Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Санжидын мэндэлсний 90 насны ой энэ жил тохиож байна. Түүхт ойн өдрийг тохиолдуулан үр хүүхэд нь уран бүтээлийнх нь үзэсгэлэнг Монголын уран зургийн арт галлерейд өчигдөр /2018.10.03/ нээсэн юм. “Баянговь-3” үзэсгэлэнд 110 гаруй уран бүтээл нь тавигджээ.
Тухайлбал, 1953 онд зурсан анхны томоохон бүтээл “Говийн зун”-аас эхлээд Сэгс цагаан богд, Их Богд, Галуутын хавцал, Эхийн гол, Түйн голын захад, Бөөн цагаан нуур зэрэг байгалийн, “Манхант говийн манлай”, “Тэмээчдийн дотнын яриа” гэхчилэн аж байдлын, “Эрт галавын орон”, “Партизанууд” гэх мэт түүхэн сэдвийг хамарсан олон арван бүтээл нь тавигдсан юм.
Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Санжидын уран бүтээлийн талаар том охин С.Оюунсайхан “Аавын маань 90 насны ой өнгөрсөн долдугаар сард болж өнгөрсөн. Бид гэр бүлийн хүрээнд ургийн баяр тэмдэглэж, уран бүтээлээр нь үзэсгэлэн гаргаж, амьдрал, намтрыг нь өгүүлсэн “Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Санжид” хэмээх ном 300 ширхгийг хэвлүүлээд байна. Аавынхаа тухай дурсамжийг хуваалцвал маш их бий. Зургаа зурахаараа орчныхоо бүх зүйлийг анзаарахгүй зөвхөн зурж байгаа зүйлдээ бүх анхаарлаа хандуулан, бүр татаж байсан тамхи нь унтраад уруул дээр нь наалдаад цэврүү үсэрчихсэн байхад анзааралгүй сууж байдаг байсан нь санаанаас гардаггүй. . Ер нь л бусдад инээд хөөр, жаргал баярыг бэлэглэн үргэлж хошин үг хэлэн инээлгэж явдаг, алиа хошин хүн. Ач зээ нартаа хүртэл өхөөрдөн оносон хөөрхөн нэр өгчхөөд инээж суудаг байлаа” гэсэн юм.
Зураач Б.Санжид 1978 онд бүтээлийнхээ “Баян говь” анхны бие даасан тайлан үзэсгэлэнгээ гаргасан бол “Баян говь-2 “ 1988 онд гаргасан байдаг. Түүний бүтээлүүдийг Монголын төр өндрөөр үнэлж, “Засгийн газрын хүндэт жуух бичиг”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, БНБАУ-ын Г.Димитровын нэрэмжит “ Алтан медаль”, 40,50,70 жилийн ойн медалиуд, 1967 онд “ Алтан гадас “ одонгоор, 1972 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор, 1978 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор тус тус шагнажээ. Б.Санжид амьдралын сүүлчийн мөч хүртлээ зургаа зурсаар байсан гэдэг.
Хэрэв та түүний амьдрал, уран бүтээлтэй танилцахыг хүсвэл энэ сарын 10-наас өмнө амжиж очоорой.
Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ