Харүмафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол өнгөрсөн сарын сүүлчээр болж өнгөрсөн. Тэрбээр 2017 оны аравдугаар сарын 26-нд Тоттори хотод өөрөөсөө зиндаа доогуур, нутаг нэгт сумоч Таканоива А.Баасандоржийг гэмтээсэн хэрэгт холбогдож, улмаар өөрийн хүсэлтээр зодог тайлах шийдвэрийг өнгөрөгч оны 11-р сард гаргаж байсан билээ. Харүмафүжи Д.Бямбадорж хэлэхдээ “Таканоиваг гэмтээсэндээ ёкозунагийн хувьд хариуцлага хүлээж, зодог тайлж байгаагаа зарлаж байна. Японы ард түмэн, Японы сумо бөхийн холбоо, намайг дэмждэг бүх хүмүүсээс уучлал гуйж байна” хэмээсэн байдаг. Мөн Тоттори хотын захиргаанаас Харүмафүжиг 500 мянган иенээр торгож байсан. Гэсэн ч Таканоива А.Баасандоржид түүний энэхүү үйлдэл хангалттай санагдахгүй байгаа бололтой. Таканоива А.Баасандорж 2 тэмцээн өнжсөн болон сэтгэл санааны хохирол, эмнэлгийн зардлын болон замын зардлын төлбөр зэрэг шалтгаанаар дахин 30 сая иений нөхөн төлбөрийг шаарджээ. Хэрэв шүүхээс гадуур тохиролцож чадахгүй бол Харүмафүжи аваргыг шүүхэд өгөх гэнэ.Хоёр талын өмгөөлөгчид харилцан тохиролцоонд хүрээгүй учир иргэний шүүхээр уг асуудлыг шийдвэрлэхээр болжээ. Энэхүү мөнгийг Таканоива Баасандорж 2 сарын өмнөөс нэхэмжилсэн байна.
Эх сурвалж: NIKKANSPORT.COM
Н.АМГАЛАНТУУЛ
Холбоотой мэдээ