Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулжээ
УИХ-ын дарга З.Энхболд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах захирамжийг өнөөдөр гаргажээ. Ажлын хэсэгт ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад оролцож байсан УИХ-ын долоон гишүүнээс гадна МҮАН, ИЗНН-ын гишүүд нийт есөн гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллах аж.
Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, Л.Цог, Л.Болд, Р.Гончигдорж, С.Баярцогт, Н.Батбаяр нар оролцож байжээ.
Сануулахад, УИХ-ын дарга хоёр жилийн өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий эсэхийг судлах ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулан байгуулж байсан юм. Тус ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд эрдэмтэн судлаачдыг оролцуулсан судалгаа хийхэд “Үндсэн хуульд хэсэгчилсэн байдлаар өөрчлөлт оруулах шаардлагатай” гэсэн дүн гарсан. Энэхүү дүгнэлтээ тус ажлын хэсэг УИХ дахь намын бүлгүүдэд өнгөрсөн жил хүргүүлсэн юм.
Г.НАРАН