Марзан дүр төрх, алиа хошин яриагаараа залууст хэдийн танигдсан “UB comedy” клубийн гишүүн Д.Гангатай ярилцлаа.
–Сайн байна уу, та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?
-Сайн байна уу, та бүгдэд энэ өдрийн мэнд хүргэе. Ярилцлагад урьсанд маш их баярлалаа. Намайг хүмүүс таних байх. Айлын том хүү Ганга, ангийн жижиг Ганга, адтай чөтгөр шиг Ганга магадгүй маш “сайн” Гангаар ч юм уу хэ хэ. Би чинь бас Монголын 2 сая дахь иргэн Ганга.
-Та ямар мэргэжилтэй вэ?
–Яг одоо би LendMN гээд хиймэл оюун ухаанд суурилсан санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компанид маркетинг менежерээр ажиллаж байгаа. Үндсэн мэргэжил бол дижитал маркетинг. 2011 онд төгссөнөөсөө хойш анх удаа л энэ мэргэжлээрээ ажиллаж байна. Саяхныг хүртэл Bloomberg телевизэд продюсерээр ажиллаж байлаа.
-Анх сонирхлоороо комеди хийж эхлэхэд ямар байсан бэ. Хэцүү зүйл байв уу?
-Намайг анх стэнд ап комеди гэдэг энэ урсгалд захирал Б.Батбилэг, бас Б.Идэр-Од нар “хөтлөн” оруулж байлаа. Үзэгчдийг инээлгэх нь битгий хэл хүний өмнө гараад илтгэл тавихаас айдаг байсан миний хувьд маш том сорилт болсон. Мэдээж тухайн үед нийгэм ч биднийг хүлээн зөвшөөрөөгүй байсан. Тайзнаас хөөгдөх, элдвээр хэлүүлэх, бүр эд зүйлс шидүүлж явлаа. Тэр болгонд бууж өгөлгүй мөрөөдөлдөө хөтлөгдөөд явж байсан залуус одоо нийгэмд тодорхой байр суурь эзлээд, хэлсэн үг маань олон хүнд хүрдэг болсон нь бахархалтай санагддаг. Мэдээж бидэнд дургүй хүмүүс маш их байгаа. Тэр хүмүүс байгаа учраас стэнд ап урсгал цаашаа хөгжинө гэж боддог шүү. Ялангуяа бид “доллар” биш тул бүх хүнд таалагдах албагүй гэж боддог.
-Хийж буй комедигоороо үзэгчдэд ямар мессеж хүргэхийг зорьдог вэ?
-Манай клубийн гишүүн бүр өөр, өөрийн ярианы стиль, тембртэй болсон. Тухайлбал, манай Содоо дууны авьяасаа хошин яриатайгаа холбосон бол отгон гишүүн Амаржин морь тайлбарлах урлагийг гаргууд эзэмшээд байгаа. Манайхан бүл нэмээд 14-үүлээ болсон.
Бид бүгдийн ярьдаг сэдэв насанд хүрээгүй хүмүүст зориулагдаагүй. Гэхдээ энэ нь бүгд +18 гэсэн үг биш л дээ. Өнөөгийн нийгэмд болж бүтэхгүй байгаа хар бараан асуудлыг хошин маягаар илэрхийлдэг. Гэр бүл, улс төр, нийгмийн аж амьдрал гээд уур уцаар, стресс гээд тэр бүгдийг бид хөнддөг. Гэхдээ хошноор.
Миний хувьд аль болох хүмүүсийн эерэг байх тал дээр болон жендерийн эрх тэгш байдлыг хөндөж ярьдаг.
Нэмээд хэлэхэд бид нарыг дагаад гэж хэлбэл алдас болох байх. Сүүлийн үед Оннц дүмд, +17 гэсэн уран бүтээлүүд гарч, үзэгчдийг байлдан дагуулаад байгаа. Хамгийн сүүлд Оркүүд яг чам шиг гээд уран бүтээл гараад асар их хандалтыг авах болсон. Миний бодлоор иргэд стресс ихтэй байгаагийн шинж гэж ойлгож байгаа. Шүүмжлэлийг ч гэсэн эергээр хүлээгээд авах байх.
-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Зөвхөн минийх ч биш манай бүх гишүүд хувийн ажил, гэр бүлтэй учраас комеди нь өөрөө маш их хэмжээний энерги, цаг зав, нерв шаарддаг. Ер нь бол ачаалал ихтэй байдаг шүү. Хэ хэ.
-Та чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
–Бодоод байсан би их indoor хүн юм байна. Спорт гэвэл сонирхлоороо хөлбөмбөг, скуаш тоглодог. Сүүлийн үед хүчээр ном уншиж өөрийгөө “шагнаж” байгаа.
-Таны амьдралдаа хийж байсан хамгийн сахилгагүй үйлдэл юу вэ?
-Японд ахлах сургуульд байхдаа дургүй байсан багшийнхаа машины яндан руу галын хор цацаад баригдаж, шийтгүүлсэн. Шийтгэлд нь сарын турш багш нарын машиныг угаасан. Одоо бол багштайгаа сайн харилцаатай шүү.
-Хөгжилтэй асуулт асууя. Клубээр хэр их үйлчлүүлдэг вэ?
-Ордог ордог ха ха. Их нь ч хаашаа юм. Стрессээ тайлах шугамаар найз нөхөдтэйгээ ордог. За өөрөөр ч яах гэж орох вэ дээ. Зөөгч нар нь таниад ирэхээр жаахан айдаг шүү.
-Та өөрийгөө царайлаг гэж бодож байсан удаа бий юу?
-Гэнэт гэнэт айхтар асуулт тавиад байх юмаа. Хаха. Хүнд маш олон янзаар харагдах байх л даа. Би өөрөө өөртөө сайхан харагдаж байвал болоо. Надаас царай муутай хүмүүс зөндөө байна. Ер нь царай амьдралд хэр нөлөөтэй юм?
-Гар утсанд тань таны нүцгэн зураг бий юу?
-Байхгүй. Амлаж байна. Өөр хүнийх ч байхгүй байх ёстой.
-Ямар амттанд дуртай вэ?
–Нэг их амттанд дурлаад байдаггүй ч Cheese cake-д их дуртай. Зөвлөхөд Sweet kitchen-ийн Cheese cake надад хамгийн гоё амттай санагдсан.
-Танихгүй эмэгтэй хүний дугаар асууж байсан уу?
-Бүх л залуусын жишгээр асууж байсан. Асууж байсан уу авч байсан уу гэдэг нь харин өөр асуудал болох байхаа.
-Сүүлийн асуулт. Таны мөрөөдөл юу вэ?
–Миний мөрөөдөл наддаа л үлдэг дээ. Гэхдээ бусдын адил том. Эхнээсээ ч биелж эхэлж байгаа. Баярлалаа.
М.БААСАНДЭЛГЭР
Холбоотой мэдээ