ҮХЛ-т сүүлийн 10 жил тогтвортой өндөр амжилт үзүүлж буй баг бол Питтсбург Пингвинс баг юм. Супер Марио хочит М.Лемьегийн эрин үеийн төгсгөлд Питтсбург Пингвинс баг уналтанд орсон бөгөөд 2005 оны драфтын тэргүүн сонголтоор С.Кросби хэмээх авъяаслаг хүүг авсан нь багийн дахин сэргэн мандалтын эхлэл байсан юм. Дөнгөж 18 настай хүү С.Кросбиг аваад шууд багийн дэд ахлагч болгосон нь багийн удирдлага ямар их итгэл хүлээлгэж байгааг илтгэх мэт. Удалгүй М.Лемье зодог тайлснаар С.Кросби 20 насандаа Питтсбург Пингвинс багийн ахлагч болсон бол өдгөө лигийн нүүр царай болоод байна. Питтсбург Пингвинс мөн Е.Малкиныг 2004 оны драфтаар аваад 2006 оноос үндсэн багтаа дуудсан. Тэр цагаас хойш Питтсбург Пингвинс лигийн хүчирхэг багуудын нэг болж байнгын плэй-оффын баг болоод зогсохгүй гурвантаа стэнлийн цомыг хүртээд байна. Өнгөрсөн улиралд плэй-оффын 2-р шатанд ривал баг болох Вашингтон Капиталс багт хожигдож улирлаа өндөрлүүлсэн. Багийн лидер Е.Малкин 78 тоглолтонд оролцож 98 оноо авсан бол ахлагч С.Кросби 82 тоглолтонд оролцохдоо 89 оноо авсан. Хэдийгээр плэй-оффын 2-р шатанд тэмцээнээ өндөрлүүлсэн ч сүүлийн жилүүдэд гундуухан үзүүлэлттэй байсан дэд ахлагч Е.Малкин гайхалтай формтой байж 42 гоол, 56 гоолын дамжуулалт өгч урьдны Малкиныг санагдуулам тоглолт үзүүлсэн. Энэ улиралд Питтсбург Пингвинс багийн энэ цаг үеийн нүүр царай болсон С.Кросби, Е.Малкин нарын хослол өнгөрсөн улирлынх шигээ формтой байвал зогсоох баг тун хэцүү байх болов уу?
- Багаас явсан тоглогчид: К.Шери, М.Ханвик хоюулаа Баффало Сейбрес рүү, Ж.Йорис Торонто Мейпл Лифс рүү, Р.Рауни Анахайм Дакс руу, Т.Кюнгакль Нью-Йорк Айландерс руу, А.Пендан ТХЛ-н Ак Барс руу
- Багт ирсэн тоглогчид: М.Каллен Миннесота Уайлдсаас, хамгаалагч С.Эллиот Шведийн лигээс, Ж.Жонсон Колумбус Блю Жакетсаас
Өнгөрсөн улиралд хамгаалалт бага зэрэг суларсан. 2014-2015 оны улирлаас хойш +22 гоолтой улирлыг өндөрлүүлсэн нь хангалтгүй үзүүлэлт юм. Питтсбург Пингвинс баг 2010 оноос хойш улирлыг тогтмол +40 гоолтой өндөрлүүлж байсан бол өнгөрсөн улиралд +22 гоол оруулсан гэдэг нь арын шугам ажлаа найдвартай хийж чадаагүйг харуулж байна. Улирлын дундуур хамгаалагч Й.Коулыг явуулсан нь тийм ч зөв шийдвэр байгаагүй болов уу? Ямартаа ч чөлөөт агентын зах зээл дээрээс Ж.Жонсон болон Ж.Рийкола гэсэн хоёр ч хамгаалагчийг авчирсан. Америк хамгаалагч Ж.Жонсон бол ҮХЛ-т бүтэн арвавны турш тоглож буй туршлагатай хамгаалагч. Гарааны лайнд биш гэхэд II лайнд гарах бүрэн боломжтой лигийн шилдэг хамгаалагч юм.
Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:
I лайн:
Ж.Гуэнцел – С.Кросби – П.Хёрнквист
II лайн:
К.Хагелин – Е.Малкин, Ф.Кессель
III лайн: Д.Симон – Д.Брассард – Б.Раст
Ж.Олексиак – Ж.Шульц
Майк Сулливаны удирдаж буй Питтсбург Пингвинс баг плэй-оффт шалгарах бол асуудал биш. Харин стэнлийн цомын төлөө зорьж байгаа бол хамгаалагч нар ажлаа сайн хийх ёстой. Дээр хэлсэнчлэн +22 гоол бол Питтсбург Пингвинс багийн авдаг гоол биш. Тэд сүүлийн 10 гаруй жил +40 гоолтой байсан бол өнгөрсөн улиралд нэг дахин багассан. Оруулж буй гоолын үзүүлэлт буураагүй боловч алдаж байгаа гоолын тоо нэмэгдсэн нь арын хамгаалагчид хангалтгүй байгааг илэрхийлэх үзүүлэлт юм. Дэд ахлагч К.Летанг бол тийм ч өндөр түвшний хамгаалагч биш. Харин энэ улиралд ирээд буй Ж.Жонсон болон Б.Дюмулин нар илүү арын шугам дээр ажлаа сайн хийх ёстой. Ямартаа ч плэй-оффт орох нь гарцаагүй, харин цаашихыг хамгаалалт хэр зэрэг найдвартай ажиллахаас л шалтгаална.
Б.БЯМБАБАЯР