УИХ дахь Эмэгтэй гишүүдийн санаачилгаа Төрийн ордонд өнөөдөр /2018.10.03/ “Хүүхдийн эрх, гэр бүлийн тулгамдсан асуудал-гарц шийдэл” хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, судалгааны байгууллага болон эмэгтэй гишүүдийн төлөөлөл оролцлоо.
Гэр бүлийн нөхцөл хүүхдийн эрх хэрхэн зөрчигддөг, архи, хүчирхийлэлтэй орчинд өсч байгаа хүүхдүүдийн сэтгэлзүйн болон биед ямар хүндрэлүүд учирч болох, цаашид хууль эрх зүйн ямар зохицуулалт шаардлагатай талаар талууд санал солилцож, байр суурий илэрхийллээ. Юуны түрүүнд Гэр бүлийн тухай хууль буюу нийгмийн суурь хуулиа хурдан баталж, маш сайн зохицуулалтуудыг тусгах ёстой гэж төрийн бус байгууллагын төлөөлөл онцолж байлаа. Нийгмийн суурь хууль нь батлагдаагүй байхад түүнийг дагах хуулиуд нь батлагдаад хэрэгжээд явж байгаа нь буруу, тиймээс гэр бүлийн тухай хуультай болох ёстой гэлээ. Сүүлийн үед нийгмийн олон асуудлаас шалтгаалан архидалт нэмэгдэх болсон гэнэ. “Миносета” нийгэмлэгээс гаргасан судалгаагаар архинаас хамааралтай гэр бүлд өссөн хүүхдүүдийн 50 хувь нь архинаас хамааралтай болдог бол 30 хувь амьдрал дээр гараад мөн л архинаас хамааралтай гэр бүл зохиодог аж. 20 хувь нь л архийг үзэн яддаг гэсэн судалгаа гарчээ. Тиймээс ирээдүйд архинаас хамааралтай, ийм орчныг бий болгохгүйн тулд одооноос архины эмчилгээг үр дүнтэй хийх, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай ч төрийн бус байгууллагын төлөөллүүд хэлж байлаа.
Түүнээс гадна гэр бүлийн хүчирхийлэл, эрх нь зөрчигдөж байгаа хүүхдүүдтэй зөвхөн нийгмийн ажилтнууд хамтран ажилладаг. Гэтэл нийгмийн ажилтны боловсон хүчин дутмаг, мэргэжлийн нийгмийн ажилтан бэлтгэхэд төрийн бодлого чухал байгааг ч дурдлаа. Нийгмийн ажилтнаас гадна мэргэжлийн сэтгэлзүйч нарын ажлын байрыг бий болгох, сургууль, албан байгууллага бүрт сэтгэлзүйчтэй болгох олон улсын туршлагыг ч судалж, нэвтрүүлэх шаардлагатай онцолж байлаа. Нийгмээ эрүүлжүүлэхийн тулд хүмүүсийг лам, бөө дээр очихоос илүү нийгмийн ажилтан, сэтгэлзүйчид очдог тэр хөрсийг нь бэлтгэх төрийн бодлого дутагдаж байна гэдгийг судлаачид хэлж байлаа.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ