Алт шүтсэн эдийн засаг ба “Голланд” сануулга

Хуучирсан мэдээ: 2018.10.04-нд нийтлэгдсэн

Алт шүтсэн эдийн засаг ба “Голланд” сануулга

Алт шүтсэн эдийн засаг ба “Голланд” сануулга

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тодорхойлсноор “Тэрбум ам.долларын салбар”-ын чуулга уулзалт өндөрлөлөө. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан энэ үеэр гурван чухал “мэдээ” хэлсэн. “Үндэсний алт үйлдвэрлэгчдийг төрийн бодлогоор дэмжиж, тулгарч буй хууль эрх зүйн зохицуулалтын шинжтэй хүндрэл бэрхшээлийг төрийн байгууллагууд хамтран шийдвэрлэх нь алтны салбарын хөгжил төдийгүй Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал”, “2008-2009 онд дэлхий даяар нүүрлэсэн санхүүгийн их хямралыг гадаад валютын нөөцтэй улс орнууд даван туулж байсан. Тиймээс Монгол Улсын хувьд ч гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхэд алтны салбар үлэмж чухал гэдгийг дурдаад, тус  үндэсний алт үйлдвэрлэгчдийг төрийн зөв бодлогоор дэмжих нь зайлшгүй чухал”, “Монголбанкны зүгээс  идэвх, санаачлагатай ажилласны дүнд Баянхонгор, Дархан-Уул аймагт Алтны сорьцын лабораторийг байгуулаад буй бөгөөд удахгүй нээлтээ хийх гэж байгаа нь чухал” аж.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар уулзалт, хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Уул уурхайн салбарыг олон тулгууртай болгох зорилтын хүрээнд алтны салбарыг жил бүр тэрбум давсан ам.долларын орлого бүрдүүлдэг, тэрбум долларын салбар болгож, Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилт 2030-д хүрэх нэг тулгуур болгон хөгжүүлэхээр бодлогыг нь томъёолж байгаа” гэсэн юм.

Цаг үеийн нөхцөл байдал “Алт-2” хөтөлбөрийг хүлээлт болгож байгааг харуулсан. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай эхлэлийг нь тавьснаас хойших 30-аад жилийн хугацаанд тус хөтөлбөрийн дүнд 100 тонн алт тушаагдсан байдгаас 70 тонныг нь зөвхөн Заамар сумаас нийлүүлсэн байдаг гэх сонирхолтой мэдээлэл анхаарал татаж байв. Хөтөлбөр одоогоор үргэлжлэх хэрэгжиж байгаа гэх ч алт үйлдвэрлэгчид “зогсонги” байдалд байна хэмээн шүүмжилдэг. Хөтөлбөр хэрэгжсэнээр алтны салбарын хууль эрх зүйн орчин, хариуцлагатай уул уурхай, алтны гарал үүсэл, нөөцийг баталгаажуулах, санхүүжилт зэрэг асуудалд шийдвэрлэх үр дүн гарна гэсэн хүлээлттэй байгаа юм.

Одоогоор улсын хэмжээнд шинээр 8.5 сая га газарт хайгуул явуулж байгаа юм. 2016 онд алтны салбарт 45 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн бол 2017 онд 49 тэрбум ам.доллар, 2018 онд хагас жилийн байдлаар 36 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн үзүүлэлттэй байгаа аж. Мөн алтны шороон ордны нөөц багасч ирэх жилүүдэд нөөц шавхагдах тул  хайгуулын ажлыг үргэлжлүүлж үндсэн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулахын чухлыг форумд оролцогчид анхааруулж байв.

РОЯЛТИЙН ХӨНГӨЛӨЛТИЙН ХУГАЦААГ СУНГАХ УУ

Монгол Улс 2012 оноос Алтны нөөц ашигласны төлбөрийг бууруулж, өсөн нэмэгдэх татварыг нь тэглэсэн. Ингэснээр сүүлийн таван жилд Төв банкны алтны нөөц долоо дахин нэмэгдэж, Монгол Улс гадаад валютын албан нөөцөө өсгөх боломжтой болсон юм. Тэгвэл 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэ хуулийн үйлчлэх хугацаа таван жил буюу 2018 оноор эцэслэх гэж буй юм. Форумын үеэр илэрхийлэгдсэн тоо баримтаар өнгөрсөн наймдугаар сарын байдлаар Төв банк 2.8 тонн худалдаж авсан бөгөөд оны эхний найман сарын байдлаар 12.2 тонн буюу өнгөрсөн оны мөн үеийнхтэй ижил төвшинд хүрээд байгаа аж. Өмнөө тавьсан зорилго нь өмнөх оныхоос 10 хувиар нэмэгдүүлж 22 тоннд хүргэх. Төв банкны зүгээс алтны нөөц ашигласны татварыг 2.5 хувь болгож хөнгөлснийг 2019 оноос сунгах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Энэ нь цаашид алт тушаалтын хэмжээ, гадаад валютын нөөцийн хэмжээ нэмэгдэхэд чухал ач холбогдолтой. Алтны татвар өндөр үед алтны хэмжээ хоёр тонн хүртлээ буурч 20-иод тонн алтаа “далд аргаар” алдаж байсан түүхтэй. Татварын хэмжээг бууруулснаар алт тушаалтын хэмжээ өнгөрсөн онд түүхэн дээд түвшиндээ хүрч байсан билээ.

Харин энэ талаар алт үйлдвэрлэгчид ярихдаа “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд гурван тэрбум төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой бол 25 хувийн татвар авдаг. Энэ бол том дарамт. Мөн лицензийг хүчингүй болгох, байнгын хяналт шалгалтууд төрийн зүгээс үзүүлж буй дарамтын хэлбэрт тооцогдохоор байна” хэмээн ярьж байлаа. Энэ онд Төв банк алт тушаалтаас 700 сая ам.доллар олж гадаад валютын нөөцийг зузаатгахаар төлөвлөсөн аж. Тэгэхээр төрөөс одоо үзүүлж чадах эхний “тусламж” нь роялтийн хөнгөлөлтийг сунгах явдал болоод байна.

“НИНЖА”-ГАА ЯАХ ВЭ?

Сүүлийн таван жилийн хугацаанд валютын ханшийн өсөлтийг тогтворжуулах, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх замаар төгрөгийн ханшийг тогтворжуулах, макро эдийн засгийн тэнцвэрийг хангахад алт чухал үүрэгтэй байв. Харин үүнийг дагаад бидний “нинжа” хэмээн өхөөрддөг хууль бусаар алт олборлогчдын асуудал хөндөгддөг. Энэ удаагийн форумын үеэр орон нутгийн удирдлагууд хууль бусаар алт олборлогчдыг дэмжиж байна гэсэн хардлагаа илэрхийлж байсан. Орон нутгийн удирдлагууд  болохоор өмнө нь олгосон лицензүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай гэсэн байр суурьтай байв.

Одоогоос хоёр жилийн өмнө Перуд хууль бусаар алт олборловол 12 жил шоронд хорино. Эсвэл тус улсын цалингийн доод хэмжээг 50 мянга дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулахаар хуульдаа тусгасан. Мөн Ерөнхийлөгч нь онц байдал зарлаж Амазоны ширэнгэн ой орчимд мөнгөн ус ашиглаж алт олборлож байсан 50 орчим мянган хүнийг цэгцлэх арга хэмжээ авсан байдаг.

Манайд бол ямар ч бичиг баримт, зөвшөөрөлгүй, техник технологи нь шаардлага хангаагүй “бичил алт олборлогчид” буюу “нинжа” нарын баяжих замд хөрс, ус бохирдсон хэвээр байна. Сүүлийн үед тухайн сум, орон нутгийн удирдлагууд “бичил алт олборлогчдоо” нэгтгэн албан ёсны зөвшөөрөлтэй нөхөрлөл болгох, техник технологийг нь боловсронгуй болгох уу, эсвэл үйл ажиллагааг нь зогсоогоод байх уу гэдэг эцсийн шийдлээ олоогүй л байна.

Дашрамд дурдахад хариуцлагатай, томоохон компаниудаас “гол мөрнөө харамлах хөдөлгөөн” гарч, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, үйл ажиллагааг зогсоох бүрт хариуцлагагүй, зөвшөөрөлгүй, татвар төлдөггүй далд аргаар алт олборлогчид хождог. Мөн тэдний алт олборлолтын хэмжээ, алт тушаалт, төлөх татвар зэрэг нь тодорхойгүй байгаа нь ямар нэг дорвитой арга хэмжээ авахыг шаардсан хэвээр байгаа нь улиг боллоо.

Эцэст нь хэлэхэд уул уурхайн бүтээгдэхүүний ханшийн өсөлт, төсвийн орлогыг бүрдүүлэхэд эзлэх байр суурь, манай улсын өрийн хэмжээ зэрэг нь “Эдийн засгийн өсөлт болон байгалийн баялгийн давамгайлал хоёрын хооронд урвуу хамаарал байна” гэх тодорхойлолтыг бодитоор хангаж “Голланд” өвчнөөс эртнээс сэрэмжлэхэд илүүдэхгүйг сануулсаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж