөөнүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх өрөө байдаг юм байна.

Зургаан давхарт цайны газар болон оффис байдаг аж.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж