Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Хуучирсан мэдээ: 2015.01.13-нд нийтлэгдсэн

Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.01.13/ хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаар Сангийн дэд сайд С.Пүрэв танилцуулсны дараа гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, төсвийн хэмнэлтийг хийх гол газар бол хорих байр, тэр байранд пиг дүүрсэн хоригдлуудад өршөөл үзүүлэх асуудал. Хөнгөн, хүндэвтэр хэрэгт таслагдсан 3000 гаруй хүн шоронд сууж байгаа. Энэ асуудлаа шийдэхгүй байж хүүхдийн мөнгө, одонгийн мөнгө хасах асуудлыг яриад байна. Хуулийн байгууллага, төрийн тусгай албан тушаалд ажиллаж байгаа хүмүүсийн тэтгэвэрт гарахдаа авдаг 36 сарын цалингийн асуудлаар маргаан үүсч эхэллээ. Засгийн газар төрийн албан хаагчдад адил хандаж, тэтгэвэрт гарахдаа авдаг мөнгийг жигдлэе гэдэг санал гаргасныг дэмжиж байгаа. Гэхдээ оруулж ирсэн төсөл их тодорхойгүй байна. Ерөнхий сайд ажилласан жилтэйгээ тэнцүү хэмжээний сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна гэж байсан ч төсөл дээр зөрөөд байна гэж хэлсэн.

Сангийн дэд сайд С.Пүрэв болоод ажлын хэсгээс тодруулж хариулснаар, цалин, тэтгэмжийн хувьд нэгдсэн нэг бодлого барих нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байгаа бөгөөд төрийн албанд хамгийн бага нь 5-10 жил ажилласан байх ёстой гэсэн шаардлагыг тавьсан ажээ. Тэтгэмжийг бодохдоо ажилласан сүүлийн таван жилийн дунджаар тооцьё, ингэхдээ ажилласан жилээр тооцон тэтгэмж олгох хугацааг тогтоохоор тусгасан гэлээ. Өршөөлийн хууль, Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлсэн байснаа буцаан татан авсан бөгөөд удахгүй дахин өргөн барихаар бэлтгэж байгаа гэж ажлын хэсгээс хэллээ. Гэмт хэргийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа ялтны тоог багасгах, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг хорьж шийтгэхийг урьтал болгохгүй гэсэн бодлого барьсан бөгөөд энэ хуулийн төсөл батлагдвал хоригдол, ялтны тоо буурна гэсэн тооцоо гарсан хэмээн Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, хэдэн шүүгч тэтгэвэрт гарах вэ, шүүгчдийн тэтгэвэртээ гарахдаа авах тэтгэмжид хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ гэж лавласан.

2015 онд шүүгчдийн тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжид зарцуулахаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын багцад 1 тэрбум 697 сая төгрөг туссан гэж ажлын хэсгээс хариулсан. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар шүүгчид тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авахаар байгаа бөгөөд 3-6.1 сая төгрөгийн цалинтай анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч тэтгэвэрт гарахдаа 94 орчим сая төгрөг авах аж. Энэ жил анхан, давж заалдах шатны шүүхийн 16 шүүгч, Улсын дээд шүүхийн дөрвөн шүүгч тэтгэвэрт гарах бөгөөд Улсын дээд шүүхийн нэг шүүгч 91-92 сая төгрөгийн тэтгэмж авах тооцоо гарчээ.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Сэлэнгэ аймгийн Мандал суманд прокурорын сургалтын төв байгуулж байгаа нь ямар учиртай юм бэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн таван гишүүн хэдэн төгрөгийн цалин авдаг вэ. Тус бүртээ машин унадаг уу хэмээн асуусан.

Сэлэнгэ аймгийн Мандал суманд Олон улсын прокурорын холбоотой хамтран прокурорын үргэлжилсэн болон давтан сургалт, гэмт хэргийн гаралт, шалтгааныг судлах төвийг байгуулж байгаа хэмээн ажлын хэсэг хариулсан. Прокуроруудыг гадна орчноос тусгаарлан сургалт явуулах зорилгоор Улаанбаатар хотод бус Мандал суманд байгуулж байгаа гэсэн тайлбарыг тэд өгсөн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хувьд 1.4 сая төгрөг, бусад дөрвөн гишүүн 1.3-5.4 сая төгрөгийн цалинтай бөгөөд тус тусдаа албаны унаа унадаг гэсэн хариултыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өглөө.

Гишүүд Хууль зүйн үндэсний хүрээлэнг тойрсон асуудал, төрийн албан хаагчдын гар утасны зардлаас хасах, галт зэвсгийн татвар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорих ангийн үйлдвэрийн төсөвтэй холбоотой асуудлаар нэлээд нухацтай ярилцан, гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Үүний дараа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.12.30-ны өдөр 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, дан шүүгч, прокурор гэлгүй, цэрэг, цагдаагийн ажилтнуудын тэтгэвэрт гарахдаа авах 36 сарын тэтгэмжийн асуудал яригдана. Ер нь 36 сарын тэтгэмжийг алга болгож болохгүй. Тиймээс энэ асуудлыг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хамтад нь нухацтай ярилцах нь зүйтэй гэсэн бол Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, 36 сарын тэтгэмжийг огт байхгүй болгох тухай яригдаагүй. 36 хүртэл сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж гэж өөрчлөхөөр төсөлд тусгасан байгаа хэмээн тодруулж хэлсэн юм. Гишүүд ийнхүү хэлэлцээд Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж