"Амаргүй цаг үед ачаа авах даалгавар ирлээ" | News.MN - Мэдээллийн эх сурвалж

"Амаргүй цаг үед ачаа авах даалгавар ирлээ"

"Амаргүй цаг үед ачаа авах даалгавар ирлээ"

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Зам, тээврийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг дэвшүүлэхээр болсон.  Түүнийг Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн бол бүлэг нь мөн хуралдаж, дэмжлээ. Сайдад нэр дэвшигчээс байр суурийг нь тодруулахад дараах тайлбар хийлээ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд Ерөнхий сайд миний нэрийг дэвшүүлж, Удирдах зөвлөлийн гишүүд дэмжлээ. Энэ бол намаас надад ирж буй улс төрийн даалгавар юм. Нөгөө талдаа таван салбар харьяалагддаг маш хариуцлагатай яам. Амаргүй цаг үед төрийн ажлын ачаа авах даалгавар ирлээ гэж хүлээж авлаа. Төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан, бид томоохон шинэчлэлийн ажлыг эхлүүлж байгаа. Энэ хүрээнд Монголын төр босго өндөртэй байх зэрэг олон асуудлуудыг цэгцлэх шаардлага байгаа. Энэ асуудалд анхаарч ажиллана. Өмнөх сайдын барьж байсан бодлогыг үргэлжлүүлэх асуудалд бас анхаарч ажиллана гэсэн бодолтой байна. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасны дараа цаашдын бодлого, үйл ажиллагааныхаа талаар ярина.

ЗТХ-ийн сайдад Я.Содбаатарын нэрийг дэвшүүлэв

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад Зам тээврийн хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Я.Содбаатарын нэрийг дэвшүүлэхээр шийджээ.

Удахгүй Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөх юм байна.  УИХ-ын гишүүн Я.Содбаатар нь УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Тэрбээр физикч-инженер мэргэжилтэй.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1997 онд Улаанбаатар их сургууль Физикч-инженер мэргэжлээр
2004 онд Удирдлагын академи тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1997-1999 онд ШУА-ийн харъяа Дулааны техник, үйлдвэрийн экологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
1999-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоонд нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн дарга
2005-2006 онд Үйлдвэр худалдааны сайдын зөвлөх
2006-2008 онд Үйлдвэр худалдааны дэд сайд
2009-2010 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга, дарга
2010-2012 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Ерөнхий сайдын өрөөнд хуралдаж байна. Тус хуралдаанаар Зам тээврийн, хөгжлийн сайдад хэнийг нэр дэвшүүлэхийг хэлэлцэж байна. Сайдад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Я.Содбаатар, Б.Энх-Амгалан нарын нэрсийг оруулахаар МАН-ын бүлгийнхэн дотроо ярилцжээ. Зам тээврийн, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг өнөөдрийн чуулганы хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 13.00 цагт хуралдах болжээ. Уг хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн сайдад санал болгох хүмүүсийн нэрсийг ярих аж.

Удирдах зөвлөл рүү оруулах сунгаанд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Энх-Амгалан, Я.Содбаатар нарын нэрс яригдаж эхэллээ.

Чуулганы өнөөдрийн хуралдаанаас Зам тээврийн хөгжлийн сайдыг чөлөөлсөн. Иймээс хугацаа алдалгүй дараагийн сайдыг томилох нь зүйтэй гэж эрх баригч нам үзсэн бололтой. Эл асуудлыг ирэх долоо хоногт Удирдах зөвлөлөөр хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байсан ч өнөөдөр болгон, шуурхайлуулжээ.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ