Д.Лүндээжанцан Б.Чимидийн нэрэмжит УИХ-ын шагналын анхны эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2015.01.13-нд нийтлэгдсэн

Д.Лүндээжанцан Б.Чимидийн нэрэмжит УИХ-ын шагналын анхны эзэн боллоо

Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн энэ өдөр /2015.01.13/ төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит Монгол Улсын Их Хурлын шагналын анхны эзнээр Монгол Улсын гавьяат хуульч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан тодорч, Улсын Их Хурлын дарга З.Энхболдоос Өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, мөнгөн урамшууллыг гардан авлаа.

Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслолын арга хэмжээ Төрийн Ёслол хүндэтгэлийн Их танхимд болсон бөгөөд УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа Өргөмжлөлийг уншиж танилцуулсан юм.

Монгол Улсын Их Хурлын даргын 2014 оны 176 тоот захирамжаар батлагдсан “Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох тухай” журам, Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Шагнал олгох тухай” 04 тоот захирамжийг үндэслэн Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Данзангийн Лүндээжанцангийн “Монгол Улс дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт” бүтээлд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч “Бяраагийн Чимидийн нэрэмжит” 2015 оны Монгол Улсын Их Хурлын шагналыг хүртээж ӨРГӨМЖЛӨЛ, Б.Чимидийн дүрс бүхий медаль, мөнгөн урамшуулал олгож буйг Өргөмжлөлд дурджээ.

Ингээд УИХ-ын дарга З.Энхболд Б.Чимидийн нэрэмжит анхны шагналыг гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанд гардуулсны дараа баяр хүргэж үг хэлсэн юм. Тэрбээр, “Өнөөдөр Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ой тохиож байна. Энэ жил бид анх удаа хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламент судлал, Үндсэн хуулийн болон төр эрх зүйн чиглэлээр гарсан үнэ цэнтэй томоохон бүтээлийг хөхиүлэн дэмжих, эрдэмтэн, судлаачдын тоог нэмэгдүүлэх зорилгоор УИХ-ын шагналыг бий болголоо. Энэхүү шагналаа Монгол төрийн нэрт зүтгэлтэн, Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Бяраагийн Чимидийн монгол төрд зүтгэсэн гавьяа зүтгэлийг мөнхжүүлэх зорилгоор бий болгосон юм. Энэ хүний монгол төрийн хууль тогтоох эрх зүйн үндсийг боловсронгуй болгох Үндсэн хуулийн эхийг барихад оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй юм. Тийм ч учраас бид УИХ-ын шагналаа энэ хүний нэрэмжит болголоо.

Энэ жил УИХ-ын Тамгын газарт Д.Лүндаажанцан, И.Дашням, О.Мөнхсайхан, Л.Өлзийсайхан, Д.Гангабаатар нарын эрдэмтэн, судлаачид бүтээлээ ирүүлж доктор, профессор Ч.Энхбаатар ахлагчтай сонгон шалгаруулах баг Д.Лүндээжанцангийн “Монгол Улс дахь төрийн эрх мэдлийн хуваарилалт”, И.Дашнямын “Монгол Улсын төр эрх зүйн түүх” хоёр боть бүтээлийг шалгаруулж УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд ирүүлсэн. УИХ-ын даргын зөвлөлийн гишүүдийн санал хураалтаар Хууль зүйн шинжлэх ухааны доктор профессор Монгол Улсын гавьяат хуульч Д.Лүндээжанцангийн бүтээл шалгарч энэ нэр хүндтэй шагналын анхны медаль, өргөмжлөл, мөнгөн шагналыг авлаа. УИХ-ын анхны шагналыг хүртсэн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанд баяр хүргэж эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье. Мөн энэ шагналын төлөө өрсөлдөж бүтээлээ ирүүлсэн эрдэмтэн судлаачиддаа талархал илэрхийлье. Дараа жил энэ шагналын төлөө өрсөлдөөн улам өргөжиж, улам олон сайн бүтээл төрөх ерөөлийг дэвшүүлж байна” гэлээ.

Түүний дараа Б.Чимидийн нэрэмжит УИХ-ын анхны шагналын эзэн Д.Лүндээжанцан талархлыг үг хэлсэн юм. Тэрбээр, “Би их азтай хүн. 1975 онд Б.Чимид багшаар анх “Шүүх, прокурорын зохион байгуулалт” хичээл, түүнээс хойш дөрвөн ч хичээл заалган гарын шавь нь болсон. Э.Авирмид, Г.Совд гээд алдартай хоёр багшаар хичээл заалгасан. 40 жил хөдөлмөрлөхдөө дангаараа болон хамтаараа туурвисан 20 гаруй ном гаргасан. Тэдгээрийн нэг нь дээрх шагналыг хүртсэн бүтээл билээ.

Б.Чимид багшаар цагаан толгойг нь заалгаад, дараа нь хамтарч ажиллаад, эрдмийнхээ ажлыг удирдуулсан. Багшийнхаа өвийг залган, түүнийг заавраар бичсэн бүтээлээрээ түүний нэрэмжит шагналыг авлаа. Та бүхэндээ баярлалаа” гэж хэлсэн.

Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслолын ажиллагаанд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Л.Цог, М.Энхболд, УИХ-ын гишүүдийн төлөөлөл, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж