Ц.Нямдорж: ЗТХЯ-нд гарсан хэргийг нэг бүрчлэн шалгах, шаардлага бий

Хуучирсан мэдээ: 2018.10.04-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: ЗТХЯ-нд гарсан хэргийг нэг бүрчлэн шалгах, шаардлага бий

Ц.Нямдорж: ЗТХЯ-нд гарсан хэргийг нэг бүрчлэн шалгах, шаардлага бий

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын зарим гишүүд Зам тээврийн, хөгжлийн яаманд гарсан хэргийн зарим нотлох баримт бүхий бичлэг алдагдсан, энэ хэрэг золгүй явдал мэтээр ойлгогдож, шийдэгдэх гэж байна гэх зүйлийг хэлсэн. Тиймээс энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос зарим зүйлийг тодрууллаа.


-Зарим гишүүдийн зүгээс Зам тээврийн, хөгжлийн яаманд гарсан хэргийн талаар ноцтой асуудлуудыг чуулганы хуралдааны үеэр хэллээ. Та энэ хэргийн талаар мэдээлэл өгөөч?

-Асуудал ярьж байгаа гишүүдээс асуусан нь дээр. Одоохондоо прокурор хянаад, цагдаа шалгаж дуусах шатруугаа явж байгаа байх. Хохирогчийн ар гэр надад өргөдөл өгч, бас уулзсан. Түүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагад өгч, нэг бүрчлэн шалгах анхаарал татсан асуудал байна гэж хэлсэн. Прокурортой ярьж, хэргээ гүйцэд шалгах сайн хүн, чадвартай хүн гаргаж, шалгаарай. Түүний дараа доод шатанд шалгагдаж байсан хэрэг Мөрдөн байцаах алба руу шилжсэн. Гишүүдийн яриад байгаа зарим асуудлыг шалгах асуудал бий. Би одоо нотлох баримт алга болсон эсэхийг ярих дэмий, шалгалтыг төөрүүлэх асуудалтай.

-Хэргийн зүйл ангийг өөрчилсөн гэх зүйл бас яриад байсан?

-Зүйл ангийн хувьд цагдаа, прокурорын байгууллага мэдэх асуудал. Нэг зүйлийг хэлэхэд, Эрүүгийн хэрэг дээр ширхэг дараалан шийдвэр гаргадаг байгууллага бол прокурор. Бүх эрх мэдэл нь прокурорт бий. Цаашид ийм асуудлыг прокуророос асуух ёстой. Ер нь гэмт хэргийн нууц гэж зүйл бий, нууц алдагдахад хэрэг төөрөх асуудал бий болох тохиолдол бий.

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудал дээр дээд шүүх шийдвэрээ гаргасан. Шүүхийн шийдвэрүүд зөрүүтэй гарсанд та тайлбар өгөөч?

-УИХ-ын шийдвэр Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр хэвээрээ байгаа. Хамгийн дээд шийдвэр нь хүчинтэй байж байгаа шүү дээ. Засгийн газрынхаа гаргах шийдвэрийг шүүхээр шийдсэн бол Засгийн газар энэ асуудлаа дахиад авч үзэх хэрэгтэй. Сая шүүхийн шийдвэрүүдийг гаргахдаа ашиг сонирхлын зөрчилтэй шүүгч нар шүүсэн. Би энэ талаар олон удаа хэлж байгаа. Одоо төрийн эрх барих дээд байгууллага, Цэцийн шийдвэрүүд хүчин төгөлдөр байгаа.

-34 байгууллага хариуцагчаар татагдсан нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Улсын бүртгэлийн газар хоёр шүүх дээр унасан юм билээ. Давж заалдах уу?

-Дээд шүүхийн ерөнхий шүүгчид Засгийн газрыг төлөөлж орсон хүмүүс дахин асуудал тавих боломжтой. Ийм зүйл болох гээд байсан учраас би энэ асуудлыг маш их ярьсан. Улсаас 100 тэрбум төгрөг Монголбанкнаас гарч байсан нь үнэн шүү дээ.

-51 хувийн асуудлаар хэд хэдэн хүнийг саатуулаад байгаа. Энэ нь гадаад орчинд нөлөөлөх үү. Арбитрын шүүхийн шийдвэр гарсан, 51 хувийг хурааж авах вий гэсэн болгоомжлол байна?

-“Эрдэнэт ” үйлдвэр “Жаст”-ын Ш.Батхүүд батлан даалт гаргасан асуудал яригдаж байгаа. Албан ёсоор Лондонгийн Арбитрын шүүхийн шийдвэр ирээгүй. Стандарт банк, “Эрдэнэт” үйлдвэр хоёрын асуудал уулзалтын шатанд явж байгаа. Эцсийн дүндээ Ш.Батхүүгийн хөрөнгийг хураах хариуцлагын асуудал бий. Энэ хүн хөрөнгөө хаашаа алга болгосон асуудлыг шалгах хэрэгтэй. Ш.Батхүүгийн өмчийг хураасан процесс, Лондонгийн шүүх дээр гарсан маргаан хоёр давхцаад байдаг. Үүнийг маш нарийн шалгах ёстой.

-Ш.Батхүүгийн өр барагдуулах асуудал дээр Засгийн газар ямар оролцоотой байх ёстой вэ?

-“Эрдэнэт” үйлдвэр, Стандарт банк хоёр хоорондын асуудал. Монголын хөрөнгө ийш, тийшээ болж байхад Засгийн газар тоохгүй сууж байж болохгүй. Хүүгийн төлбөр нэмэгдээд байна гэхэд хавар тавдугаар сард Засгийн газарт танилцуулж байсан. АТГ, прокурор хоёр Ш.Батхүүгийн асуудлыг сайн шалгаж, тогтоосны дараа Ш.Батхүүгийн хөрөнгөөр төлөх ёстой.

-Ш.Батхүүгийн хөрөнгийг хэн авсан юм бэ?

-Би мэдэхгүй байна.

-Хуурамч гарын үсгийн асуудал яригдаад байгаа?

-Би мэдэхгүй байна. Ш.Батхүү өөрөө ч ярьсан, хуурамч гарын үсэг байсан гэж хэлсэн.

-С.Зориг агсны хэргийн захиалагчийг шалгаж байгаа гэдэг. Захиалагчийг хэзээ зарлах бол гэсэн хүлээлт олон нийтийн дунд бий. Сая түүний амиа алдсан өдөр тохиолоо шүү дээ?

-Би захиалагч үнэхээр байгаа бол зарла гэдгийг ажил авсан өдрөө хэлсэн. Одоо хүртэл тэр ажлыг нь хянадаг газар нь хийлгэхгүй байна. Би тэр хэргийн талаар анх ярьж байхад Булганыг шүүх хуралд яагаад оролцоогүй байгаа юм бэ гэдгийг мэдээгүй байсан. Цорын ганц гэрчгүйгээр гурван хүнд ял өгнө гэдэг байж болшгүй зүйл. Захиалагчийг Ц.Амгаланбаатар мөрдөн байцаалтын явцад хэлж байсан юм билээ. Гэхдээ би энийг хэрэг үйлдсэн гэдэг утгаар нь бус захиалагч гэсэн хүний нэр хэлээд байхад яагаад шалгаагүй, нүүрэлдүүлээгүй юм бол би гайхаж байгаа.

-Ял авсан гурван хүний ялын дэглэмийг бууруулсан гэсэн мэдээлэл гараад байгаа?

-Буураагүй. 25,20 жилийн ялтай хүмүүсийг ялыг одоо мөрдөж байгаа хуулиар хаалттай хорих ангид эдлүүлэх ёстой. Хуучнаар бол чанга дэглэмтэй гэсэн үг. Гэтэл ял эдлүүлснээс нь хойш гянданд хорьж, хууль зөрчиж байсан юм билээ. Энэ асуудал хөндөгдөж, шийдвэр гүйцэтгэх байгууллага удаан хугацаанд хууль зөрчигдөж байна гэдэг асуудлыг прокурорын  байгууллагад хүсэлт тавьж, одоогийн мөрдөж байгаа хуулиар хаалттай хорих ангид хоригдож байгаа юм.

-Жинхэнэ хэрэгтнүүд биш байна гэж олон улсын байгууллагын дүгнэлт гарсан гэдэг. Энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэнэ гээд байсан?

-УИХ энэ асуудлыг ярих л ёстой. Надад хамгийн их санаа зовж байгаа асуудал бол хэрэг хийгээгүй байж ял эдэлж байгаа явдал. Энэ асуудлаар ярьсан хүн бүрийг дарамталж байгаа.

-Хэргийн зарим материалыг нууцаас гаргасан ч ил тод байдаггүй?

-Нууцаас гаргаад Тагнуулын ерөнхий газрын архивт байгаа.

-Прокурорын байгууллага улстөржсөн мэдэгдэл хийж байна гэж яриад байгаа. Сая Ерөнхийлөгч чуулганы нээлтэнд хэлсэн үгэндээ бас байр сууриа илэрхийлсэн?

-Би Ерөнхийлөгчийн хэлсэн үгийн цаад агуулгыг мэдээгүй байна. Ер нь бол цаашид парламентын засаглалтай явах уу, Ерөнхийлөгчийн засаглалтай явах уу гэдэг асуудал яригдаж байгаа.  Цаашид Ерөнхийлөгчийн засаглал дарангуйллыг бий болгоно, парламентын засаглалтай байна гэж байгаа бол Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодог асуудлыг эргэж авч үзэх ёстой. Парламентын засаглал болохгүй байна гэж үзэж байгаа бол энийгээ л шийдэх хэрэгтэй. Би бол завсарын дунд нь ороод, хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг байна гэж хэлээд олон жил болж байна. Уг нь хоёр их гүрний дунд байгаа, том газар нутагтай, байгалийн баялагтай, цөөн хүн амтай улсын хувьд дарангуйлалд орохгүй байх талаасаа парламентын засаглал нь арай гайгүй. Гэтэл парламентын бүрэлдэхүүн, бүтцээс шалтгаалаад асар их шүүмжлэлд өртөөд амаргүй байдалд оруулчихлаа. Ерөнхийлөгчийн засаглалд шилжих гэхээр маш шуурхай болно. Гэтэл нэг овлигогүй этгээд гарч ирээд бүр дуусгачих вий гэдгээс эмээж байгаа юм. Би хувьдаа энэ хоёрын алинаар нь явахаа ард түмнээсээ асуух хэрэгтэй. Ард түмний саналаар хуулийг нь бичээд шийдчих ёстой. Одоо нэг талдаа гарах хэрэгтэй.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж