Сарьсан багваахай цагт 1000 шумуул иддэг

Хуучирсан мэдээ: 2018.10.04-нд нийтлэгдсэн

Сарьсан багваахай цагт 1000 шумуул иддэг

Сарьсан багваахай цагт 1000 шумуул иддэг

Өнөөдөр дэлхийн амьтан хамгаалах өдөр буюу “Дэлхийн амьтны өдөр” /World animal day/ тохиож байна. Энэ өдөр манай гариг дээр оршин буй бүх амьтны асуудалд хүн төрөлхтөн анхаарлаа хандуулахыг уриалдаг. Тиймээс манай сайт “Сарьсан багваахай” гэх хөхтөн амьтан байгальд ямар чухал нөлөө үзүүлдэг талаар мэдээлэл бэлтгэлээ.


Жилд нэг л зулзагалдаг

Сарьсан багваахай нь хөхтөн амьтад дундаас хамгийн удаан нисэх чадвартай цорын ганц амьтан юм. Дэлхий дээр 1300 орчим зүйлийн сарьсан багваахай байдгаас Монгол оронд 19 зүйл нь байдаг. Биологийн хувьд маш удаан өсөлттэй. Мэргэч амьтад маш хурдан үрждэг. Жишээ нь, хавар нэг хос байсан үлийн цагаан оготно намар болоход 65 хүртэл болж үрждэг. Харин сарьсан багваахай нь жилд ганц, зарим нэг нь хоёр удаа л зулзагалдаг.

Сарьсан багваахай нь байгалиасаа үүр барьж чаддаггүй амьтан

Энэ амьтан нь биологийн онцлогоороо үүр барьж чаддаггүй. Нисч байх явцдаа хоол болох шавьжаа л барина уу гэхээс өөр үйлдэл хийдэггүй. Ямар нэгэн зүйл зөөх, үүр барих бодис өөрөөсөө огт ялгаруулдаггүй залхуу амьтан аж. Байгаль дээр байгаа агуй, модны ан цав, хөндий эсвэл хүний бүтээсэн орон байрны нүх сүвээр орогнодог. Тэгэхээр байгаль дээр сарьсан багваахайн үүр огт байхгүй гэсэн үг.

Сарьсан багваахай нь сүүгээр бойжигч амьтан                                                       

Монгол орны тал хээрийн бүс нутагт мод, хад чулуу ховор. Үүнээс болж сарьсан багваахай нь гол барааддаг болжээ. Сүүгээр бойжигч амьтан учраас өдөр бүр ус уух шаардлагатай. Биеийн жин нь 5 граммаас эхлээд хамгийн том нь 20 грамм орчим. Түүний биеийн температур нь 38 градус. Энэ амьтанд хүнд хэрэгтэй, ашиглаж болох зүйл юу ч байхгүй. Мөн хараалтай амьтан, ужиг өвчинд хэрэглэдэг зэрэг яриа нь ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй.

Сарьсан багваахай хурц соёогоор хаздаг

Хүн л энэ амьтныг оролдохгүй л бол ямар ч хор хөнөөлгүй. Харин хамаагүй оролдвол хаздаг. Маш хурц шүд, соёотой. Монгол орны сарьсан багваахайнууд шавьжаар хооллодог учраас хоол хүнсээ бутлах зориулалттай. Энэ амьтан нь нэг цагт 1000 шумуул идэх чадвартай.

Сарьсан багваахай 200 гаруй төрлийн вирус тээдэг  

Хойд Америкийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар энэ амьтан нь галзуугийн вирус тээдэг нь тогтоогджээ. Мөн 200 гаруй төрлийн вирусыг тээдэг бөгөөд үүний 17 нь хүнд халдварладаг. Галзуу өвчин, эбола вирус, саарс халдварыг тээж дамжуулдаг гол амьтан юм. Тиймээс хамаагүй оролдож болохгүй.

М.БААСАНДЭЛГЭР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж