“Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна
Би ард түмэндээ худлаа амлаж, хуурдаггүй Ерөнхий сайд байхыг хүсч байна
Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна.” Энэ бол Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийн яг өнөөдрөөс 365 хоногийн өмнө чуулганы танхимд хэлсэн үг.
Монгол ардын нам засгийн эрх аваад бүрэн эрхийнхээ талд нь орж байгаа бөгөөд хоёр жилийн хугацаанд хоёр засаг ч байгуулсан. Ардын засгийн тэргүүнээр томилогдсон У.Хүрэлсүхийг улс төр, эдийн засаг реформ хийнэ гэсэн том хүлээлттэйгээр нийгэм угтан авч байснаас хойш нэг жил өнгөрчээ.
Хуанлийн хуудас эргэж, хүний амьдралаас улиран одсон 365 хоногт У.Хүрэлсүх чуулганы танхимд амласан зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлэхийн тулд юу хийв? Энэ асуултыг түүнд тавих нь зүй ёсных юм.
Засаг болгоноос иргэд нэг л зүйлийг хүсдэг, эдийн засаг өсөлттэй, ажил орлоготой, үнэ тогтвортой байхыг.
Долларын ханш өслөө, шатахууны үнэ нэмэгдлээ, цалин хөлс нэмсэнгүй гэх шүүмжлэлийг засаг болгон сонсдог, Ерөнхий сайд болгонд зэмлэл ирдэг нь бараг л жам ёсных болсон. Үүнийг ч Ардын засаг тойроогүй, дайрч яваа. Учир нь, яг нэг жилийн өмнө 2458 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш өнөөдөр 2575 төгрөг болсонд, өнгөрсөн 2017 оны аравдугаар сард 1630 төгрөг байсан АИ92 бензин 1830 төгрөг хүрсэнд иргэд бухимдалтай байна.
Бодлого боловсруулдаг хүний хувьд Монгол Улсын Ерөнхий сайдад улсын дотоод том, жижиг бүх л асуудал хамаатай, тиймээс ч үнийн өсөлтөд өнөөдөр У.Хүрэлсүхийн чих хангинах нь ч аргагүй. Ялыг нь ч үүрч, ямбыг нь ч эдэлнэ гэж энэ суудалд суусан хүний хувьд шүү дээ.
Гэвч, валютын болоод шатахууны өсөлт ганцхан У.Хүрэлсүхээс, Монголын Ерөнхий сайдаас хамаардаггүй, дэлхийн зах зээл, их гүрнүүдийн бодлого, Орос, Хятадын явуулгатай холбоотой байдаг. Монгол Улс өөрөө ам.доллар үйлдвэрлэж, шатахуун боловсруулдаггүй учраас.
У.Хүрэлсүхийн зорьсноо хийнэ гэсэн амлалтын нэг нь газрын тосны үйлдвэр барих явдал. Ямартай ч түүний засгийн нэг жилд шав нь тавигдаж, ажил нь эхэлсэн. Энэтхэгийн Засгийн газраас хөнгөлөлттэй өгч буй нэг тэрбум ам.доллараар Дорноговийн Алтанширээтэд газрын тосны үйлдвэр барих төслийн хүрээнд дэд бүтцийг нь барих ажил эхлээд 35 хувьтай явааг Засгийн газраас мэдээлж буй.
Хэрэвзээ энэ төсөл хугацаандаа ашиглалтад орж чадвал Монгол Улс шатахуунаа өөрөө үйлдвэрлэдэг болно. Дэлхийн зах зээл гэхээсээ илүү Оросоос 90 хувь хамаардаг стратегийн энэ салбарт Москва найтаах төдийд Монгол “хэвтэрт ортлоо” хүндэрдэг асуудал эцэслэгдэх юм. Төсөл хэрэгжсэнээр Орос руу гардаг нэг тэрбум ам.доллар Монголд үлдэнэ.
Монголчуудын 60 жилийн мөрөөдөл, анхны Ерөнхийлөгч П.Очирбат ганган цагаан дээлээ мялааснаас хойш тоолвол ямартай ч 15 засгийн нүүр үзсэн төсөл юм.
У.Хүрэлсүхийн 365 хоногт шийдсэн төслүүдийн нэг нь Цэвэрлэх байгууламжийн шинэчлэлт. Улаанбаатарыг хэцүүхэн сүрчигтэй, дэлхийн хамгийн том жорлон болоход хүргэсэн цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийг Хятадын Засгийн газрын 300 сая ам.доллараар хийх тохироо У.Хүрэлсүх урд хөршид айлчилж байх үед шийгдэгдсэнийг нь үгүйсгэх аргагүй билээ.
Дээр өнгөрсөн нэг жилд Тавантолгойг улс төрийн гацаанаас гаргаж, IPO-г нь Хонконг, Нью-Йоркийн хөрөнгийн биржээр арилжаалах асуудал өнөөдөр ид яригдаж байгаа.
Улс төрөө даахгүй унаж, бүдэрч ирсэн Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах улс төрийн эрхийг парламентаас гаргуулж авсан Ерөнхий сайд бол У.Хүрэлсүх. Өмнө нь парламентынхаа барьцаанд ороод Засгийн газар нь төслөө үзэглэхийн даваан дээр хөрөнгө оруулагчдаа хоосон буцааж байсан ч тохиодол ч бий.
Засаг болгон алдаа, оноотой. Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн нэг жилд “эхлүүллээ, хөдөлгөлөө” гэх гурван том төсөлтэй болжээ. Гацаанаас ч, гараанаас ч гарсан эдгээр төслүүдээ барианд оруулаасай гэдэг асар их хүлээлт нийгэмд байна.