“Сангийн сайд 4.7 их наядыг тараах эрхийг өөртөө авсан байна”

Хуучирсан мэдээ: 2018.10.04-нд нийтлэгдсэн

Live“Сангийн сайд 4.7 их наядыг тараах эрхийг өөртөө авсан байна”

“Сангийн сайд 4.7 их наядыг тараах эрхийг өөртөө авсан байна”
19 : 13
2018-10-4

Д.Эрдэнэбат: Сангийн сайд 4.7 их наядыг тараах эрхийг өөртөө авсан байна

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авснаар өнөөдрийн чуулганыг өндөрлүүллээ.  

Хэлэлцэж буй хуулийн төслүүдтэй холбогдуулан, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Монгол Улсын төсвийг өөдрөгөөр төсөөлсөн тухай хэлсэн бол  Ж.Ганбаатар гишүүн  Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихгүй байна, нэг ч төгрөг суулгасангүй гэдгийг хэлэв. Харин УИХ-ын гишүүн  Б.Баттөмөр Монголын өнөөгийн төрийн тогтолцоо болохгүй байгааг шүүмжилсэн бол Б.Дэлгэрсайхан гишүүн орон нутагт хөрөнгө оруулалт хийж байгаа нь зөв хэмээсэн юм.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

2019 оны Төсвийн тухай хуулийн төсөлтэй танилцлаа. Хэд, хэдэн зүйлийг Сангийн яамнаас асуумаар байна. 2018 оны эцсийн байдлаар төсвийн хүлээгдэж буй орлогоо хэд гэж тооцоолж байгаа вэ. Сонин хэвлэлээр, та бүгдийн өгч буй мэдээллээр бараг 1 их наяд төгрөгийн орлого давж биелнэ гэж ярьж байна. Хэрвээ давж биелэх бол юунд зарцуулахаар төлөвлөж байна вэ.

Хоёрдугаарт төсвийг алдагдалгүй баталж болох бүх боломжит хувилбаруудыг эрэлхийлж, ашиглаж чадсан уу. Өнөөдөр бид 1.9 их наядын алдагдалтай төсөв батлах гээд сууж байна. Төсвийн хүрээний мэдэгдэлдээ багтааж төсвөө төлөвлөж орж ирэх ёстой. Төсвийн хүрээнийхээ өнгөрсөн жил баталсан мэдэгдлийг өөрчилж, шинэчлээд төсвийн нийт зардал, бусад зардал, хөрөнгө оруулалтын зардал гээд бүх зардлуудаа нэмж орж ирж байна. Гуравдугаар асуулт бол, төлбөрийн тэнцэлд 198 тэрбум төгрөгийн гадаад худалдааны алдагдалтай байгаа. Инфляц цаашдаа өсөх магадлалтай, импорт болон зээл өсч байна. Ийм үед төсвөөс хийж байгаа зардал төсвийн тэлэх бодлого явуулж байгаа чинь хэр оновчтой вэ. Ялангуяа хөдөө орон нутаг руу маш их мөнгийг хийж байна. Орон нутагт нийтдээ 681 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх гэж байна. Дээр нь төсвийн хөрөнгөөр хийх гэж байгаа 1.2 их наядын хөрөнгүүд очно. Орон нутагт энэ их хөрөнгө оруулалтыг шингээх хэмжээний бэлэн төсөл хөтөлбөр, боломж бололцоо нь бий юу. Ямар зорилгоор ингэж хийж байна вэ. Ерөнхийдөө та төсвийг боловсруулахдаа ямар зарчим барьсан бэ. Төсвийн орлогыг ирэх жилийнхийгээ бараг 3 их наядаар зөвхөн уул уурхайн экспортын орлогыг төлөвлөсөн байсан. Гэтэл тодорхойгүй нөхцөл байдал бас байна шүү. Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэхгүй байх талтай, нүүрсний үнэ унах магадлалтай гэдгийг шинжээчид хэлж байгаа. Ийм байхад бүсээ чангалах биш илүү тэлэх бодлого баримталж байгаа нь хэр оновчтой вэ.

УИХ-ын гишүүн Сү.Батболд:

2016-2018 онд эдийн засаг бага багаар сэргэж  энэ оны  эхний хагас жилийн байдлаар 6 хувийн өсөлттэй гарч байна. Үүний гол үндэс  нь юу вэ гэж Засгийн газраас асуумаар байна. Миний хувьд энэ талаарх тайлбаруудыг зөндөө сонсдог. Ялангуяа түүхий эдийн үнэ өсөхөөр эдийн засаг нь сэргэчихдэг түүхий эдийн үнэ нь унахаар дагаад буурчихдаг гэж яриад байдаг л даа. Гэтэл амьдрал дээр түүхий эдийн үнэд дорвитой өөрчлөлт ороогүй харин  хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг илүү  алдсан, төсвийн бодлого нь олон ууттай, хариуцлагагүй, тогтворгүй ийм ойлгомжгүй бодлогоор явж ирсэн учраас эдийн засаг уналтад орсон. Харин сүүлийн жилүүдэд манай Засгийн газраас авч хэрэгжүүлсэн ОУВС-тай хийж байгаа хөтөлбөрүүд боломжийн сайн явж байгаа учраас эдийн засаг өөрчлөлтүүд гарч байгаа гэж ойлгож болох уу.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Төсвийг ерөнхий утгаар нь харахаар ирэх жил хэрэглээний үнэ огцом өсч, тансаг хэрэглээ өсч, үйлдвэрлэл явахгүй юм байна. Инфляц өснө. Ханшийг барьж чадахгүй юм байна гэж харагдаж байна. Тиймээс Ч.Хүрэлбаатар сайд төсвөө эргэж харах боломж байхгүй юм уу. Гишүүд өөрсдийнхөө тойрогт юм хийлгэх гээд хөрөнгө оруулалт чинь гурван их наяд руу явчихлаа. Энэ чинь эргээд эдийн засгийг баллахаар харагдаад байна. Өөр нэг тодруулах зүйл байна. Өмнө нь хөтөлбөр төслийн хөрөнгө оруулалтыг сайдуудын багцад нь тавьж өгдөг байсан. Гэтэл энэ төсөвт Сангийн сайд хурааж аваад 4.7 их наяд төгрөгийг тараах эрхийг зөвхөн өөртөө авчихсан байх юм. Энэ ямар учиртай юм. Өөрөөр хэлбэл, Ч.Хүрэлбаатар сайд гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтыг оролцуулаад, нийт хөрөнгө оруулалтын төсвийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг захиран зарцуулах эрхийг өөртөө авчихсан байх юм. Энэ чинь бодлогын яамдуудад очих ёстой. Энэ мэт зүйлүүдийг сайн тодруулж асуухгүй бол энэ төсөв нэг л биш байна гэлээ.

Ажлын цаг дууссан тул чуулганы хуралдааныг өндөрлүүлж, ирэх оны төсвийн хуультай холбоотой асуудлаа маргааш өглөө үргэлжлүүлэхээр боллоо.

16 : 47
2018-10-4

"Азын сугалаагаар цэцэрлэгт ордог асуудлыг цэгцэлнэ"

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд  Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас асуулт асууж байна.

УИХ-ын Л.Болд “Сургууль боловсролын асуудлыг төсөвт хэрхэн тусгасан бэ” гэсэн асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулт өгөхдөө  Засгийн газрын бодлого маш тодорхой байгаа. Гурван ээлжийн сургууль, азын сугалаагаар ордог цэцэрлэгийн асуудлыг цэгцлэхэд 2019 онд анхаарна. Нийтдээ 117 сургууль барина. Үүнээс 46 сургуулийн барилгын ажил нь эхэлж байна. Нийт 143 цэцэрлэг, үүнээс шинэ 57, нийт дотуур байр 34 үүнээс 24 нь шинэ, спорт заал 34. Энэ бүхэн хүүхдийн сурч боловсрох аюулгүй байдлыг бүрдүүлэхэд нэн чухал шаардлагатай зүйл гэж үзэж байгаа. Мэдээж бүх асуудлыг нэг амьсгаагаар шийдэх боломжгүй учраас бид асуудлыг эрэмбэ дарааллаар хэрэгжүүлж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

2016 оноос хойш эдийн засгийн өсөлт тодорхой хэмжээгээр нэмэгдэж өр төлбөрийг барагдуулах ажлууд  тодорхой үе шаттайгаар хийгдэж байгаа. Бага ч гэсэн хэмжээгээр бид цалин хөлсөө нэмэгдүүлэх зэрэг нааштай өөрчлөлтүүд гарч байгааг үгүйсгэхгүй. Ирэх онд эдийн засгийн үзүүлэлт нааштай гарахаар төлөвлөгдсөн байна. Ирэх жилийн төсөвтэй танилцаад үзэхэд, зарим асуудлыг тодруулж асуумаар байна. Нэгдүгээрт ирэх жилийн төсөв Монгол Улсын хөгжлийн бодлоготой хэр уялдсан бэ. Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх маш олон хуудас бүхий баримт бичгүүдийг УИХ-аас баталсан байдаг. Харамсалтай нь эдгээрийг хэр тусгаж байна вэ гэдэг нь тун бүрхэг байгаа, сайдаа. Энэ асуудалд та тодорхой хариулт өгнө үү. Бидний үйлдвэрлэсэн цаас хангалттай байгаа шүү. Цаашид дахин цаг хугацаа, мөнгө цаас үрэх шаардлага байгаа үгүй эсэхээ эргэж хараарай гэж хэлмээр байна. Эдийн засгийн сууриа өргөжүүлэх бусад эх үүсвэрээс орлогоо бүрдүүлье гэж бид их ярьдаг.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар :

2019 оны төсвийг боловсруулахдаа бид улсынхаа эдийн засгийг цаашдаа хөгжүүлэх, тогтвортой байдлыг нь хангах, хөрөнгө оруулалт орж ирэх таатай орчныг бүрдүүлэх зэрэг бодлогуудыг анхаарч тусгасан. Хөрөнгө мөнгө нь хязгаарлагдмал учраас шийдэх асуудлуудын хамгийн эхэнд утаа, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг эрэмбэлсэн.  Хөрөнгө оруулалтын бодлогыг тарааж байснаас жилдээ нэг, хоёр том асуудлыг барьж авах нь зүйтэй гэж үзсэн. Эдийн засгаа өргөжүүлэхэд уул уурхайгаас гадна бусад салбаруудыг хөгжүүлэх чиглэлд анхаарах ёстой гэдэг Д.Оюунхорол гишүүнтэй санал нийлж байна. Аялал жуулчлалын салбараа зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай байгаа.Улаанбаатар хотыг Засгийн газар онцгойлон дэмжиж байгаа гэдгийг хэлмээр байна. Улаанбаатарыг хотын иргэдийг цэвэр усаар хангах хангамжийн асуудал шийдэгдсэн.  

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Эдийн засгийн үндсэн үзүүлэлтэд ахиц дэвшил гарсан нь үнэн. Эдийн засаг өссөн. Төсвийн алдагдал багассан. Өрийн дарамт буурч байгаа зэрэг таатай орчин бүрдэж байгаа. Эдийн засгийн өсөлт, төсвийн алдагдал, өрийн дарамт гэсэн эдгээр гол үзүүлэлт 2019 оны төсөвт өмнөх оны төсвөөс сайжирч орж ирсэн. Энэ бүхэн нэг өдөр бий болоогүй. Зөв бодлого шийдвэр явуулсны үр дүн богино хугацаанд гарч байгааг бид бүхэн харж байгаа. Цаашид бидний хамгийн гол анхаарах ёстой асуудал бол эдийн засгийн өсөлтөө энэ хэвээр тогтвортой яаж авч ард түмэндээ хүртээмжийг нь бий болгох уу гэдэг асуудал. 2019 оны төсөвт төсвийнхөө зарлагыг 3.2 их наяд төгрөгөөр оруулж ирсэн. Том асуудлуудаа шийдэхийн тулд зоригтой оруулж ирсэн гэж харж байгаа. Сүүлийн хэдэн жилүүдэд  төсөв өөрийнхөө бололцоогоор хөрөнгө оруулалтаа шийдэж байсан төсвийг би анх удаа харж байна. 720 тэрбум төгрөгтэй тэнцэх санхүүжилтээр цалин тэтгэврээ нэмэх асуудлыг шийдвэрлэх төсвийг бид сүүлийн зургаан жил яриагүй. Энэ бол бодитой үнэн зүйл. Бид өрийн дарамт гэж маш их ярьж байгаа. 2019-2020 оны төсвийн хүрээний төсөөлөлд Засгийн газрын өрийг өнөөгийн үнэ цэнээр 25.4 их наяд төгрөг гэж ярьж байсан. Тэгвэл өнөөдөр бидний хэлэлцэж буй төсөвт өрийн дарамт 19.5 их наяд төгрөг буюу даруй 6 их наяд төгрөгөөр Засгийн газрын өрийг багасгасан гэдэг нь том шийдвэр шүү. Биднээс шалтгаалахгүй валютын ханшийн эрсдэл, инфляцын эрсдэлүүдийг 2019 оны төсөвт хэрхэн тусгасан бэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Ирээдүйд бий болох эрсдэлүүдийг бид нэлээн олон талаас нь авч  ярилцсан. Бидэнд алдаа хийх эрх байхгүй. Хэтэрхий өөдрөгөөр хардаг, эсвэл зардлаа тэлдэг, болох байлгүй дээ гэсэн сэтгэлийн тооцооллоор бус  цаасан дээрх тооцооллоос зөрж асуудалд хандахгүй байхыг хичээсэн. Гэхдээ бодит нөхцөл байдлаа бүрэн дайчилж ажиллах  ёстой гэсэн зарчмаар хандаж 2019 оны төсвийг боловсруулсан. Хамгийн их санаа зовоож байгаа асуудал бол дэлхийн нийтэд болж буй валютын ханшийн эрсдэл. Биднээс үл хамаарах эдийн засгийн эрсдэл эдийн засагт сөрөг нөлөө авчрах тал бий. Тиймээс орлогыг тооцохдоо нэлээд чанга тооцсон. Тухайлбал зэсийн үнийг 6200 төгрөгөөр оруулж ирсэн. Нүүрс, алтны үнийн судалгааг мөн ялгаагүй нэлээд олон талаас авч үзсэн.

15 : 38
2018-10-4

Чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ

Пүрэв гаригийн үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Монгол Улсын 2019 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 9 их наяд 676.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 27.4 хувь, нийт зарлагыг 11 их наяд 589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг -1 их наяд 913.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -5.4 хувь байхаар тооцсон байна.

Ирэх онд Засгийн газар эдийн засгийг тогтвортой өсөлтөөр хангаж, төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

Төсвийн зарлагын реформыг хийхдээ төсвийн тэгш бус хуваарилалтыг арилгах, ил тод болгох, агаарын бохирдлыг бууруулах бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, эмнэлгийн бие даасан байдлыг хангаж, санхүүжилтийн тогтолцоог зөв болгох, өрх, сумын эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг эрс сайжруулах, малыг эрүүлжүүлж махны экспортыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, цалингийн зардлыг үр ашигтай зарцуулах, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үр ашгийг сайжруулах, гадаадын хөнгөлөлттэй зээлийг эдийн засаг, нийгмийн үр ашигтай төсөлд зарцуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм байна.

Засгийн газар Хүний хөгжил сангаас дамжин ирсэн 1 их наяд 71.9 тэрбум төгрөгийн өрийг барагдуулж, улмаар Ирээдүйн өв санд 2019 онд 553.1 тэрбум төгрөг, цаашид жил бүр 1.0 их наяд гаруй төгрөгийг хуримтлуулахаар тооцжээ.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд  Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас асуулт асууж байна.

13 : 31
2018-10-4

“Н.Учрал гишүүн удаа дараа манай яам руу дайрч байгаа”

Chuulgan amarzaya uchral temuulen

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

2016 оны сонгуульд  оролцохдоо МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр гэж бий. Үүнд хариуцлагатай, ил тод төвийн бодлого хэрэгжүүлнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Үүнийгээ хэрхэн тусгасан бэ. Өмнө нь асуудал гарсан. Нэгдсэн төсвөөс гадуур олон төсөвтэй байсан. Дур дураараа хөрөнгө мөнгө зарсан. Өмнөх Засгийн газрын хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, зээлийн зарцуулалтыг дүгнэх зорилт хэр хэрэгжиж байна вэ. Зээлийн зарцуулалтыг хянаж төсвийн хэмнэлтэд шилжинэ гэсэн энэ асуудал юу болж байна вэ. Мөн шаардлагагүй төрийн албуудыг нэгтгэх, оновчтой зохион байгуулалт хийх замаар төсвийн зарлагыг хянана гэж амласан. Төсвийн хэмнэлтийн горимд ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Засгийн газар иргэдийн  төсөв гэдгийг бий болгож эхэлсэн. Монгол Улсын төсөв бол татвар төлөгчдийн мөнгө. Татвар төлөгчдийн мөнгө хамгийн үр ашигтай зарцуулагдаж байх ёстой. Тийм учраас төсвийг хариуцлагжуулахын тулд мэдээллийг ил тод хүргэж байгаа. Төсвийн тодотгол хийхгүй гэдгийг бид хатуу баримталсан. Гишүүд сайн дэмжиж өгсөнд баярлаж байгаа. Төсөв тодотголын дор бөөн зардал нэмэгддэг байсан. Чингис бондоос авсан зээлүүдийг Сангийн яам дээр бус Хөгжлийн банкинд шилжсэн байгаа. Өмнөх зээлүүдийн асуудлыг хэдийгээр Хөгжлийн банк хариуцсан ч гэсэн  Сангийн яам  ч хойноос нь явна. У.Хүрэлсүхийн Засгийн газар гадаадаас арилжааны нөхцөлтэй өндөр  хүүтэй нэг ч ам.долларын зээл аваагүй.  2019 оны төсвийг оруулж ирэхдээ бид зээл авч төсвийн алдагдлыг нөхөхгүй зарчмаар явна гэдгийг хатуу баримталж байгаа.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

2019 оны төсөв чамбай болсон гэж ойлгож байгаа. Гэхдээ төсөвт мөнгө суугаад зарцуулагдахгүй байгааг яах вэ гэдэг асуудал тулгарч байна. Өнгөрсөн оны төсөвт суусан ажлууд тендерийн асуудлаас болж өнөөдрийг хүртэл царцаж байгаа асуудлын хариуцлагыг хэн хүлээх  вэ. Ер нь яамдууд тендер зарладаг байх юм уу. Өнгөрсөн жилийн төсөв хэлэлцэх үеэр орон нутаг, дүүрэг, нийслэлд тендерийн ажлыг шилжүүлнэ гэж  энэ асуудлыг хөндөж ярь байсан. Гэтэл сайд нар нь хав дараад суучихдаг. Үүний цаана газрын хэдэн дарга нар нь ажил явуулдаггүй. Жишээ нь өнөөдөр миний тойрогт гурван ээлжээр хичээллэж байгаагаас олон мянган хүүхэд хохирч байгаа шүү, Боловсролын сайд аа?. Танай яамны хүмүүс ажлаа хийж чадахгүй байна.  Төсөв батлагдангуут нэгдүгээр сараас эхлэн тендерийг зохион байгуулж болдоггүй юм уу. Чадахгүй бол чаддаг газруудад нь өгөх хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр 10 сар гарчхаад байхад асуудал хэвээр л  байна. Энэ асуудлаа шийдмээр байна. Төсөвт мөнгө суулгачхаад ажил нь явахгүй байна гэдэг хамгийн харамсалтай . Одоо удахгүй манай нам дүнгээ тавиулна. Нөгөө гурван ээлжээр хичээллэдэг явдлыг хална гэсэн амлалт өнөөдөр хаана байна вэ.  Хөрөнгө оруулалтын ажил хэдэн хувь явж байна вэ. Хоёрдугаарт холбогдох яам нь тендерээ зарлаад байх юм уу,

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  хэрэгжих  636 төслийн гүйцэтгэх сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа есдүгээр сарын 27ны байдлаар 597 төсөлд гүйцэтгэх үйл ажиллагааны сонгон шалгаруулалтын тендер зарлагдсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг даалгаврын дагуу тендер шалгаруулалтын явц, улсын төсвөөс хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын санхүүжилтийн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар сануулж шахаж байгаа. Үүнээс гадна зарим гарч буй хүндрэлүүд байгаа нь үнэн. Зураг төсөл, газрын асуудлаас үүдэлтэй хүндрэл бэрхшээл гарч байгаа. Хэрэв материал нь бүрдсэн бол  Сангийн яам 48 цагийн дотор санхүүжилтийг шилжүүлж байгаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа:

БСШУСЯ-д энэ жил 272 орчим ажил хуваарилагдсанаас  бодит шалтгаанаар хойшлогдож байгаа ажлууд дотор Н.Учрал гишүүний ярьж байгаачлан 62 дугаар сургуулийн асуудал байгаа юм. Анхнаас нь  төлөвлөгөөгүй  явснаас үүдэж таны тойргийн ажил он дамжиж хийгдэхээс өөр аргагүй хүрч байгаа юм. Гурван тэрбум төгрөгөөр компаниуд орохгүй гэдэг шалтгаанаар хойшлогдсон. 2019 онд 6.2 тэрбум төгрөг болж нэмэгдэн орсон. Бодит нөхцөл байдлыг та  мэдсээр байж удаа дараа ингэж хэлж байна. Барилгын ажил гэдэг амаргүй. Н.Учрал гишүүнийг би гайхаж байна. Хууль бол хууль. 3 тэрбум төгрөг гээд улсын төсөвт баталчихсан бол би түүнийг өөрчлөх эрх надад байхгүй. Бид ойлголцож ажиллах арга барил барьж ажиллах нь бидний мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үр дүн.      Энэ салбарт та болон танай гэр бүл холбоотой явдгийн хувьд зөвлөгөө байвал нөхөрсгөөр зөвлөж хамтран ажиллаарай. Зөвшөөрөл авах, лиценз авах болохоороо сайдаа гээд найрсгаар гуйдаг атлаа  юунаас болж ажил гацаж байгааг мэдсээр байж өнөөдөр том том дуугаар ярьдаг үг, үйлдлийн зөрүүгээ анхаармаар байна.

12 : 03
2018-10-4

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

image

Чуулганаар Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хэлэлцлээ.Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өөрийн эрхлэх асуудлын хүрээний салбарт гарсан асуудалтай холбогдуулан ёс зүйн хариуцлага хүлээж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ 2018 оны наймдугаар сарын 12-ны өдөр Ерөнхий сайдад албан ёсоор хүргүүлсэн. Хууль ёсоор Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-аар хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд үг хэлж дууссаны дараа Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэсэн гэсэн томьёоллоор санал хураахад 63 гишүүн оролцож  76.2 хувиар санал дэмжигдлээ. Гишүүдийн олонх нь дэмжсэн учир Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай УИХ-ын тогтоол батлагдсанд тооцлоо.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

11 : 39
2018-10-4

Ж.Мөнхбат: Яаманд гарсан хэрэг бол санаатай, зохион байгуулалттай гэмт хэрэг

Chuulgan (37)

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх эсэх асуудлыг чуулганаар хэлэлцэж байна.

Тогтоолын төслийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа. Тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир уншиж танилцууллаа. Тус байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг хүлээн авч, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзжээ. Мөн тогтоолын төслийн талаарх Ардчилсан намын бүлгийн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат уншиж танилцууллаа.Тэрбээр Төрийн тасралтгүй үйл ажиллагаа доголдож, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын хоорондын үл ойлголцол газар авч, хуулийн хэрэгжилт, төрийн албаны үйл ажиллагаа алдагдаж, ҮАБЗ-ийн гишүүдийн нэгдмэл шийдвэр гаргах гарцгүй болсон нь нийгмийн бухимдлыг өдөөж, төр засгийн нэр хүндийг урьд хожид байгаагүйгээр унагаж байна. 2016 оны сонгуулиар ард иргэдийн саналыг олон том амлалтаар авсан эрх баригч нам дотроо зөрчилдөж, тогтворгүй байдлыг өдөөж байна.
МАН төрийн бодлого, залгамж чанарыг бүрэн алдагдуулж, зөвхөн намын, хувийн явцуу ашиг сонирхолд хөтлөгдөж, хоорондын зөрчил маргаан нь төрд итгэх түмний итгэлийг бүрэн алдагдууллаа.
Төрийн албыг үнэгүйдүүлж, улс төртэй хутгаж, 60 тэрбумаар арилжаалснаас үүдэн төрийн албаны мерит зарчим алдагдаж, үүний хор уршгаар мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөөр хангагдах ёстой төр үнэгүйдэн, бодлогогүй, шийдвэргүй, хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас нийгмийг цочирдуулж, бухимдуулсан асуудлууд шил даран гарсаар байна.
Төрийн бодлого хэрэгжих Засгийн газрын яам агентлаг, төрийн бусад байгууллагуудад улс төржилт хэрээс хэтэрч, архидалт, авлига хавтгайрч, аллага хүртэл гарсан нь энэ төр засагт хариуцлагагүйн зуд нүүрлэсний тод жишээ болж байна. 
Зам Тээврийн Хөгжлийн яамны байранд төрийн өндөр албан тушаалтнууд архидан согтуурч, нэгнийхээ амийг онц хэрцгийгээр бүрэлгэсэн нь Монгол төрийн доройтлын хамгийн том илрэл юм. Энэ асуудалд одоо болтол хэн ч ямар нэгэн тайлбар хийгээгүй. Салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ огцорсон болж харагдсанаар асуудлыг намжаахгүй.
Мөн Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа БНТУ-ын иргэнийг хулгайлсан өдөр тус улсын тусгай үүргийн онгоц “Чингис хаан” ОУНБ-д буусантай давхцаж байгаад одоо хүртэл мөн л хэн ч тайлбар хийгээгүй. Монгол Улсын нутаг дэвсгэрт тусгай үйл ажиллагаа явуулж, хүн хулгайлах оролдлого анх удаа гарсан нь манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, Ардчилсан Үндсэн хуулийг маш ноцтой зөрчсөн үйл явдал боллоо.
Монгол Улсын эдийн засгийн гол ачааг үүрдэг “Эрдэнэт” үйлдвэрийг зээлийн барьцаанд тавьж, Олон улсын арбитрын шүүхээс олон сая ам.долларын өр төлөх шийдвэр гарлаа. Өнөөдөр энэ бүгдэд хариулт өгөх, шийдвэр гаргах төр, засаг алга.
Эрх баригчдад бүгдийг тогтолцоо руу чихэх эрх байхгүй” гэдгийг онцлов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

Талийгаач Гомбосүрэнг ажлын байрандаа архи уудаг мэт  нийгэмд буруу ойлголт өгсөн. Гэтэл бодит байдал огт ийм зүйл болоогүй. Энэ асуудал нэг өдөр үүсээгүй гэдэгтэй Г.Занданшатар сайдтай санал нийлж байна. Энэ бол нэг өдөр, нэг шөнө үүссэн асуудал биш.  Зам тээврийн яаманд болсон аймшигт хэрэг зүгээр нэг золгүй явдал биш, албан тушаалын төлөөх ноцтой гэмт хэрэг болсон. Б.Махбалын талаар мэдээлэл авахад түүний эзэмшил 4-5 компани, ашигт малтмалын лицензтэй, төрсөн хүү нь найман үл хөдлөх хөрөнгөтэй гээд ямар ч их эд хөрөнгөтэй юм бэ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Төрийн яамны байранд ард түмнийг цочроосон аймшигт хэрэг гарлаа. Миний ойлгосноор хэт намчирхал талцалтай шууд холбоотой. Монголд үйл ажиллагаа явуулж буй намуудын үйл ажиллагаатай шууд холбоотой. Мөнгөний хамраалтай болчихсон. Мөнгөтэй хүн байвал түүний хэн байх нь хамаагүй л намдаа авдаг болсноос үүдэж төрийн алба, боловсон хүчинд ийм сөргөөр нөлөөлж байна. Өнөөдөр бусад яам тамгын газар, тэр ч бүү хэл төрийн ордонд биеэ алахад бэлэн ийм л байна. Асуудал ийм байхад улс төрийн намууд бие бие рүүгээ бурууг чихэж суухын оронд дүгнэлт хиймээр байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

Өнөөдөр мэргэжлийн дагуу, ажлаа мэддэг, чаддаг гэж хэлж болохуйц хариуцсан яамаа мэргэжлийн түвшинд сайн удирдаж байсан Ж.Бат-Эрдэнэ сайд ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгч байгаа нь харамсалтай байна. Төрийн албаныхны, яам тамгын газарт байдаг бугшсан байдлын золиос болж ажлаа өгч байна гэж ойлгож байна. Яаманд болсон гэмт хэргийн асуудал бол яамны газар хэлтсийн дарга нарын хоорондын хэрүүл, тэмцэл албан тушаал булаалцалддаг ийм байдлын шууд үр нөлөө. Үүнийг санамсаргүй болсон хэрэг гэж бодож болохгүй. Б.Махбал гэдэг хүн Дорждагвыг газрын даргаар томилох гэж талийгаачийг өрөөндөө 6-7 удаа өрөөндөө  дуудаж дарамталж, АТГ-аас Дорждагвыг газрын даргад тохирохгүй гэж бичиг ирснийг нь сайдаасаа хүртэл нуусан байдаг. Хууль хүчний шударга ёс хаана байна вэ гэж Хуульзүйн сайд Ц.Нямдоржоос асуумаар байна. Энэ хэрэг бол санаатай зохион байгуулалттай гэмт хэргийн бүрэлдэхүүн.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

Салбарт нь асуудал үүсэх юм бол салбарын сайд нь хариуцлага хүлээдэг улстөрийн жишиг тогтож байна. Гишүүдийн хэлсэн үгтэй санал нийлж байна. Дунд шатны удирдах албан тушаалтнуудын эрх мэдлийн төлөөх зөрчилдөөний үр дүн ийм байдалд хүргэж байна.

10 : 39
2018-10-4

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна

Chuulgan (23)

УИХ-ын намрын чуулганы пүрэв гаригийн хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэхийг түр хойшлууллаа.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд

“Өнөөдөр УИХ 75 гишүүнтэйгээр чуулганы хуралдаанаа эхэллээ. Хэнтийн аймгийн иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Үндсэн хууль ноцтой зөрчигдөж байна. Энэ цаг үед Үндсэн хуулийг өөрчлөхийг дайрсан оролдлогууд ч гарч байгаа. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт нийгэмд маш их хор уршиг дагуулж, Үндсэн хуулийг хамгаалах үүрэгтэй цэц Үндсэн хуулийнхаа дагуу хуулиа сахиж ард түмнийхээ эрх ашгийг хамгаалах үндсэн үүргээ биелүүлж чадах эсэх асуудлыг дагуулж байна. Хэнтий аймгийн сонгогчдын эрх ашгийг хэзээ хамгаалж нөхөн сонгуулийг  зохион байгуулах вэ. Энэ асуудлыг бид хамгийн түрүүнд хэлэлцэх ёстой байсан” гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд “Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийг цэцийн дунд суудлын хуралдаанаар хариуцуулж оруулсан цэцийн гишүүн нь хүндэтгэх шалтгаантайгаар  эзгүй байгаа учир уг асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэж өгөөч гэдэг хүсэлт ирсэн. Тиймээс хэлэлцэхийг хойшлууллаа" гэдэг тайлбарыг өгөв.

Үргэлжлүүлэн Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ нь Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх тухай юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж