Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс санаачлан хүүхдийн эрхийг хамгаалах, хүчирхийллийг бууруулах, гэр бүлийг дэмжих хөгжлийн үйлчилгээний хэрэгцээ шаардлага, гарц шийдлийн талаар салбарын эрдэмтэн судлаачид, төрийн болон иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага, иргэдийн төлөөлөлтэй санал солилцох зорилгоор өнөөдөр (2018.10.03) Төрийн ордонд “Хүүхдийн эрх, гэр бүлийн тулгамдсан асуудал-гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Уг хэлэлцүүлэгт УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын эмэгтэй гишүүд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын дээд шүүх, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Үндэсний статистикийн хороо, Цагдаагийн ерөнхий газар болон судлаачид, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцлоо.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Халамжаас хөгжлийн үйлчилгээ рүү, халамжлахаас дэмжлэг рүү” сэдвээр үндсэн илтгэлийг тавьсан юм. Мөн МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн багш, доктор, дэд профессор С.Түмэндэлгэр “Монголын гэр бүлийн өнөөгийн нөхцөл байдал, гэр бүлийн хөгжлийн үйлчилгээний хэрэгцээ” сэдэвт судалгааны үр дүнгийн танилцуулга, “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал, сэтгэл судлаач С.Баасанбат “(1х12) ба (1:27)=???” сэдвээр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх “Хүүхдийн хөгжил хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьж, мэдээлэл өглөө.
Энэхүү хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжүүд нь Гэр бүлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд тусгалаа олж, цаашид гэр бүлийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх боломжийг бүрдүүлэхэд Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлэг анхаарлаа хандуулан ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж: WWW.PARLIAMENT.MN
Холбоотой мэдээ