Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив
Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2015.01.13/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дахин өргөн барилаа.
Уг хуулийн төслийг 2015 оны төсвийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн ч Улсын Их Хурлын гишүүдийн олонх нь энэхүү хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж хууль санаачлагчид буцаасан юм.
Харин өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас дахин өргөн барихдаа өрийн тухай төсвийн тусгай шаардлагыг үе шаттайгаар хэрэгжүүлснээр өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн улсын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 2015 онд 60 хувь, 2016 онд 55 хувь, 2017 онд 50 хувь, 2018 оны төсвийн жилээс эхлэн 40 хувь тус тус хэтрүүлэхгүй байхаар өрийн удирдлагыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзсэн байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.