Ө.Ганзориг: Хүлээлтээс үүдэж долларын ханш өссөн

Хуучирсан мэдээ: 2018.10.04-нд нийтлэгдсэн

Ө.Ганзориг: Хүлээлтээс үүдэж долларын ханш өссөн

Ө.Ганзориг: Хүлээлтээс үүдэж долларын ханш өссөн

Монголын банкны холбооны ерөнхийлөгч Ө.Ганзоригтой зээлийн хүү, ам.долларын ханшийн талаар ярилцлаа.


-Ам.долларын ханш богино хугацаанд хурдацтай өсч байна. Энэ нь бодит өсөлт мөн үү гэдэг дээр санал зөрөлдөх хүн олон бий. Харин та ханшийн өсөлтөд ямар тайлбар хийх вэ?

-Бид макро эдийн засгийн тоог харах хэрэгтэй. Монголбанкны валютын нөөц нэмэгдсэн. Гадаад худалдааны баланс ашигтай гарсан. Төлбөрийн баланс бага зэрэг алдагдалтай гарсан. Үүнтэй холбоотойгоор ханш тодорхой хэмжээгээр өссөн. Гэхдээ ам.доллар 100 орчим төгрөгөөр өссөн бол 50 хувь нь спекуляци  юм. Спекуляци гэдэг нь бодит эрэлт, нийлүүлэлтийн зөрүү гэхээс илүү хүмүүс ам.долларыг өөртөө цуглуулах, ханш өсөх юм байна гэж болгоомжлох, ханш өснө гэсэн хүлээлт бий болох зэргээс үндэслээд өөрсдөд нь ам.доллар хэрэггүй боловч төгрөгөө ам.доллар болгож байгаа үзэгдлийг хэлж байгаа юм. Бодитой ам.долларын хэрэгцээ шаардлага байхгүй тохиолдолд ханшийн хүлээлттэй холбоотойгоор ам.доллар авч байгаа үзэгдлийг спекуляци гэж нэрлэдэг. Миний харж байгаагаар ханш 100 орчим төгрөгөөр өсөхөд тал хувь нь спекуляци нөлөөлсөн. Тиймээс эдийн засгийн зөв хүлээлтийг иргэдэд өгөх ёстой.

Ер нь бол аливаа юмны үнэ ханш хүлээлт дээр үндэслэдэг. Алт, автомашин, ам.долларын ханш хүлээлт дээр үндэслэдэг эрин зуунд бид амьдарч байна. Энэ хүлээлтийг зөв удирдах ёстой. Тэгэхгүй бол 2016 онд ам.доллар 1900-2700 хүртэл огцом өссөн. 2016 оны арванхоёрдугаар сард ам.доллар 2800 руу дөхөж байсан. Энэ өсөлтийг судалж үзэхэд нэлээд том хэсэг нь спекуляци чанартай байсан. Банкинд байгаа хадгаламжийн 46 хүртэл хувь нь ам.доллар болж хувирсан байсан. Тэгэхээр төгрөгт итгэх хүмүүсийн итгэл суларч, ам.долларыг илүүд үзэж байна. Төр засгийн зүгээс үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлийг хамгаалах үүрэгтэй.

-Дэлхийн зах зээл дээрх ханшийн савлагаа Монголд нөлөөлж байх магадлал бий юу?

-Энэ удаад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй. Гэхдээ шууд бус утгаараа бол нөлөөлдөг. Жишээ нь юанийн ханш ам.долларын эсрэг өсөөд байвал Монголд юанийн ханш төгрөгийн эсрэг өснө. Гэхдээ ам.доллар гэдэг валютын өөрчлөлт бол манайд богино хугацаанд шууд нөлөөлөх нь бага. Бид ам.долларын ханш өслөө гэж ярьдаг ч хамгийн чухал нь ам.доллар биш. Тиймээс харах өнцгөө өөрчилмөөр байна. “Төгрөгийн ханш уналаа, өслөө” гэж яримаар байна. Монгол Улс төгрөгийн ханшаа удирдах ёстой. Төгрөг гэдэг валют чинь чанга валют байх ёстой юу, сул валют байх ёстой юу гэдэг дээр бодлогын түвшинд ажиллах ёстой.

-Монголбанк ам.долларын ханшийг тогтвортой байлгахын тулд 800 сая ам.долларын интервенц хийлээ. Энэ нь эерэг дүн өгөх болов уу?

-Зах зээл дээр ам.долларын эрэлт, нийлүүлэлт байна. Экспортлогчид зэс, нүүрсээ зараад, ам.доллар оруулж ирж байна. Нөгөө талаар автомашин, бараа бүтээгдэхүүнээ импортоор авдаг. Гэсэн ч гадаад худалдааны баланс ашигтай гарсан. Энэ утгаараа ам.долларын ханш өсөх үндэслэлгүй харагдаад байгаа юм. Харин төлбөрийн баланс бага зэрэг алдагдалтай гарсан. Өөрөөр хэлбэл, гадаадаас авсан зээлээ ам.доллараар төлж байгаа нь бага зэрэг алдагдалд оруулсан. Гэхдээ валютын ханшид гол нөлөө үзүүлэгч гадаад худалдааны баланс ашигтай явж байна.

Засгийн газар ам.доллараар авсан бүх өр зээлээ төлж, дуусгах шаардлагагүй гэж би үзэж байна. Бондын өр, төлбөрийг сунгаад явах нь зөв. Монгол Улс бүтээн байгуулалтаа санхүүжүүлэхийн тулд нэмж зээл авч таарах байх. Гол нь хүлээлтээ зөв удирдах хэрэгтэй. Хүмүүст ам.доллар хэрэггүй байхад төгрөгөө ам.доллар болгох үзэгдэл бий болохоос сэргийлэх хэрэгтэй.

-Голомт банк Монголбанкны валютын нөөцийн тодорхой хувийг бүрдүүлдэг. Тэр утгаараа ханшийн өсөлт танай банканд ашигтайгаар нөлөөлөх юм биш үү? 

-Ханшийн савлагаа манай банканд муугаар нөлөөлнө. Яагаад гэвэл манай банкнаас ам.доллараар зээл авсан харилцагч нар бий. Тухайн үед ам.долларын ханш 2000 төгрөгтэй тэнцэж байхад нэг сая ам.долларын зээл авсан харилцагч 2 тэрбум төгрөг төлөх ёстой байсан. Гэтэл одоо 500 сая төгрөг нэмж төлөх болчхоод байна. Энэ хүмүүс яагаад ам.доллараар зээл авч байна вэ гэхээр ам.доллараар олгосон зээлийн хүү бага байдаг. Ханшийн өөрчлөлтөөс болоод зээл муудна. Зээл муудахаар банканд яаж сайн байх вэ дээ.

Үүнээс гадна зарим эдийн засагчид “ам.долларын ханш, өснө, суларна” гэж ярьдаг. Би бол “төгрөгийн ханш өснө, суларна” гэж эсрэгээр нь яримаар байна. Төгрөгийн ханш сулрах нь ашигтай гэж сүүлийн 15, 16 жил эдийн засагчид ярьж байна. Бас зарим нь төгрөгийн ханш сулрах юм бол манай экспортын орлого нэмэгдэнэ гэж ярьдаг. Би үүнтэй өнөөдрийг хүртэл огтхон ч санал нийлдэггүй. Харин ч төгрөгийн ханш чанга байх ёстой, сулрах нь олон талын сөрөг нөлөөтэй. Нэгдүгээрт, ард иргэдийн амьдралд нөлөөлнө. Японд “Приус”-ны үнэ өсөөгүй л байгаа биз дээ. Гэтэл манайд “Приус”-ны үнэ өсөөд байгаа нь төгрөгийн ханш суларч байгаатай холбоотой. Үүнээс гадна Монгол Улс импортлогч орон юм. Тэгэхээр валютын ханшийн өсөлт, төгрөгийн ханшийн сулралт бол ард иргэдийн амьдралд хүнд цохилт болдог. Өмнө нь ам.долларын ханш 1200 төгрөгтэй тэнцэж байхад нэг сая төгрөгийн цалинтай байсан хүний худалдан авах чадвар өнөөдөр муудсан. Хоёрдугаарт, төгрөгийн ханш сулрахад гадаадын хөрөнгө оруулагч орж ирдэггүй. Жишээ нь гадны бизнес эрхлэгч Монголд үйлдвэр байгуулахдаа хоёр сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж бодъё. Ингээд таван жилийн дараа хөрөнгөө татаж авах гэхээр алдагдал хүлээх эрсдэлтэй болдог. Учир нь Монголоос олсон ашгаа ам.доллараар солиулаад гарах гэхээр ханшийн зөрүүнээс алдагдал хүлээдэг. Энэ утгаараа үндэсний мөнгөн тэмдэгт нь суларч байгаа улс руу гадны хөрөнгө оруулагчид орж ирэх дургүй байдаг. Гуравдугаарт, ам.долларын ханш өсч, төгрөгийн ханш суларснаар экспортод эергээр нөлөөлнө гэдэг онол бол Монгол Улсад хэрэгжихгүй. Яагаад гэвэл энэ чинь өөрөө эцсийн бүтээгдэхүүн экспортолдог улс орнуудад зориулсан онол юм. Мэдээж манай уул уурхайн компаниудын орлого төгрөгөөр илэрхийлэхэд нэмэгдэнэ. Харин ам.доллараар илэрхийлэхэд тогтмол тоо л гарна. Ийм үндэслэлээр би төгрөгийн ханшийг байнга чанга байх ёстой гэж үздэг.

-Та зээлийн хүүг бууруулах стратеги төлөвлөгөө боловсруулсан. Гэвч ам.долларын ханш өссөн тул инфляц өсч, зээлийн хүүг бууруулах боломжгүйд хүрэх нь?

-Зээлийн хүүг бууруулахын төлөө бид зүтгэж байгаа. Стратеги төлөвлөгөөг нь гаргаад, УИХ-д өргөн барьсан ч батлахгүй байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монголбанк зөв бодлого хэрэгжүүллээ, банкууд ч хичээж ажилласны дүнд зээлийн хүү хоёр функцээр доошилсон. Харамсалтай нь, одоо төгрөгийн ханшаа алдчих юм бол зээлийн хүүг буурахад сөргөөр нөлөөлнө. Тэгэхээр төгрөгийн ханшийг чангаруулах үүднээс төр засаг яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Монгол Улс уул уурхай, Хятадаас хамааралтай эдийн засагтай болсон. Бүх хүн “эдийн засгаа солонгоруулна” гэж ярьдаг. Урт хугацааны бодлогоор үүнийгээ ажил болгох хэрэгтэй байна. Экспортолдог аж ахуй нэгжийг дэмжмээр байна. Төрөөс аж ахуй нэгжийг дарамтлах байдал хэрээс хэтэрч байна. Элдэв хяналт шалгалт, татвараар дарамтлаад дуусч байна. Богино хугацаанд бол хүлээлтээ удирдах хэрэгтэй. Өөрсдөд нь ам.доллар хэрэггүй байхад аваад байна шүү дээ. Үүнийг болиулмаар байна.

Зээлийн хүүг бууруулах стратеги төлөвлөгөөг одоо болтол УИХ-аар хэлэлцээгүй байна. Энэ төлөвлөгөөг яаралтай баталж, зээлийн хүү бууруулаасай гэсэн хүлээлттэй иргэд байна. Хэрэв төлөвлөгөө батлагдчихвал хамгийн түрүүнд юу хийх вэ?

-Би хамгийн эхлээд хийх ажлаа ярихын өмнө яагаад ийм төлөвлөгөө боловсруулах болсон талаар яримаар байна. Би банкны гүйцэтгэх захирлын ажил авсан даруйдаа харилцагч нарт таатай болон таагүй асуудлыг судалсан. Мэдээж зээлийн хүү өндөр байгаа нь таагүй байна. Жилийн таван хувийн хүүтэй зээл авсан, 20 хувийн хүүтэй зээл авсан иргэдийн аль нь зээлээ төлөх магадлалтай вэ. Таван хувийн зээл авсан иргэн эргэн төлөх магадлал өндөр байна. Иймд би зээлийн өндөр хүүтэй тэмцэх ёстой юм байна гэж үзээд Зээлийн хүүг бууруулах стратеги төлөвлөгөөг боловсруулсан. Энэ төлөвлөгөөний дагуу хийх ёстой 20 гаруй ажил бий. Сангийн яам, Монголбанк, УИХ, Засгийн газар,  Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам гээд бүгд хийх ёстой. Гэхдээ энэ дотроос хөрөнгийн зах зээл, даатгалын салбарыг хөгжүүлэхгүйгээр цаашлах боломжгүй. Яагаад зээлийн хүү өндөр байна вэ гэхээр төгрөгийн ханш суларснаас үүддэг. Үүний дараагийн хоёр дахь том шалтгаан бол санхүүгийн зах зээл хөгжөөгүй байдал юм. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд хөрөнгийн зах зээл, даатгалын салбарыг хөгжүүлэхгүй хаячихсан. Энэ хоёр салбарын үүрэх ёстой ачаа банканд ирдэг. Угтаа бол даатгал, хөрөнгийн зах зээл, банк гурав чинь ижил тэнцүү тулгуур багана байх ёстой. Гэтэл хоёр хөл нь огт байхгүй, ганцхан хөлтэй догонцоод байгаа гэж ойлгох хэрэгтэй. Зээлийн хүүг бууруулна гэхээр “банк” гэж яриад байх юм. Тийм ээ 20 гаруй ажлаас 5,6 нь банкны хийх ёстой ажил мөн. Үлдсэн ажил нь даатгал, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Үүнийг манай эдийн засагчид дутуу хараад байна. Том зургаа харж чадахгүй, санхүүгийн сектор гэдэг дэд бүтцээ харж чадахгүй байна. Дээрээс нь банкууд л зээлийн хүүг тогтоодог мэтээр буруутан хайхаа болих хэрэгтэй.  Хэрэв банк зээлийн хүүг тогтоодог бол Төрийн банкны захирал гарын үсэг зураад л зээлийн хүүг тогтооно биз дээ. Ингэж болохгүй болоод өнөөдрийн нөхцөл байдал үүсээд байна. УИХ-ын индэр дээрээс буруутан хайхын оронд УИХ, Ерөнхий сайд, Монголбанк ажлаа хий. Монгол Улс чөлөөт зах зээлд шилжээд 30 жил өнгөрч байна. Гэтэл өнөөх чөлөөт зах зээл нь яаж ажилладаг талаар ч мэдэхгүй бие биенээ буруутгаад, юм л бол хувийн сектор, баялаг бүтээгчдээ буруутгаад суудаг гаж тогтолцоо руу орчихлоо. Иймд хүн бүр дор дороо хичээцгээе гэж хэлмээр байна.

-Монголбанк бодлогын хүүг хэвээр үлдээсэн. Энэ нь хэр оновчтой шийдвэр байсан бэ?

-Гадаад худалдааны баланс ашигтай гарсан тул валютын ханш тогтворжих байх гэж би хувьдаа хүлээж байна. Гэхдээ мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг буулгах болов уу гэсэн хүлээлт зах зээлд байсан. Гэтэл валютын ханш бага зэрэг савлаад ирэхээр бодлогын хүүг буулгаж чадахгүйд хүрч байна. Цаашид Төв банк бодлогын хүүг өсгөхөөс өөр аргагүйд хүрвэл яах вэ. Дагаад зээлийн хүү өснө гэсэн үг. Зээлийн хүү гэдэг чинь валютын ханшаас хамаарна гэж би нэг жилийн өмнө томьёолсон нь одоо батлагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж