Малайзын Холбооны дээд шүүх Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэргийг өнөөдөр хэлэлцэж, гэмт этгээдүүдэд цаазын ял оноосон талаар бид мэдээлсэн. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Н.Батаагаас тодрууллаа.
–Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэргийг Малайзын шүүх шийдвэрлэсэн талаар албан ёсны мэдээлэл ирсэн үү?
-Бангкок дахь элчин сайдын яаманд Малайз улс хамаардаг. Монгол Улсаас Тайландын Бангкокт суугаа Элчин сайд Ч.Баттөмөр холбогдож, шүүх хурал болсон талаар мэдээлсэн. Анхан шатны шүүхээс хоёр цагдаад цаазаар авах ял оноосон. Энэ шийдвэрийг Дээд шүүхээс нь хэрэгсэхгүй болгож хоёр хүнийг сулласан байдаг. Өнөөдөр болсон шүүх хурал бол Холбооны дээд шүүхийн хурал буюу хамгийн эцсийн шийдвэрийг гаргадаг хурал юм. Энэ хурлаар анхан шатны шүүхийн шийдвэр буюу цаазаар авах ял оногдуулахаар шийдвэрлэсэн. Тэгэхээр дахин давж заалдах эрх байхгүй гэсэн үг. Бангконг дахь манай ажилтан Малайзад ажиллаж байгаа. Өөр мэдээлэл ойрын хугацаанд ирэх байх. Өнөөдөр болсон шүүх хурлын шийдвэрийн талаар мэдээлэл ирээгүй байна. Дипломат шугамаар асуудалд ханддаг учраас бараг 14 хоног болдог.
-Цаазын ял авсан гээд байгаа хоёр хүний нэг нь суллагдсан хугацаандаа алга болсон гэдэг шүү дээ. Үнэхээр хоёр хүнд ял оноосон гэдэг нь яаж нотлогдох вэ?
-Бид Бангкокын Гадаад яамнаас албан ёсоор мэдэгдэл хүлээж авсны дараа хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгнө. Бангкокоос Элчин сайд Ч.Баттөмөр шүүх хурал болсныг нотолж мэдээлэл ирүүлсэн. Харин Малайзын талаас дипломат шугамаар мэдээлэл өгөх ёстой.
-Талийгаачийн аав С.Шаарийбуу Гадаад харилцааны яаманд хандсан гэсэн?
-Хандсан. Манай удирдлагуудтай уулзаж, зарим хүсэлт тавьсан. Ямар асуудлаар хүсэлт тавьсныг өөрөөс нь асуусан нь зөв байх. Бидэнд хувь хүний мэдээллийг задруулах эрх байхгүй.
С.ОТГОНСҮРЭН