Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах аргын цугларалтыг нээж үг хэлэв

Хуучирсан мэдээ: 2018.10.03-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах аргын цугларалтыг нээж үг хэлэв

Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах аргын цугларалтыг нээж үг хэлэв

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалт болон Зэвсэгт хүчний 345 дугаар бригадад Байлдааны туг гардуулах ёслолын ажиллагаа Тавантолгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид зохион байгуулагдаж байна.

/ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний 345 дугаар бригадад Байлдааны туг гардуулсан мэдээг унших/

Дээрх ёслолын арга хэмжээнд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болж буй Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтыг нээж үг хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Монгол Улсынхаа тусгаар тогтнол, батлан хамгаалах үйлсэд гар, сэтгэл нэгдэн хамтран зүтгэж байгаа эрхэм нөхөд өө.

Эрхэм Батлан хамгаалахын сайд аа.

Эрхэм генерал, офицер, ахлагч нар аа.

Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж, эх орон, иргэдийнхээ аюулгүй, амар амгалан байдлыг сахин хамгаалах их үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн та бүхэнтэй нүүр тулан уулзаж, санал бодлоо солилцож байгаадаа баяртай байна.

Монголын төр, ард түмний өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлж, эх орныхоо аюулгүй байдлыг хангахад Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн та бүхний мэдлэг, мэргэжлийн ур чадвар, үлгэр жишээч байдал, ажлын сахилга, хариуцлага, хичээл зүтгэлээс ихээхэн хамаарна гэдгийг энд тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Бид дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд дэлхий дахин, бүс нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжин, идэвхтэй оролцож, цөмийн болон үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэх, олон улсын терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, НҮБ-ын болон олон улсын энхийг дэмжих, сэргээн босгох, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн.

Монгол Улс нь өөрийн аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр, дипломатын аргаар хангах, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг явуулахын зэрэгцээ аливаа гадны цэргийн аюул, занал учраагүй нөхцөлд цэргийн аливаа эвсэл, холбоонд нэгдэхгүй, нутаг дэвсгэр, агаарын орон зайг аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй, гадаадын цэргийн хүчнийг өөрийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй, байрлуулахгүй, дамжин өнгөрүүлэхгүй байх үндсэн зарчмыг баримталсаар ирлээ.

Гадаад улс оронтой байгуулсан цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, урт хугацааны хөтөлбөрөөр зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах, цэргийн мэргэжилтэнг бэлтгэх, олон улсын хамтарсан сургалт, дадлагын үр өгөөжийг нэмэгдүүлэх нь Зэвсэгт хүчний хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулна.

Аливаа улс орны өөрийгөө батлан хамгаалах асуудал нь нэг талаас олон улсын энхийн үйл явц, аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах, нөгөө талаас өөрийн орны аюулгүй байдлыг баталгаажуулах, Зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэх гэж үзэж байна.

Миний бие Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд төрийн цэргийн байгууллагын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг Зэвсэгт хүчнийг байгуулж, бэхжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, УИХ, Засгийн газар, төрийн бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Цэргийн аюулгүй байдлын шинэ орчин, Батлан хамгаалах салбарын хууль тогтоомжид нийцүүлэн Зэвсэгт хүчний байгуулалтын төлөвлөлт, зохион байгуулалтыг шинэчлэхийг цаг үе шаардаж байна.

Зэвсэгт хүчнийг тайван ба дайны байдлын үед ашиглах арга зам, үзэл баримтлалыг тодорхойлсон “Монгол Улсын Төрийн цэргийн номлол” болон “Цэргийн цол олгох журам” зэрэг баримт бичгүүд надаар батлагдахад бэлэн болоод байна.

“Монгол Улсын Төрийн цэргийн номлол”-той уялдуулан Зэвсэгт хүчний стратегийн төлөвлөлтийн баримт бичгүүд, Цэргийн нийтлэг дүрмүүд зэрэг Зэвсэгт хүчний нэн чухал баримт бичгүүдийг боловсруулж, баталгаажуулах ажлыг богино хугацаанд зохион байгуулах үүрэг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын өмнө тавигдаж байна.

Түүнчлэн “Төрийн цэргийн байгууллын хөгжлийн стратеги-2030”, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2016-2020 онд хөгжүүлэх хөтөлбөр” зэрэг төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, Зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэх асуудлыг та бид анхаарлынхаа гадна орхиж болохгүй юм.

Улс орноо хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчин оролцох нь улс орон, Зэвсэгт хүчний хөгжилд түлхэц өгөхөөс гадна залуучуудыг цэргийн алба хаах хугацаандаа ажил, мэргэжилд суралцаж, орлого олж, хуримтлалтай болоход чиглэсэн чухал арга хэмжээ юм. Тиймээс миний бие “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник, хэрэгслийг улс орны бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам”-ыг энэ онд шинэчлэн баталсан.

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулагдах “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг Сайншанд хоттой холбох хүнд даацын авто замын ажлыг Зэвсэгт хүчний замын хээрийн анги гүйцэтгэж байгаа нь улс орныхоо хөгжилд оруулж байгаа томоохон хувь нэмэр гэж үзэж байна. Цаашид Зэвсэгт хүчний анги, салбарууд улс орноо хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчин залуучуудыг эх оронч, үндэсний үзлээр хүмүүжүүлэх, эх орноо батлан хамгаалах мэдлэг боловсрол, бие бялдар, сэтгэл зүйн хувьд төлөвшүүлэх “Оюутан-цэрэг”, “Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал” сургалт болон бусад санаачилгыг дэмжин, идэвхтэй ажиллах шаардлагатай байна.

Мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, бэхжүүлэх төрийн бодлогыг Та бид хамтран хэрэгжүүлж чадна гэдэгт би итгэл төгс байна. Та бүхний эх оронч, бүтээлч санаачилгыг дэмжин ажиллах болно.

Эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж, сахилга, зохион байгуулалтаа бэхжүүлэн, төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө тууштай зүтгэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд уриалж, цаашдын албанд тань их амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол төрийн сүлд ивээх болтугай” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хамтаар Зэвсэгт хүчний 311 дүгээр анги буюу Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төв нь НАТО-гийн боловсрол, сургалтын төвүүдийн сүлжээнд багтдаг юм. Энэ төвүүдэд цэрэг, мэргэжлийн дамжаа, семинар, бага хурал явуулахаас гадна НАТО болон НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах цэргийн болон энгийн алба хаагч, цэргийн багуудад зориулсан хээрийн болон команд-штабын сургуулиудыг зохион байгуулдаг байна.

Эх сурвалж: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж