Эдийн засгийн байнгын хороо төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хойшлууллаа
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.01.13/ хуралдаан 14 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, 5 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Хэлэлцэх асуудлыг баталсны дараа эхлээд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэх асуудлыг хэлэлцэх байсан.
Төсвийн тодотголтой холбогдуулан гишүүд Засгийн газрын ажлын хэсгийн гишүүдээс асуулт асуух болоход Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, Засгийн газраас 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар өргөн барихдаа дагалдуулан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дөрвөн тусгай шаардлагын хоёрт нь өөрчлөлт оруулахаар оруулж ирсэн. Төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг 2015 онд тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувь, улсын нийт өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2015 онд 70 хувь байхаар тооцоолж өргөн барьсан хэдий ч чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн 2/3 саналыг авч чадаагүй. Тодотголыг дагалдуулан оруулж ирсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл олонхийн санал авч чадаагүй тул Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэх боломжгүй юм. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсны дараа тодотголыг хэлэлцье хэмээн горимын санал гаргав.
Гишүүд Н.Батбаяр гишүүний горимын саналын талаар санал солилцсоны эцэст түүний гаргасан горимын саналаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж хэлэлцэхээр төлөвлөсөн Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хойшлуулахаар тогтсон.
Хуралдааны төгсгөлд Хөгжлийн банкны Чингис бондын хөрөнгийн зарцуулалттай холбоотой дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэв.
Уг асуудлаар хуралдаанд оролцсон гишүүд санал нэгдэж ажлын хэсгийг Л.Энх-Амгалан гишүүнээр ахлуулан байгуулахаар шийдвэрлэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.