Хотын соёл иргэдийн ухамсраас шалтгаалан хөгжин цэцэглэдэг. Хотжилтын хувьд байнга л ад үзэгдэн байдаг гэр хорооллын дүр төрхийг өөрчилж, байгаль экологийн талаас нь ч, хүний эрүүл саруул амьдрах орчин нөхцлийг сайжруулахаар төр засгийн зүгээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлсэн ч нийслэлийн хүн амын 58 хувь буюу 216 мянган өрх гэр хороололд түүхий нүүрсээ түлэн амьдарч байна.
Өөрөөр хэлбэл, гэр хорооллыг барилгажуулахгүйгээр хотын хөгжлийн талаар хөндөх боломжгүй юм.
Хотын захиргааг Яармаг орчимд шилжүүлэх болж, барилгын ажил эхэлсэн нь ойр орчмынх нь гэр хорооллыг дахин төлөвлөлтөд хамруулах ажлыг хөдөлгөөнд оруулсан байна. Мөн Хан-Уул дүүргийн тавдугаар хорооны иргэдээс авсан судалгаагаар төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох, 1-9 дүгээр гудамжны айл өрхүүд дахин төлөвлөлтөд хамрагдаж байранд амьдрах хүсэлт гаргажээ. Нийт 229 айл, өрх судалгаанд хамрагдсанаас 184 нэгж талбар буюу 80,3 хувь нь гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
ЯАРМАГ ОРЧМЫН НУТАГ ДЭВСГЭРТ 10.55 ГА ГАЗАРТ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ ХИЙНЭ
НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор нийслэлийн Хан-Уул дүүргийн тавдугаар хороо, Яармаг орчмын нутаг дэвсгэрт 10.55 га газарт гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэхээр болжээ.
Одоогийн байдлаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 1552 нэгж талбарын газрыг чөлөөлөн 16,317 айлын орон сууцны барилга эхлүүлж 5309 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байгааг Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бэлгүтэ хэллээ. Түүний хэлснээр Яармаг орчимд дараах дөрвөн байршилд дахин төлөвлөлтийг хийж буй аж. Тодруулбал, Хан-Уул дүүргийн наймдугаар хороо, Сонсголон орчмын А, Б хэсэгчилсэн талбай, дөрвөн хороо, 34-р сургууль орчмын хэсэгчилсэн талбай, тавдугаар хорооны хэсэгчилсэн талбай нийт 53.5 га газрын 695 нэгж талбар хамарч байна. Төслийн хэрэгжилтийн хувьд дараах байдлаар зохицуулжээ.
ДӨРВӨН ХОРОО ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨД ХАМРАГДЖЭЭ
- ХУД-ийн 8 хороо, Сонсголон орчмын А хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч Ажнай цэгц ХХК
Тус төслийн хэмжээнд 900 айлын орон сууц, 120 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн сургууль барихаар төлөвлөөд байна. Нийт 11,5 га талбай, 223 нэгж талбараас өнөөдрийн байдлаар 7 нэгж талбарын газрыг чөлөөлсөн бөгөөд 144 айлын орон сууцны барилгын ажлыг 20 хувьтайгаар үргэлжлүүлж байна.
- ХУД 8-р хороо, Сонсголон орчмын Б хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч Баярс констракшн ХХК
Тус төслийн хэмжээнд 1265 айлын орон сууц, 150 хүүхдийн цэцэрлэг, 960 хүүхдийн сургууль спорт амралтын төвийн барилга барина. Нийт 15 га талбай, 134 нэгж талбар хамарсан.
- ХУД-ийн 4-р хороо 34-р сургууль орчим хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч ТОСК ТӨҮГ
Тус төслийн хэмжээнд 1806 айлын орон сууц, 120 хүүхдийн цэцэрлэгийн барилга барина. Нийт 16.5 га талбай, 148 нэгж талбараас 14 нэгж талбарын газрыг чөлөөлсөн.
- ХУД-ийн 5-р хороо, Яармаг орчмын хэсэгчилсэн талбай
НИТХ-ын 2018 оны 127 дугаар тогтоолоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршлаар баталж, 229 нэгж талбар бүхий 10.55 га газрыг хамарна. Тус байршилд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.
Төсөл хэрэгжиж эхэлснээр иргэд хоёроос гурван жилийн дараа орон сууцандаа орох юм байна. Ирэх жилээс эдгээр хорооны эхний ээлжийн барилга ашиглалтад орно. Мөн газраа чөлөөлсөн иргэнийг төсөл хэрэгжүүлэгч нь түр орон сууцаар хангах, эсвэл түрээсийг нь төлөх журамтай байдаг бөгөөд төсөл хэрэгжүүлэгч, иргэн хоёрын хоорндын харилцаанд төрөөс оролцохгүй байхаар шийдвэрлэдэг аж.
Бид тус дүүргийн иргэдтэй уулзаж саналыг нь сонссон юм.
И.БАТДОРЖ: Гэр хороололд дэд бүтцийг нь шийдээд өгчих юм бол хаус хороолол хурдан босно. Миний хувьд өмчлөлийн газартаа хаус барих сонирхолтой байгаа. Даанч дэд бүтэц байхгүй учраас байшин бариад ч утаа үйлдвэрлэсэн хэвээр байна. Халуун, хүйтэн ус, цэвэр бохирын асуудлыг шийдсэн байхад гэр хорооллын иргэд одоо байгаа байдлаа хурдан өөрчлөхийг л хүснэ.
О.ЦЭЦЭГМАА: Миний хувьд 0,7 га газартай. Дээр нь өвлийн байшин, граж барьсан. Саяхан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийлгэж, гэрчилгээг нь авсан. Одоо гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хийх хэрэгтэй байна. Манай хороонд гэр хорооллын дэд бүтэц гээд байнга ярьдаг ч ажил хэрэг болж хэрэгждэггүй.
Д.ГАНАА: Манайх байшиндаа шалны халаалттай гурван жил болж байна. Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд жил бүр хамрагдаж байгаа. Шөнийн тарифыг 50 хувь хөнгөлж байхад сардаа 150 мянга орчим төгрөг төлдөг байсан. Гэтэл энэ жил шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааныг 100 хувь хөнгөлж байхад сардаа 180-200 мянган төгрөгийг цахилгааны төлбөрт зарцуулж байна. Уг нь өвөлдөө нүүрс түлэхгүй, утаа гаргахгүй л гэж цахилгаан халаалт тавиулсан. Хөнгөлөлт нэмэгдэх тусам төлөх төлбөр ихсээд байгааг гайхаад байгаа шүү. Төрийн хэрэгжүүлж байгаа энэ мэт ажил хаана, аль шатандаа замхраад байгааг ойлгохгүй л байна.
П.ПҮРЭВСҮРЭН: Гэр хорооллыг барилгажуулна гэж худлаа л яриад байна. Сүүлдээ ч үнэмшихээ байсан. Маш олон жил ярилаа. Газар маань дахин төлөвлөлтөд ороод дулаан байшинд орвол сайнсан.
Бид нараас судалгаа аваад явдаг. Тэгээд таг болдог. Манайх гэхэд том хашаатай, дэд бүтэц татчихвал хаус барихыг хүсэж байна.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн тухай мэдээллийг дүүрэг, хорооноос өгч байна уу. Та энэ тухай хаанаас мэдээлэл авсан бэ?
-Дүүрэг, хорооны ажилчид энэ тухай мэдээлэл өгөөгүй. Харин гэрлийн байцаагчтай хамт явсан нэг хүн мэдээлэл өгсөн. Бидэнд гурван нөхцөл санал болгосон. Гэхдээ тэдгээр саналыг дахин ярилцах хэрэгтэй гэж бодож байна.
-Яагаад?
-Иргэн өөрийнхөө газрыг бүрэн эзэмших эрхтэй. Гэтэл орон сууцаар солино гэхээр бидэнд дөрвөн хана л ногдоно. Тиймээс одоо байгаа газартаа хувийн орон сууц барих нь зөв байх. Бидэнд байгаа ганц баялаг л газар шүү дээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ